Д.Рэгдэл УИХ-ын гишүүн
2024.08.23

Д.РЭГДЭЛ: ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦЫГ УРАГШЛУУЛАХЫН ТУЛД ОРОСЫН ЭРДЭМТЭДТЭЙ “АЖИЛЛАХ” ХЭРЭГТЭЙ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

Арван дөрвөн том төслийн хүрээнд Эгийн голын 310 МВт-ийн цахилгаан станцыг барина гэдэг асуудлыг томъёолж оруулж ирж байгаад баяртай байна. Энэ станц барих гэдэг цаанаа их том асуудал дагуулаад байгаа. ОХУ-аас НҮБ-д асуудал тавиад, Байгаль нуурын эко системд энэ станц нөлөөлөх юм гэдэг асуудал тавьж, Дэлхийн өвийн хороо ч хориг тавьчихсан асуудал.

Тэгэхээр үүнийг цааш нь явуулахдаа Оросын эрдэмтдээс Засгийн газартаа боловсруулж өгсөн хүмүүстэй нь ажиллах ийм л асуудал. Би бол тэр эрдэмтдийг нь олсон. ШУА-ийн зүгээс Монголд хоёр удаа авчираад, Оросод хоёр удаа очиж уулзсан. Эцсийн дүндээ Франц бол Оросод хамаагүй. Орос, Монгол хоёр орны эрдэмтэд хамтарсан ажлын хэсэг гаргаад, энэ асуудлыг судалж үзээд явахад бид  дэмжихэд бэлэн байгаа шүү гэсэн. Тэгэхээр энэ асуудлыг бодлого боловсруулах ажлын хүрээнд сайн тусгаж өгөөд, мөнгө төгрөгийг нь суулгачихвал  цааш сайн явна.

Дээрх төслийг дагалдаж орж ирж байгаа Шүрэнгийн цахилгаан станц байна. Энэ станцын төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон /ТББХ/ дээр хасагдчихсан байсан. Шүрэнгийн станц болон Эгийн голын цахилгаан станцыг зэрэг ярьвал Орос хэзээ ч дэмжихгүй гэдэг нь ойлгомжтой. Энэ бол хоёулаа Сэлэнгийн бассейн дээр баригдана. Шүрэнгийн цахилгаан станцын төслийг хасъя гэдэг саналыг ажлын хэсгээс санаачлаад, дэмжээд явуулсан байхад ямар үндэслэлээр ТББХ энэ заалтыг буцааж оруулсан юм бол оо?

Мөн энэ хөтөлбөр дээр ураны нөөцөд түшиглэн атомын эрчим хүчийг хөгжүүлж, атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ гэсэн заалт байгаа юм. Бид ажлын хэсэг дээр ярьж санал оруулаад, суурь судалгааг хийж дуусгана гэсэн найруулгыг нь өөрчилье гэсэн санал оруулж ТББХ-ноос дэмжээд явуулсан. Гэтэл би ТББХ-ны дэмжсэн, дэмжээгүй бодлого дотор хайгаад олохгүй байна. Уг нь энэ дөрвөн жилд суурь судалгааг бүрэн хийж дуусгах ёстой.

Тэгэхгүй бол атомын цахилгаан станц барих төсөл чинь Магатегийн зөвлөмжийн дагуу арав гаруй нөхцлийг бүрдүүлэх болдог. Суурь судалгааг Монгол экспертүүд, судлаачидтайгаа бие даагаад энэ дөрвөн жилд бүрэн хийж дуусгах боломжтой.