Ойрын 2 хоногт хүйтний эрч эрс чангарна
2009.12.24

Ойрын 2 хоногт хүйтний эрч эрс чангарна

Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сум, Увс, Баянхонгорын өмнөд, Хэнтий, Дорноговь аймгийн баруун талын сумдын нутгаар салхи 16-24 м/сек, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Луус, Хулд, Адаацаг, Гурвансайхан, Мандалговь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумын нутгаар 28-34 м/сек хүрч, хүчтэй цасан шуурга шуурчээ. 

10-16 цаг үргэлжилсэн хүчтэй салхи, шуурганы түрүүч Хэнтий, Сүхбаатар аймаг хүрч цасаар шуурч байна. Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймагт зарим газар 20 метрээс цааш юу ч харагдахгүй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.

2009 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд баруун, төв, говийн аймгуудын нутагт 0,1-5,0 мм цас орж, Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Байтагт цасны зузаан 1-5 см-ээр нэмэгдсэн байна. Дээрх нутгаар хүйтний эрч 10-20 градусаар чангарч, Увс аймгийн Улаангом, Зүүнговь, Завхан аймгийн сантмаргац, Цэцэн-Уул, Тосонцэнгэлд 41-42 градус хүрчээ.

Улаанбаатар хотод хүйтний эрч өнөө шөнөөс эрс нэмэгдэж шөнөдөө 33-35 градус, Яармаг, Сонгино орчимд 37-42 градус, өдөртөө 26-31 градус хүрэх бөгөөд ойрын 2 хоногтоо хүйтний эрч буурахгүй нь.


Цаашдаа 12 дугаар сарын 25-нд баруун зүгийн нутаг, 26-нд төв, зүүн зүгийн нутгаар, 27-нд баруун зүгийн нутаг, 27, 28-нд зарим газраар цас орж, салхи секундэд 12-14 м хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. 12 дугаар сарын 26-наас хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.