УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тойрогтоо ажиллалаа
Төв аймгийн Тариалалтын зөвлөгөөн-2022 Баянчандмань суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тариалалтын зөвлөгөөнд Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал оролцсон юм. Энэ үеэр 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ХАА-н салбарын хөгжлийг хангах 400,0 тэрбум төгрөгийн зээлийн багцийг баталсан. Үүнээс газар тариалангийн салбарт 190,0 тэрбум төгрөгийн санхүүжилт, зээлийн асуудал шийдэгдсэн болохыг гишүүн онцолж байлаа.
Мөн Баянчандмань сумын Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Шинэ барилга нь 4050м2 талбай бүхий сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан хөгжим, дуу, бүжгийн бэлтгэлийн заал, үзэгчдийн танхим, ажилчдын өрөө, орон нутаг судлах танхим, номын фондны өрөө, уншлагын танхим зэрэг нийт 15 өрөөтэй.
Үзэгчдийн танхим нь 260 суудалтай их танхим, 70 суудалтай бельтаж бүхий нийт 330 хүний багтаамжтай. Уг барилгыг улсын төсвийн 1,5 тэрбум хөрөнгө оруулалтаар “Мета менежмент” ХХК барьж гүйцэтгэсэн. Шинэ байрны нээлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболдын хамт Соёлын сайдад хүсэлт тавьж 22,5 сая төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Ж.Батжаргал "Хүүхэд багачуудаа соёл урлагийн чиглэлээр төлөвшүүлэх, хөгжүүлэх, орон нутгийн болон үндэсний өв соёлыг нийтийн хүртээл болгох үйл хэрэгт том үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна" хэмээв.
https://www.facebook.com/Batjargal.Jigjids/videos/1415090475617705
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын дэмжлэгээр БШУЯ-аас Төв аймгийн Баян сумын Ерөнхий боловсролын сургууль болон Дотуур байрын тохижилт, үйл ажиллагаанд хэрэгцээтэй байсан 10 ширээ, 40 сандал, 5 багшийн сандал, 10 ширхэг шкафыг шийдвэрлэн хүлээлгэн өгсөн юм.