2024.08.23

О.Батнайрамдал: Оюутолгойгоос жил бүр орж ирдэг байсан 2 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт ирэх жил зогсоно

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

Монгол Улсын эдийн засгийг бүтэц, хөгжил,өсөлт талаас нь авч үзэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт маш том байр суурь эзэлсээр ирсэн. Үүн дотроо Оюутолгойн бүтээн байгуулалт,2023 оны сүүлчээр нийтдээ 17,4 тэрбум доллар манай улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирсэн. Гадаад валютын нөөц энэ хөрөнгө оруулалтаар дамжин үр өгөөжөө өгсөн. Ойролцоогоор Оюутолгойн бүтээн байгуулалт жил бүр 1,5-2 тэрбум долларыг манай улсад оруулдаг. Ирэх жил буюу 2025 он гэхэд Оюутолгойн жил бүр 2 тэрбум доллар оруулж байсан бүтээн байгуулалт дуусна. Оюутолгой төсөл дээр 22 мянга орчим ажиллах хүч ажиллаж байна.

Далд уурхайн бүтээн байгуулалт дуусахаар энэ ажилчдын тал нь ажилгүй болох дүр зураг харагдаж байгаа. Засгийн газрын хөтөлбөрт 14 том мега төслүүдийн явуулахаар орж ирсэн. 2025 оноос эхлэн Оюутолгойн бүтээн байгуулалтын үр өгөөжийг хэрхэн нөхөх вэ? Эдийн засгийн өсөлтийг тогтсон хэмжээнд барихын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг хаанаас нөхөх вэ? Хэрэгжих 14 мега төслөө хаанаас нь хэрхэн эхлүүлэхээр эрэмбэлэгдсэн бэ? 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn