2022.07.01

С.Чинзориг: Төсөвт байгууллагуудын санхүүжилтийн талаар эргэж харах хэрэгтэй

УИХ-ын  /2020,07,01/ өдрийн чуулганаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Төсөвт байгууллагуудын санхүүжилтийн талаар эргэж харах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын даатгалын сангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж буй байдал, боловсролын салбарын шинэчлэл гээд боловсролын байгууллагуудыг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт гээд явдаг. Орон нутагт ажиллахаар энэ хоёр санхүүжилт амьдрал дээр нийцэхгүй байна.

Энэ 2 санхүүжилтийг аваад үзэхээр төв суурин газар Улаанбаатар хотын эмнэл, сургуулиуд санхүүжилтээ авч болж байна. Харин орон нутаг сумын байгууллагууд  үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байдал үүсээд байна. Ирэх оны төсвөө боловсруулахдаа эрүүл мэндийн байгууллагууд, боловсролын байгууллагуудын санхүүжилтийн асуудлыг авч үзэх хэрэгтэй. Гүйцэтгэл чанар үр дүнд суурилсан санхүүжилтийн систем нь гарааны ижил тэгш нөхцөл байдалгүй үед болохгүй байна. Материаллаг бааз нь бүрдээгүй, багшлах боловсон хүчин, эмч мэргэжилтнүүд дутагдалтай, ижил нөхцөлгүй үед төв суурин газрын сургууль, эмнэлгүүд хамаг санхүүжилтийг авч байна. Үүн дээр анхаарах ёстой.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.