БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн байдлаар 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо
2022.07.21

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өнөөдрийн байдлаар 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар боллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.07.20/ өдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: "Сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн хангамжийг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газрын тогтоолууд гарч, үүний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд бий. Үүнээс нийслэлд 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Энэ хүүхдүүдээс 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Жил бүр 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг. Үүнээс болж сугалаагаар цэцэрлэгт хамруулах асуудал гарч байсан. Тиймээс сугалааны цэцэрлэггүй болгох үүргийг Боловсролын сайдад өгсний дагуу өнгөрсөн гуравдугаар сараас энэ асуудлын шийдлийг олохын тулд зорьж байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 34 мянган хүүхдийн 24 мянга нь 2 настай хүүхдүүд. Бид 3, 4, 5 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн. 2 настай 24 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг олж байна. Гол шийдэл нь өнгөрсөн жилүүдэд сургууль, цэцэрлэг эхлэхэд хамран сургах тойрог зарладаг. Цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг алдааг олсон. Тухайн хамрах сургах тойрогт буй зөвхөн төрийн өмчтэй цэцэрлэгийн багтаамж дээр үндэслэж элсэлт хийдэг учраас үүнээс үүсэж сугалааны цэцэрлэг үүсдэг байсан. Үүнээс болж  авилга, хээл хахууль, эцэг эхчүүд олон хоногоор оочирлох зэрэг сөрөг асуудлууд гардаг.

Бид хамран сургах тойргийг шинээр төлөвлөсөн. Үүнд зөвхөн төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг суурилдаг байсан бол энэ жилээс тухайн хамран сургах тойрогт буй төрийн болон төрийн бус, хувийн цэцэрлэгүүдийн хүүхэд харах хүчин чадлыг төлөвлөдөг болсноор хүүхэд амьдарч байгаа хороо, байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон гэж ойлгож болно. Ингэснээр цэцэрлэгийн гадна байгаа 34 мянган хүүхдийн 22 мянган хүүхдийг одоогийн байдлаар цэцэрлэгт хамруулах шийдэл гаргаад байна" гэлээ.

Энэ хичээлийн жилд:

  • Сургуулийн өмнөх боловсролд 241 мянга
  •  Ерөнхий боловсролын сургуульд 760 мянга
  • Мэргэжлийн боловсролын байгууллагад 44 мянга
  • Дээд боловсролд 140 мянган хүүхэд суралцах урьдчилсан статистик гарсан байна.