Шинэ үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүллээ
2010.01.13

Шинэ үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүллээ

Энэ өдөр Шинэ үндсэн хууль батлагдсаны 18 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. Төрийн ордонд Шинэ Үндсэн хууль батлалцаж байсан АИХ-ын депутатууд цугларсан, тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Энэ ёслолын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол Улсын тэр нэн шинэ, гэгээн түүхийг гардан бүтээлцэж, гарамгай гавъяа байгуулсан хүмүүс бол тэр үеийн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүд-депутатууд юм" хэмээн хэлсэн юм.

Шинэ Үндсэн хууль тогтоогчдыг хүндэтгэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан төрийн түшээд, хамтран зүтгэгч эрхэм анд нөхөд өө,

Одоогоос 18 жилийн өмнө Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа баталж хүний эрх, эрх чөлөөт байдал, хууль шударга ёсыг дээдэлсэн иргэний хүмүүнлэг нийгэм байгуулахаа дэлхий нийтэд зарласан. Монгол Улсын тэр нэн шинэ, гэгээн түүхийг гардан бүтээлцэж, гарамгай гавъяа байгуулсан хүмүүс бол тэр үеийн Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүд-депутатууд юм. Энэ их үйлсийг бүтээлцсэн иргэдийг төлөөлж төрийн дээд шагнал хүртсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Мөн олон жилийн нөр их хөдөлмөрөө улс орныхоо хууль эрх зүйн салбарын хөгжил дэвшилд зориулан зүтгэж яваа манай төр нийгмийн нэртэй, ахмад зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимэд гуайд төр түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Ардчилсан Үндсэн хуулийн баярын энэ өдөр Монгол Улсын шинэ эцэг хуулийг боловсруулах, батлах үйл явцад санаа бодлоо нэмэрлэж, түүнийг нийгмийн амьдралын бүхий л салбарт хэрэгжүүлэхэд хичээн зүтгэж ирсэн, зүтгэж байгаа, нийт иргэддээ, ард түмэндээ баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.