Шинжлэх ухааны академийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Академийн шинэ удирдлагууд судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, улс орны хөгжилд тус нэмэр болохуйц судалгаанд анхаарах бодлого боловсруулах үүднээс ажлын хэсгүүд гарган ажиллаж, ирэх сарын эхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран томоохон зөвлөлгөөн хийхээр бэлтгэж буйгаа УИХ-ын даргад танилцуулав. Шинжлэх ухааны байгууллага нь мэдлэгийг бий болгох, төр засгийн байгууллагад санал зөвлөмж өгөх, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах нийтлэг үүрэгтэй. Харин манай академийн хувьд Засгийн газарт зөвлөгөө чиглэл өгөхүйц судалгааны ажлын үр дүн дутагдалтай байгаад анхаарал хандуулж буйгаа тэд хэллээ. Түүнчлэн дэлхий дахинд байгалийн баялаг ховордож буйгаас үүдэж улс орнууд оюуны хөрөнгө оруулалтаа өсгөж, үндэсний үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч буй энэ үед төр, засгаас шинжлэх ухааны салбарт зарах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарахыг УИХ-ын даргаас хүслээ. Мөн баруун бүс нутгийн байгаль экологийн өөрчлөлт, бэлчээрийн нөөц, цахилгаан эрчим хүчний хангамж зэрэг тулгамдаж буй асуудлаар ирэх оны эхээр бүсийн таван аймгийн удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулсан зөвлөлгөөн хийхээр бэлтгэж буйгаа дуулгав.
УИХ-ын дарга тэдэнд хандаж хэлэхдээ, Монгол орон хөгжлийн шинэ зааг дээр ирээд байна. Бидэнд одоо шинжлэх ухаанд тулгуурлаж, судалгаанд үндэслэсэн алс хэтийн ирээдүйтэй бодлого шаардлагатай болж байна. Ийм цаг үед ШУА-ийн шинэ удирдлагууд ажлаа шинэ өнцгөөс харж, эрчимтэй эхэлж буйг сайшаагаад “Шинжлэх ухааны салбарт төсвөөс зарж байгаа мөнгө бага байгаа нь үнэн. Эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ үед хөрөнгө мөнгийг нэмэх боломж хомс юм. Гэхдээ төр, засгаас цаашид анхаарч дэс дараатай арга хэмжээ авах болно” гэлээ. Шинжлэх ухааны томоохон суурь судалгаа хийх, хууль боловсруулах үйл ажиллагаанд эрдэмтдийн хүч нөөцийг ашиглах чиглэлээр УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төв, ШУА хамтран ажиллах ихээхэн боломж байгаа, энэ чиглэлийн хамтын ажиллагааг дэмжих болно гэдгээ УИХ-ын дарга уулзалтын үеэр онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.