Орон нутгийг хөгжүүлье гэвэл хотоос дутахгүй дэд бүтцийг тэнд байгуулах хэрэгтэй
2013.12.23

Сумдыг дулааны нэгдсэн сүлжээтэй болгоно

Ижилхэн стандартаар, адилхан материалаар баригдах сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, дулааны станциудын төсөвт хөрөнгө тэрбум тэрбум төгрөгөөр хоорондоо зөрөөтэй гардаг гаж үзэгдлийг арилгах зорилтыг Шинэчлэлийн Засгийн Газар тавьсан юм.

Сумдыг 3000 хүртэлх хүн амтай, 3000-5000 хүн амтай, 5000-аас дээш хүн амтай хэмээн ангилж, түүнд нь тохирсон нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж барих ижил стандарт бүхий зураг төсөл гаргах үүргийг яамдад өгсөн. Өмнө нь тооцоолсноор 2013 онд ажил нь эхлэх ийм барилга байгууламжуудыг барихад 61,5 тэрбум төгрөг шаардлагатай байсан бол нэгэн хэвийн зураг төсөл гаргаснаар энэ ажлыг ердөө таван тэрбум төгрөгт багтааж төсвийн хөрөнгийг хэмнэжээ.

Ерөнхий Сайд Н.Алтанхуяг:

Сургууль, эмнэлэг, цэцэрлэг, спорт заал, соёлын төв, сумын захиргаа гэх мэт нийгмийн үйлчилгээний газруудыг дулаан түгээгч байгууламжтай ойрхон нэг дор, цомхон барих хэрэгтэй.  

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл:

Сум бүхнийг нэг загвар, нэг зураг төслөөр баридаг болвол төсвийн мөнгийг хэмнэж чадна. Тухайлбал, 14 тэрбум төгрөгөөр барих байсан сургуулийг дөрвөн тэрбум төгрөгөөр барьж болно. Манай яам Эдийн Засгийн Хөгжлийн яамтай хамтраад, тендерээ зарлаад, захиалагчид нь зураг төслөө гаргаад Ерөнхий сайдад танилцуулаад явж байна.

Орон нутгийн хөгжлийн асуудлыг шийдэхийн тулд тэнд нь хотод байдаг шиг дэд бүтцийг нь байгуулаад өгчих хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нэгддэг. Үүнийг бодит ажил болгоход ирэх онд Засгийн Газраас хэрэгжүүлэх “Шинэ сум” төсөл түлхэц болно гэсэн найдлага байна.

Өдийг болтол аймаг бүр дулааны станцитай, сум бүр уурын зуухтай явсаар ирсэн. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн Газар орон нутгийг шинээр төлөвлөн хөгжүүлж, найман аймагт дулааны цахилгаан станци, цаашлаад 330 суманд төрийн үйлчилгээний байгууллагуудыг дулаан, халуун усаар хангах бага оврын станци барина гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.

Ингэснээр удахгүй Монголын бүх сумд дулаан, халуун усны нэгдсэн системтэй болж, захиргаа, эмнэлэг, сургууль, дотуур байр, спорт, соёлын төв зэрэг хамтдаа нэг яндантай болсноор зардал хэмнэж, тэр хэрээр бохирдол буурна гэж Эрчим Хүчний сайд үэзж байна.

Эрчим Хүчний Сайд М.Сономпил:

Сум дулааны станцитай байна гэсэн ойлголт байдаггүй. Харин мод түлдэг олон зуух байдгаас байгаль орчинд хор нөлөөтэй. Ирэх оноос бид 350 сумыг нэгдсэн дулааны сүлжээгээр хангах ажлыг эхлүүлнэ.