2024.12.26
Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд үүнд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барих зорилтыг дэвшүүлсэн.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлагдснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая.тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая.тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгов.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн П.Батчимэг танилцууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn