Прокурорын 80 жилийн ойг тэмдэглэх зардлыг төсөвт тусгахыг хүслээ
2009.10.23

Прокурорын 80 жилийн ойг тэмдэглэх зардлыг төсөвт тусгахыг хүслээ

УИХ-ын гишүүн Х.Жекей, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Одбаяр нар “Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.


Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг 2010 оны наймдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлэх, ойн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдож гарах зардлыг ирэх оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүүлэхийг Засгийн газарт даалгахаар уг тогтоолын төсөлд дурджээ.

Анх Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1930 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор Улсын прокурорын газрыг Шүүх явдлын яаманд харьяалуулан байгуулж, дагаж мөрдөх эрх, үүргийн журмыг баталснаас хойш төрийн байгууллагын бие даасан хэлбэр болон хөгжиж иржээ. Улмаар 1940 онд батлагдсан Үндсэн хуулиар прокурорын байгууллагын үндсэн үүрэг, зорилт, зохион байгуулалтын зарчмыг тодорхойлж, 1976 онд Ардын Их Хурлаас Прокурорын хяналтын хуулийг баталж, тус байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулжээ.

Харин 1992 оны шинэ Үндсэн хуулиар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх шинэ зорилттой уялдуулан тус байгууллагын чиг үүргийг тодорхойлсон нь дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн шинэчлэл болсон байна. УИХ 1999 онд Прокурорын байгууллагын тухай хууль баталж, прокурорын бие даасан, нэгдмэл, төвлөрсөн тогтолцоог бэхжүүлэх, прокурорын чиг үүрэг, үйл ажиллагааны баталгааг хуульчилж өгсөн юм.

Одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын харьяанд 21 аймаг, нийслэл, тээврийн прокурорын газар, найман дүүрэг, найман сум болон сум дундын прокурорын газарт нийт 387 прокурор, захиргаа, үйлчилгээний 365 албан хаагч ажилладаг юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.