УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.06\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 2021 оны төсвийн гүйцэтгэл дээр Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд аудитын хийсэн энэ дүгнэлт нилээн сэтгэл зовоосон тоо харагдаад байна. Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангаар 561,2 тэрбум төгрөгийн 635 алдаа илэрч, энэ зөрчил нь өмнөх оны мөн үеийнхээс 192,2 тэрбум төгрөгөөр өссөн. Эрүүл мэндийн даатгалын санд 315 тэрбум төгрөгний алдаа илэрч, өмнөх оны үеэс 56,3 тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын санд 133,1 тэрбум төгрөгийн алдаа илэрч, нийт зөрчил нь өмнөх оны мөн үеэс 97,6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн гэсэн тоон мэдээ гарсан. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийг зориулалтын дагуу, хуулийн дагуу зарцуулж чадаж байгаа юм болов уу гэсэн асуулт үүнээс үүдэн үүсэж байна. Жил дараалан аудитын хязгаарлалттай дүгнэлт аваад буй албан тушаалтан, байгууллагад хэн ямар хариуцлага хүлээлгэх юм бэ? Эрүүл мэндийн салбарын хэтэрсэн өр нь 346,1 тэрбум төгрөг болчихсон байна. Энэ аудитаар илэрсэн санхүүгийн зөрчил нь өмнөх оныхоос нэмэгдээд байгаа нь тус салбарын төсвийн шинэчлэл үр дүнгүй байгааг харуулж байна. Цахим шилжилт, ил тод байдал хангалтгүй, төсвийн зарцуулалтын хяналт сул, үүгээрээ иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгаа юм бэ. Мөн Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг үр нөлөө үзүүлэх нөлөөллийг бууруулах түр хороо байгуулагдсан. УИХ-ын байнгын хороодоор ковидын үед зарцуулсан зарцуулалтын тайланг хэлэлцэх ёстой байсан. 2021 оны зарцуулсан төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж чадаж байгаа юм уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.07.05/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Манай улс нийт ашигт малтмал, эрдэс баялгийн 90 хувийг түүхийгээр нь гадагш борлуулдаг. Үлдсэн 10 хувийг Оюутолгойн зэсийн баяжмал зэрэгт ашигладаг. Өнөөдөр 20 гаруй баяжуулах үйлдвэр сул зогсчихсон. Үүний ард 1500-2000 хүн ажилгүй болсон ийм байдалтай байна. Энэ юунааас болсон бэ гэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үйлдвэрүүд түүхий эдээ авдаг. Тэр нь Амнат төлөгдсөн үнэ шингээж авдаг. Түүнийгээ боловсруулаад гадагш нь борлуулах гэхээр дэлхийн зах зээлийн жишиг үнэ, Амнат гэдэг асуудал үүсдэг. Улс орон гэдэг аливаа зүйлийг боловсруулж нэмүү өртөг бий болгож, ажлын байр нэмэгдүүлж байж өндөр үнээр гадаадын зах зээлд гаргах зорилт тавьж ажилладаг. Энийг боомилсон асуудлууд байна. Тиймээс энэ дээр цаашдаа анхаарах хэрэгтэй. Хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байна уу. Эсвэл "Амнат" тооцож байгаа Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах боломж байна уу?
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгдсэн тайланд аудитын олон улсын стандартын дагуу Монгол улсын хууль тогтоомжид нэгдсэний дагуу хуульд заасан хүрээнд аудитын дүгнэлт гаргуулж хязгаарлалттай санал дүгнэлт авсан байна. Яг ямар байгууллагууд дээр хязгаарлалттай дүгнэлт гарсан бэ. Яамны хэмжээнд юм уу. Байгууллагууд дээр үү. Хязгаарлалттай дүгнэлт авчихсан байхад шинэ сэргэлтийн бодлого явах юм уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2020.07.04/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Аудитын газраас гүйцэтгэлээ шалгаж үзчихээд тодорхой саналуудыг Засгийн газарт, Улсын их хуралд оруулж байна уу. Бид нар төсвөө олон жил алдагдалтай баталлаа. Ингэснээр нэгдүгээрт, өр үүсэж байна. Хоёрдугаарт, хүмүүсээ хэрэглээ тал руу, төр мөнгөтэй юм шиг юм шаарддаг зүйл рүү дасгачихлаа. Энэ тал дээр төсвийн бүтэцдээ өөрчлөлт хийх, олсон орлогынхоо хэмжээнд дараа жилийнхээ төсвийг алдагдалгүй баталдаг байх талаар тодорхой санал, аргачлал дэвшүүлж байгаа юу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Тайланд Ковидод зарцуулсан хөрөнгийн санхүүгийн тайлан багтаж байгаа юу. Яг нэг жилийн өмнө Монгол улсын төсөвт тодотгол хийхдээ эдийн засгийн өсөлтийг 6,5 хувиар төсөөлж байсан. Гүйцэтгэлээр 1,4 гарсан байна. Энд гол юу нөлөөлсөн гэж үзэж байгаа вэ? Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам ямар арга хэмжээ авч зохицуулалт хийж байгаа вэ. Гүйцэтгээр төсвийн алдагдал 2,9 их наяд төгрөг нэмэгдэж гарч байна. Энэ онд үүсэж байгаа бодит хүндрэл дээр тус алдагдал нэмэгдэж байгаа гэж болно. Энэ алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх зохицуулалт хийж байгаа вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өмнөх жилийн санхүүгийн гүйцэтгэлд хийсэн аудитын биелэлт хэр байдаг вэ. Зөрчил арилсан уу. Акт биелсэн үү. Бодлогын зөвлөмжөө хэрэгжүүлсэн үү. Түүний биелэлтийг дараа жилийн санхүүгийн гүйцэтгэлд аудит оруулахдаа давхар ярьмаар байна. Мөн үр дүнгийн аудит хийх ёстой. Гол нь зарцуулж буй мөнгө Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яаж үр дүнтэй хэрэгжүүлсэн байна вэ. Төсвийн нэг төгрөгийг ямар үр ашигтай зарцуулаад улс орны хөгжилд энэ онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд ямар үр дүн авч ирсэн бэ гэдэг дээр үр дүнгийн аудит сонсож баймаар байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.