"7 сарын 1"-ны хохирогчид Солонгост эмчлүүлэхээр явлаа
2009.10.16

"7 сарын 1"-ны хохирогчид Солонгост эмчлүүлэхээр явлаа

2008 оны 7р сарын нэгний үймээний үеэр буудуулж, шархадсан 2 хохирогч хагалгаанд орж, эмчлүүлэхээр өнөөдөр Солонгос улсыг зорьлоо.


Үймээний үеэр хохирсон нэр бүхий 5 иргэн, буудуулж, эрүүл мэндээрээ хохирсноосоо хойш эрүүл мэндийн болон эдийн засгийн байдал нь өдрөөс өдөрт улам бүр муудаж байгаа тухай хэлж, тусламж дэмжлэг хүсч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, болон Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ц.Оюунгэрэлд хандаад байсан билээ. Зөвлөх Ц.Оюунгэрэл энэ асуудлыг гардан хариуцаж, хохирогчдод шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсний үр дүнд өнөөдөр ийнхүү хохирогчдын хамгийн залуу нь болох Ж.Батзаяа, Э.Энхтөр нар Солонгос улсыг зорьлоо.

Хохирогч Б.Ариунбаатар Ж.Батзаяа, Э.Энхтөр нарыг нарийн мэргэжлийн шинжилгээнд оруулж, оношийг гадаадын эмнэлэгт илгээж, мэргэжлийн дүгнэлт гаргуулах ажлыг 8-р сараас эхэлсэн бөгөөд, Улаанбаатар СонгДо эмнэлэгийн удирдлага, эмч, ажилтнууд гурван өвчтөнд олон төрлийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээг хийж, тэдний дүгнэлтээр Батзаяа, Энхтөр нарыг гадаадад эмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нийт үзлэг шинжилгээ, дүгнэлтийн зардал 1,2 сая төгрөгийн үйлчилгээг Улаанбаатар СонгДо эмнэлэг үнэ төлбөргүй хийж өгч тусаллаа.

Мөн Ж. Батзаяа, Э.Энхтөр нарын Солонгост хагалгаа хийх, хагалгааны хооронд удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хариуцаж хийлгэх тодорхой эмнэлэгийг олж зөвшөөрөл авах, эмчилгээний зардлыг олох асуудлаар, корпорацийнхаа хүрээнд томоохон эмнэлэгүүдтэй Кореан Айр компани, Дусан группийнхэн тус тус туслав. Сөүл хотноо байрлах Дусан группын Жунг Анг Их сургуулийн эмнэлэгт хоёр залууг эмчилэх бөгөөд, эмчилгээний зардлын хагасыг Кореан Айр компани гаргаж, үлдсэн зардлыг Дусан групп өөрийн эмнэлэгийн хүрээнд төлбөрөөс чөлөөлөх замаар шийдвэрлэхээр болсон. (Нийт өртөг 60 мян доллар орчим)

БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайд Д.Гэрэл, БНСУ-д суугаа Монгол улсын өргөмжит консул Лим Ёнгжа нар эмчилгээний зардлыг баталгаажуулах, эмнэлэгт өвчтөн болон сахиурыг байрлуулах, Сөүлд өвчтөнийг очиход тосч угтан, эмнэлэгт хүргэх зэрэгт зуучлал, зохион байгуулалтын шуурхай туслалцаа үзүүлж ажиллалаа. Түүнчлэн, БНСУ-ын Элчин сайдын яам Ерөнхийлөгчийн Тамгын газраас илгээсэн хүсэлтийг хүлээн авч 5 хүний визийг шуурхай гаргаж өгөв.

Монголын Иргэний Агаарын тээврийн МИАТ компани Батзаяа, Энхтөр нарыг Улаанбаатараас Сөүл, Сөүлээс Улаанбаатар хүртэлх нислэгийн тийзийг 100%, тэдгээрийн ар гэрээс тус бүр нэг хүн болон орчуулагчид энгийн суудлаар нисэх тийзийг 50% тус тус хөнгөлж нийт 4,12 сая төгрөг-ийн туслалцаа үзүүллээ.

Түүнчлэн Солонгост эмчилгээ эхлүүлэх, амьдрах газартаа төвхнөхөд зориулсан орчуулгын үйлчилгээг Эрх чөлөө төв ТББ-аас үнэ төлбөргүй үзүүлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.