Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэнэ
2010.04.28

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдар хуралдлаа. Хуралдаанаараа Эм, эмнэлгийнхэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж , Нийслэлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн дүнг сонсов.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаархи байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан З.Алтай, Ц.Даваасүрэн, Д.Очирбат, С.Эрдэнэ нарын гишүүд ажлын хэсгийн ахлагч, яамны сайдаас асуулт асууж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн З.Алтай хэлэхдээ, эм өөрөө хор. Хугацаа хэтэрвэл хүний амь насанд аюултай. Хуулийн төсөлд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эмнэлгийн яаралтай болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалах зориулалтын нөөцийн агуулахтай байж болно гэж заажээ. Бензин болон бусад эд материал агуулах, нөөцлөх бол өөр асуудал. Харин төсвийн мөнгөөр баахан эм худалдан авчихаад нөөцөлж хадгална гэдэг дэмий асуудал. Өчнөөн тонн эм нөөцлөх шаардлагагүй гэж бодож байна. Эмийн хугацаа , чанарын асуудлыг бодох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Олон улсын байгууллагын тусламжаар орж ирж байгаа эмнэлгийн яаралтай тусламжийн эм, вакцинийг хадгалах зориулалтын нөөцийн агуулах байх шаардлагатай гэдэг үүднээс энэ заалтыг хуульд оруулсан гэсэн тайлбарыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өгсөн юм.

Харин Д.Очирбат гишүүн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж уламжлалт эмийг бий болгоход ажлын хэсэг яаж анхаарсан юм бэ. Уламжлалт анагаахын эмийн хэрэглээг төрөөс дэмжих ямар заалт байна. Манай эмч нар Польш улсад уламжлалт эм, эмчилгээгээр гайхагдаж байгаа. Гэтэл манайд хятадын эм, эмчилгээг хэрэглэж монголынхоо уламжлалт эм, эмчилгээний нэр хүндийг унагааж байна. Хуулийн төсөлд энэ талаар хангалтгүй тусгасан байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв.

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол түүний тавьсан шүүмжлэлд тайлбар өгсөн. Тэрээр хуулийн төслийн 3.1.3.-т “уламжлалт эм” гэж хүний болон мал, амьтын өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг, монголын уламжлалт анагаах ухааны жорын дагуу ургамал, амьтан, эрдэс болон үнэт эрдэнэс оруулан уламжлалт болон үйлдвэрийн аргаар бэлдсэн олон найрлага бүхий тан, талх, үрэл тосон хэлбэртэй байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг “гэсэн урьд нь огт байгаагүй томьёоллыг шинээр ажлын хэсэг нэмж оруулсан гэсэн тайлбарыг өгч үүнээс өөр ямар томьёолол хэрэгтэй байгаа юм бэ гэж байлаа.

Ингээд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.