2022.05.04
Ц.Туваан гишүүн Төв аймгийн Баяндэлгэр суманд ажиллалаа
Суманд ажиллах үеэрээ сумын удирдлагуудтай уулзаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан санал солилцлоо. 1968 онд баригдсан сумын эмнэлгийн байр их мууджээ. Иймд эмнэлгийн барилгыг засварлах, шинэ эмнэлэг барих хэрэгцээ бий болсон байна.
Мөн эмнэлэгт эмч, сувилагч, түргэний машин хэрэгтэй байгаа юм байна. Харин сургуульд компьютер, гал тогооны тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа аж. Сумын Тамгын газарт боловсон хүчин тулгамдсан асуудал болжээ. Түүнчлэн сумын захиргааны байр 2012 онд актлагдсан ч одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Өндөр настан Ариунбаяр, Үнэнбаяр, Доржханд гуайнд зочлон ахмадуудынхаа санал, сургааль, захиасыг сонслоо.
Мөн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж хавар, намрын чуулганаар батлагдсан хуулиас танилцуулан, өөрийн ажиллаж байгаа хуулийн төсөл, ажлын хэсгийн талаарх мэдээллийг хүргэж иргэдийн санал сэтгэгдлийг нь сонсов. Уулзалт өдөрлөгийн үеэр сумын эмнэлэгт тусламжийн тэргэнцэр, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр төв замаас сумын төв хүртэлх 2.4км замыг хатуу хучилттай зам болгох, худаг ус нэмж гаргах, газрын маргаантай асуудлыг сумын иргэдэд ээлтэйгээр шийдвэрлэж өгөх зэрэг асуудлыг хөндөж байв. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс бага, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа талаар саналаа хэлж байлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn