2022.07.01
Ж.Батжаргал: Орон нутгийн байгууллагуудын стандартыг хангахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ
УИХ-ын /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Эдийн засгийн яам байгуулсан. Энэ улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэж, цааш нь яаж сайжруулах, юунд анхаарах вэ гэдэг бодлогын чиглэлд төлөвлөлтөө хийх үүрэгтэй байгуулсан. Энэ яам арай өөрөөр ажилламаар байгаа юм. Тэгж байж яригдаад байгаа асуудлуудаасаа гарч, зөв хөгжлийн чиг баримжаагаа авна. Аудитын дүгнэлт, зөвлөмжүүд гарсан байна. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. нэгдүгээрт төсвийн ерөнхий захирагч нар нягтлан бодох бүртгэлийн гэдэг юм уу, төсвийн зэрэг хууль тогтоомжуудаа барьж, хариуцлагатай ажиллах тухай түүнээс хамааралтай 14 нэгж дээр хязгаарлалттай дүгнэлт гарсан байна. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шалгуур, шаардлагыг хангахгүй төлөвлөж байгаатай холбогдуулаад үнэ өртөг өндөржиж, цаг хугацаа хойшилж буй зүйлүүд байна. Үүнийг бид хатуу барьж ажиллах ёстой.
Нийгмийн үйлчилгээний байгууллагууд Монголд өвөрмөцөөр явах ёстой. Анхан шатны байгууллагуудын үйл ажиллагаа сайн байж улс орны хүн амын хөгжлийн асуудал яригдана. Тиймээс сумдын эрүүл мэндийн төв, боловсролын байгууллагуудын стандарт, хангалтыг онцгой анхаарах хэрэгтэй. Сумын эрүүл мэндийн төв тоног төхөөрөмж, бусад зүйл нь дутуу бол тэнд хэн ч үзүүлэхгүй, үйлчилгээний орлого нь бүрдэхгүй, гүйцэтгэлээрээ санхүүжих зүйл гарахгүй.
Тиймээс үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ. Стандарт хангалтыг нь яаж хангах вэ? Аймгийн төв нийслэлд 70-аас дээш гүйцэтгэлтэй байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байр, эрүүл мэндийн төв гээд энэ байгууллагуудын хөрөнгийн асуудлыг энэ онд шийдэж ашиглалтад оруулмаар байна.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.