Болд.Л Бямбацогт.С Тэмүүжин.Х 2015.01.27 | Сайт: Мэдээ.МН

Хуулийн салбарт байгаа тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх шаардлагатай

Хуулийн салбарт байгаа тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх шаардлагатай
Хууль зүйн байнгын хороо

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн салбарт байгаа тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх шаардлага бий. Гэхдээ үүнийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй хольж, хутгалгүйгээр тусад нь хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж байнгын хорооны зүгээс үзэж байгаа аж. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг асуудлаар асуулга тавьсан юм.

С.Бямбацогт: Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн түвшинд нэлээд олон удаа хуралдаж, яам, агентлаг, бизнес эрхлэгчдийн саналыг сонсоод Зөвшөөрлийн тухай хууль болон Зөвшөөрлийн жагсаалтын тухай хуулийн үндсэн концепцыг бараг бэлэн болгочихсон байгаа.

Ажлын хэсгийн түвшинд уг хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас 80-90 хувь өөрчлөгдөхөөр боловсруулж, бэлэн болгоод байна. Гэтэл одоо Хууль  зүйн байнгын хорооны саналаар дахиад хэд хэдэн хуулийг хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирж байна.

Ингэхээр энэ хууль маань бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл байдал үүсэхээр байна. Байнгын хороодын санал хоорондоо зөрчилдөөд байх юм. Хуульч гишүүд нь үүнд нэг саналаа хэлээч.

Х.Тэмүүжин: Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ хуулийг боловсруулахдаа анх Хууль зүйн яам болон бусад яам, агентлагаас саналуудыг нь авсан. Гэхдээ тэр саналуудаа хуульдаа тусгалгүйгээр шууд л бизнес эрхлэлтийн зөвшөөрлүүдийг цэгцэлнэ гээд нийтээр нь хавтгайруулах маягаар хуулийн төслөө оруулаад ирсэн. Гэтэл тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсгийн тээвэрлэлтийн маршрут дээр цагдаагийн байгууллага тусгай зөвшөөрөл олгоод, шаардлагатай бол тээвэрлэлт дээр хамгаалалт гаргаж өгдөг.

Энэ бол бизнес эрхлэх, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Нөгөөтэйгүүр ноториатчын үйл ажиллагаа байна. Ноториатч нь хуульч байхгүй үед иргэнд үйлчлэх хуульч гэж ойлгож болно. Хуульчийн мэргэжлийн ёс зүйг баримталж ажилладаг. Ийм үйл ажиллагааг бас бизнестэй хутгаж болохгүй. Төр шашны байгууллагын харилцааны тухай асуудал бас бий.

Энэ бас л бизнес биш. Энэ бол шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Бизнес эрхлэлтийн зөвшөөрлийг цэгцэлж, цөөрүүлж байгаа нь энэ гээд аюулгүй байдал, хэв журам сахиулахтай холбоотой иймэрхүү тусгай зөвшөөрлүүдийг алга болгож болохгүй л гэж байгаа юм.

Л.Болд: Тусгай зөвшөөрөл үнэхээр Монголын нийгэмд маш том асуудал үүсгэж байгаа. Энэ зөвшөөрлүүдийг цэгцлэх ганц л боломж олдож байгаа шүү. Хэрэв энэ удаад хуулийн төслийг Засгийн газарт буцаачихвал дахин оруулж ирээд, хэлэлцүүлэх хугацаа бидэнд байхгүй.

Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор ажлын хэсэг дээр тэртээ тэргүй маш их дарамт ирж байгаа. Яам, агентлаг болгон өөрсдийн эрхэлдэг зөвшөөрлүүдээ авч үлдэхээр шахалт үзүүлж байгаа.

Зөвшөөрөл олголтын ард авлига, хээл хахууль нуугдаж байгаа. Энэ асуудлыг цэгцлэх боломж нь өөрөө Зөвшөөрлийн тухай хууль болно. Тийм учраас Засгийн газарт буцааж болохгүй. Асуудлаа шийдээд явах хэрэгтэй.