“Нинжа” нарыг ХАМО гэж нэрлэхээр тогтжээ
2009.10.14

“Нинжа” нарыг ХАМО гэж нэрлэхээр тогтжээ

Ерөнхий сайдын ивээл дор "Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил" үндэсний зөвлөгөөнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөл хамтран өчигдөр зохион байгуулсан билээ.

Энэхүү зөвлөгөөнд хот, хөдөөгийн 120 гаруй иргэд оролцож, бичил уурхайг тойрсон асуудлууд, хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцон, уриалга гаргасан юм.

Зөвлөгөөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Тогтвортой бичил уурхай” төслийн зохицуулагч П.Үржинлхүндэв нар Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар бичил уурхайн эрх зүйн орчны талаар дээрх зөвлөгөөн дээр илтгэл тавьсан бөгөөд сэтгүүлчдэд дараах мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр хүргэсэн юм.

-Байгаль орчинд халгүй, татвар хураамжаа төлөөд олборлосон алтаа улсад тушаагаад үйл ажиллагаагаа явуулах хэлбэрийг л бид хуульчлах гээд байгаа юм. Дэлхийн бусад улс орны туршлагаас харсан ч бичил уурхайн талаар хууль гаргах хэрэгтэй байна. Монголбанк гэхэд л худалдааны төлөөлөгчийн газарт зөвшөөрөл өгөөд алтыг нь худалдаж авдаг механизмыг бий болгож, гар аргаар алт олборлож байгаа иргэдийг бүртгэлжүүлэх хэрэгтэй юм. Бүх хүн бүртгэлтэй бол хариуцлага тооцогдоход хялбар. Мөн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орно.

Гар аргаар алт олборлох нь түр зуурын үзэгдэл биш гэдэг нь дэлхийн сүүлийн 30 жилийн хөгжлийн хандлагаас харагдаж байна. Дэлхий дахины бичил уурхайд яг л манайхтай адилхан сөрөг үр дагавар, нөлөөллүүд байсаар буй гэдгийг олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанаас харж болно. Судалгаанаас үзвэл, бичил уурхайн эргэн тойронд хүчирхийлэл, биеэ үнэлэх, хууль бус явдал газар авч, эрvvл ахуй, хөдөлмөрийн аюулгvй байдал алдагдсаар байгаа нь араасаа олон сөрөг хүчин зүйлийг дагуулж байна.
Гэхдээ эерэг зүйл ч их байгаа. Хөдөө орон нутагт ажлын байр бий болж байна. Хамгийн гол нь ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааг дэмжих гол хэрэгсэл болдог хэмээн олон улсын байгууллагын судалгаагаар тогтоогдсон байдаг. Дэлхийд бичил уурхай эрхэлдэг 100 сая хvн бий . Тиймээс олон улсын хандивлагч байгууллагууд дэлхийн бусад орнуудад энэ салбарыг ядуурлыг бууруулах гол хэрэгсэл болгон ашиглаж, сөрөг үр дагавруудыг арилгах бодлого баримталж байна. Энэ зорилгоор хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төр засгийн бодлогоор дэмжих, төр засгийн болон төрийн бус байгууллагууд, хувиараа алт олборлож буй иргэд,/ нинжа нар/ орон нутгийн засаг захиргааны байгууллага бүгд хүчээ нэгтгэсэн нэг бодлогоор ажиллавал үр дүнд хүрэх юм гэлээ.

Тодруулга:

Судалгаанаас үзвэл, Монголд бичил уурхай эрхлэгчдийн тоо 100 мянгад хvрч байсан удаатай гэнэ. Манай 18 аймгийн 100 орчим цэгт 100 мянган хvн бичил уурхай эрхэлдэг гэсэн тоо байгаа аж. Өвлийн улиралд 35 мянган хvн гар аргаар алт олборлодог аж.

Зөвлөгөөний үеэр “нинжа” хэмээх хувиараа алт олборлогчдыг ХАМО буюу Хувиараа ашигт малтмал олборлогч гэж нэрлэж байхаар тогтжээ. ХАМО нар жилд 4-5 тонн алт олборлодог гэсэн албан бус судалгаа байдаг бөгөөд энэхүү олборлосон алтаа Монголд банкинд тушаалгүйгээр алт хилээр гаргагчдад борлуулах, өөрсдөө хилээр гаргах зэрэг хууль бус үйлдлийг хийсээр байгаа аж.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангагдаагүйгээс болж 128 ХАМО амь насаа алдаад байгаа юм байна.

"Бичил уурхай ба хөдөөгийн хөгжил" үндэсний зөвлөгөөнөөс уриалга, зөвлөмж гаргасан талаар П.Үржинлхүндэв сэтгүүлчдэд танилцууллаа.

Уриалгад, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хувиараа ашигт малтмал олборлогч бүр мөрдлөг болгон ажиллах, байгаль дэлхийн хишгийг хүртэгч хүн бүр унаган төрхөнд нь оруулахад хувь нэмрээ оруулах,
химийн хорт бодисыг алт олборлох үйл ажиллагаанаас шахан зайлуулахад засаг төртэйгөө хамтран ажиллах,
хүн, байгаль орчинд ээлтэй технологийг судлан, нэвтрүүлэхэд хамтрах,
ашигт малтмал олборлох хүнд хөдөлмөрөөс үр хүүхдээ чөлөөлөх,
эх орныхоо эрдэнэсийг эх орныхоо сан хөмрөгт оруулахын төлөө эх оронч, санаачлага гарган Монгол банктай хамтран ажиллах зэрэг 11 зүйл асуудал тусгагдсан байна.

Мөн олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн газрууд, төрийн бус байгууллагууд, Засгийн газар, орон нутгийн төр захиргааны байгууллагуудад хандан уриалга гаргаад байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.