Хархорин соёл, боловсролын жишиг хот болно
2009.12.23

Хархорин соёл, боловсролын жишиг хот болно

-Төсвийн эрх мэдлийн хуваарилалтыг зохистой болгох асуудал анхаарлын төвд байж, Хархориныг "хотын соёл"-ын жишиг болгох хэтийн төлвөө хэлэлцлээ-

УИХ-ын Тамгын газраас энэ онд хэрэгжүүлж эхэлсэн шинэлэг ажлуудын нэг болох 15 дахь онлайн ярилцлагыг Өвөрхангай аймагтай холбогдон амжилттай зохион байгууллаа. Онлайн ярилцлагад аймгийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь энэхүү уулзалтад онцгой ач холбогдол өгч буйг илтгэх аж. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч нэгэн адил бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон онлайн уулзалт ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хөтлөн явуулсан юм.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн аймгийнхаа нөхцөл байдлыг танилцуулахдаа “Аймгийн ИТХ энэ сарын 25-нд хуралдах гэж байгаа үед онлайн ярилцлага зохион байгуулсан нь цаг үеэ олсон ажил болжээ” гэв. Тэрбээр тус аймгийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын тендер эрт зарлагдсан учир энэ оны жилийн эцсийн гүйцэтгэл хангалттай сайн байгааг хэлж, мөн саяхан нийслэлд болсон аймгуудын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын уулзалтаар яамдын сайд нар болон Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаа нэлээд сайн зөвшилцөн ярилцаж чадсанаа танилцууллаа.

Өвөрхангай аймгийн хувьд төв суурин газрын өвөлжилтийн байдал хэвийн байгаа ч зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг тэрбээр гишүүддээ мэдээлж, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа зарим обьектуудын талаар саналаа хэлэв. Засаг дарга онлайнаар гишүүдтэйгээ нүүр нүүрээ хараад ярилцах боломж олгож байгаад нь Тамгын газрын удирдлагад талархал илэрхийллээ.

Орон нутагт хийж, хэрэгжүүлж болох ажил үйлчилгээ, бизнесийн чиглэлийг зөв тодорхойлох нь чухал

Микрофон гишүүдэд шилжиж, УИХ-ын дэд дарга Г.Батхүү сонгогчиддоо хандан, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед малчидтайгаа холбоотой байх, H1N1 вирүсээр үүсгэгдсэн ханиад бусад аймгуудаас өндөр тархалттай байгаа зэрэгт анхаарлаа хандуулан ажиллахыг орон нутгийн удирдлагуудад анхаарууллаа.

Тэрбээр Өвөрхангай аймагт ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудыг нэгбүрчлэн танилцуулав. Тухайлбал, орон нутагт хийж, хэрэгжүүлж болох ажил үйлчилгээ, бизнесийн чиглэлийг зөв тодорхойлж, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах хэрэгтэйг онцлоод орон нутагтаа нэмүү өртөг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулан хэлэв.

Бидний ийм уулзалт аль болох олон давтамжтай байвал зүгээр байна 

З.Энхболд гишүүнд микрофон шилжиж, тэрбээр сонгогчиддоо хандан “430 километрийн алсаас нүүр нүүрээ хараад ярилцаж суугаа нь техник, технологийн дэвшил юм” гээд бидний ийм уулзалт аль болох олон давтамжтай байвал зүгээр байна хэмээн Тамгын газрын удирдлагад хэлж байв. З.Энхболд гишүүн өнөөдрийн Өдрийн сонинд нийтлэгдсэн Өлзийт сумын иргэн н.Даваадагвын ярилцлагыг анхааралтай уншиж, түүний туршлагыг бусад сумддаа хэрэгжүүлэх боломжтойг аймгийн удирдлагуудад хэлээд “Энэхүү туршлага нь эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх малын тэжээлийн нөөцийг бий болгож, аймаг өөрийнхөө хэрэгцээг хангах боломжтойг харуулж байна” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: Сонгогдсон тойргийнхоо төлөө хазахаас бусдыг хийх юм даа 

Д.Лүндээжанцан гишүүн “Зурагтаар нэгнийгээ хараад хоорондоо ярилцаж сууна гэдэг сонин байна. Хэдийгээр бид бүх ард түмнийг төлөөлөх үүрэгтэй ч төсөв зохиох, хэлэлцэн батлах үед сонгогдсон тойргийнхоо төлөө хазахаас бусдыг хийх юм даа” хэмээн оролцогчдыг хөгжөөсөн үгээр яриагаа эхэллээ.

Тэрбээр дараа жилээс эхлэн төсвийн хууль шинэчлэгдэнэ, гэхдээ тулгамдсан асуудлуудыг шийдэх шийдэл ямар нэг хэмжээгээр байх болно гээд, Өвөрхангай аймагт нэг айл 1-3 машин хадлан авч чаддаг байсан сайхан уламжлал алдагдсаныг шүүмжлэн хэлж, улсын нөөцөөс тус аймагт нэмж хуваарилагдсан өвс тэжээлийн талаар танилцуулав.

Д.Лүндээжанцан гишүүн энэ жил УИХ-аас батласан “Монгол мал” хөтөлбөр нь Атрын 3-р аянаас дутахгүй чухал ач холбогдолтой болохыг анхааруулаад, малаа эрүүлжүүлэх, товаржуулах ажлыг бусад аймгуудаас өрсөн зохион байгуулж чадвал түрүүлж мал, мах экспортлох боломж нээгдэнэ хэмээн хэлэв.

Мөн өндөр хүчдэлийн шугамаас салбарлан авсан цахилгаан эрчим хүчийг ашиглан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байгаа нь зарим орнуудын туршлагаас харагдаж байна гээд, усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд дөрвөн гишүүн анхаарал хандуулж буйг онцлон хэлэв. Тэрбээр бусад аймгийн төвүүдтэй харьцуулахад газар зохион байгуулалт, хот төлөвлөлтөө сайжруулах, анхнаас нь зөв төлөвлөх боломж Арвайхээр болон Хархоринд байгаа учир ирээдүйд аялал жуулчлалын төв болох боломж бидэнд байна гэсэн юм.

Өвөрхангай аймгийн иргэд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд бусад аймгийнхаас илүү санаачлага гаргаж байгаа 

Д.Зоригт гишүүн “Онлайн уулзалтаар цаашид цаг үеийн асуудлаар ажлаа ярих боломж бүрдэж байгаад талархаж байна” гээд ИТХ-аас 80 бүтээлч ажлын төлөвлөгөө ирүүлснийг хүлээн авсан. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, байгаль орчны салбарт олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Манай аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 70 орчим аж ахуйн нэгж, иргэнд хөнгөлөлттэй зээл олгогдсон байгаа. Энэ бол томоохон ажлын дөнгөж эхлэл нь.

Өвөрхангай аймгийн иргэд ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр бусад аймгийнхаас илүү санаачлага гаргаж байгаа нь харагддаг. Тойрогтоо ажиллах үед маш олон хүн төсөл хөтөлбөрөө танилцуулдагаас үүнийг харж болно. Цаашид малын тэжээлийн олон наст ургамал тарьдаг болох хэрэгтэй байна. Даваадагва гуайн туршлагыг бусад сумддаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Аймгийн хөгжлийн бодлогыг 5-10 жилээр төлөвлөсөн хөтөлбөрийг сайн боловсруулах хэрэгтэй байна. Үүнд анхаарлаа хандуулаарай гэв.

H1N1 вирүс 57 хүнд лабораторийн шинжилгээгээр батлагдсан 

Гишүүд үг хэлсний дараа аймгийн Засаг дарга товч мэдээлэл өгөв. Тэрбээр 2010 оныг үйлдвэржилтийн жил болгоход анхаарч ажиллахаа илэрхийлээд, тус аймагт тоосго, блокийн үйлдвэр ашиглалтад орсноор тоосго болон блокийн нэг бүрийн үнэ 100-300 төгрөгөөр буурсан үзүүлэлтийг баримт дурдан хэлж байв.

Мөн H1N1 вирүсээр үүсгэгдсэн ханиадаар өвчилсөн гэдэг онош 57 хүнд лабораторийн шинжилгээгээр батлагдсанаас 50 нь эдгэрч, 5 нь нас барж, 2 нь нийслэлд эмчлүүлж буйг дурдаад, одоогоор тус аймагт уг өвчний сэжигтэй 410 хүний 380 нь эдгэрч, 30 нь эмчлэгдэж байна гэв.

Засаг дарга гишүүдээс Богд сумын өндөр хүчдэлийн шугамын ажил дараа төлөгдөх нөхцлөөр хийгдэх хэвээр эсэхийг асууж З.Энхболд гишүүнээс хариулт авлаа. Эрхэм гишүүн уг асуултад 2010 оны төсвийн тодотголоор шийдэгдэх боломжтой хэмээн хариулав.

УИХ-ын дэд дарга Г.БАТХҮҮ: Орон нутагт мэргэжилгүй залуус маш олон байна 


Г.Батхүү гишүүн аймгийн удирдлагуудаас, ЖДҮ-ийг хөгжүүлэх ажил нэлээд үр дүнгээ өгч байна. Гэвч та бүхэн орон нутагтаа энэ ажлыг илүү оновчтой хэрэгжүүлэх арга зам, ЖДҮ хөгжүүлэх чиглэлүүдээ сум сумаар нь гаргаж чадсан уу хэмээн асуулаа. Засаг дарга уг асуултад “ЖДҮ хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг гаргасан. 2009 онд өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарсан бол 2010 онд ажлын байрыг нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллана” хэмээн хариулав.

Г.Батхүү гишүүн “Тогтвортой амьжиргаа” төслийн хөрөнгө оруулалт төсөвт суудаг тул энэ талаар Засаг даргаас лавлан асууж, мөн Хужирт сумын сургуулийг засаж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгосон. Гэтэл орон нутагт мэргэжилгүй залуус маш олон байна. Чацаргана тариалалт, эрчимжсэн мал аж ахуй зэрэг сургалтын бааз болохуйц олон ажил хийгдэж байгаа. Сургуульд явах боломжгүй залуусыг мэргэжилтэй болгох чиглэлээр ЗДТГ юу хийж байна вэ? хэмээн асуулаа. Засаг дарга уг асуултад, “Хужирт сумын сургуульд засварын ажил хийгдсэн ч төдийлэн сайн болоогүйг та бүхэн мэднэ. Одоо энэ ажлыг өөр гүйцэтгэгчээр дуусгуулж байна. МСҮТ маш чухал ач холбогдолтой. Гэвч яамнаас ирж зохион байгуулдаг сургалтууд нь орон нутгийн хэрэгцээнд тулгуурлаагүй байдгаас үргүй зардал гардаг. МСҮТ-ийн хувьд ТИС-ийн харьяанд өгсөн нь буруу гэж боддог. Орон нутгийн мэдэлд байвал илүү ач холбогдлоо чадна” хэмээн хариуллаа.

Уг асуудлаар З.Энхболд гишүүн, “Бид МСҮТ-ийг орон нутгийн мэдэлд оруулах талаар ярья. Бүх МСҮТ дээр Мянганы сорилын сангаас мөнгө өгөхөөр болсон манайх хамрагдаж байгаа биз дээ” хэмээн тодруулахад орон нутгийн удирдлагууд “Хамрагдаж байгаа” хэмээн хэллээ. Мөн МСҮТ корпусаараа ТИС-ийн салбараас тусгаарлагдах боломжтойг хэлж, анх Усны аж ахуйн ТМС байснаа дараа нь ТИС-ийн мэдэлд шилжсэн талаар гишүүддээ танилцуулж байв. З.Энхболд гишүүн “Тогтвортой амьжиргаа” төслийн хувьд хэдийгээр орон нутаг, малчин хоёр төлдөггүй ч тэдний өмнөөс Сангийн яам зээлийг нь төлдөг мөнгөөр уг ажил хийгдэж байгаа учир зориулалтаар нь зохистой зарцуулахад анхаарахыг орон нутгийн удирдлагуудад сануулан хэлсэн юм.

Г.Батхүү гишүүн МСҮТ-ийн сургалтуудыг орон нутгийн хэрэгцээнд тохирсон чиглэлд оруулахад анхаарахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгоод, мөн ирэх жилээс Төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль өөрчлөгдөж, Төсвийн тогтвортой байдлын асуудал хуульчлагдана хэмээн мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Д.ЗОРИГТ: Өвөрхангай аймаг томографийн аппараттай болно 

Д.Зоригт гишүүн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Анхтуяагаас эрүүл мэндийн чиглэлээр тус аймагт шинээр хэрэгжих хөтөлбөрүүд хэр олон байгааг тодруулан асуулаа. ЭМГ-ын дарга салбарын хэтийн төлвөө хэлэлцсэн талаараа танилцуулж, ирэх оны төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт нэмж суулгах боломж байна уу гээд, 10 суманд цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулав. Мөн Зоригт гишүүний амласан томографийн аппаратыг санууллаа. Д.Зоригт гишүүн 2010 онд хэрэгжүүлэхээр Ламбаа сайдтай тохирсоноо хэлж, тус аймагт 2 явуулын оношлогооны машин очиж явааг хэлж байв.

Дараа нь Г.Батхүү, Д.Лүндээжанцан нарын гишүүд аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтууд хэзээ хэрхэн, ямар зардалтайгаар төлөвлөгдсөнийг нэгбүрчлэн танилцуулсан юм. УИХ-ын дэд дарга Г.Батхүү аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг анхны боломжоор шийдвэрлэж өгөхөө амлаад 10 сумын худаг, сургуулийн дотуур байр, эмнэлгийн цэвэр бохир усны асуудал анхаарлын төвд байгаа гэв.

Цагдаагийн газрын дарга Б.Бэхбат Арвайхээрт хөдөлгөөнд эргүүл маш чухал байна гэхэд Г.Батхүү гишүүн “Та бүхний ирүүлсэн саналыг авсан. Одоогоор шийдэгдээгүй ч төсвийн тодотгол дээр яригдана. Сангийн яам анхаарна гэсэн” гэв.

УИХ-ын гишүүн З.ЭНХБОЛД: Өвөрхангайн хүүхдүүд сурлагаараа улсад эхний 20-д орж байгаа нь бахархууштай 

Боловсрол, соёлын газрын дарга Б.Мөнхжаргал аймгийн ганц тусгай сургалттай сургууль сурлага сайтай хүүхдүүд нь багтахаа больсон хэмээн танилцуулаад тус аймагт байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургууль барих шаардлагатай байгааг хэллээ. З.Энхболд гишүүн уг асуултад, ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн дагуу бүх аймагт хэрэгжих ажил учир тэр шугамаараа явах байх гээд, бид дөрөв энэ асуудал дээр саналаа нэгтгээд хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ гэв. Мөн энэ сургуулийг байгуулснаар их, дээд сургуулиудын шилдэг багш нар улс даяар зайны сургалт явуулах болно хэмээн сонирхуулаад, Өвөрхангайн хүүхдүүд сурлагаараа улсдаа эхний 20-д орж байгаа нь үнэхээр бахархууштай хэмээн тэмдэглэн хэлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.