Даваадорж.Г 2016.06.02 | Сайт: Vip76.mn

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөлд юу тусгасан бэ?

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын төсөлд юу тусгасан бэ?

Баримт бичгийн нэр: Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого

Өргөн барьсан: 2016 - 05 - 05 

Төлөв: Хэлэлцүүлгийн шатанд

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хэрэгжихээр төлөвлөсөн байна.

Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд 1) Мал аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийг хөгжүүлэх, 2) Тариалангийн үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийг хөгжүүлэх, 3) Хүнсний аюулгүй байдлыг хангаж, боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, 4) Хөдөө аж ахуйн салбарт судалгаа, инновацийг хөгжүүлэх, 5) Хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг эрчимжүүлэх, 6) Хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын мэдлэг ур, чадварыг дээшлүүлэх гэсэн үндсэн зорилтууд тавьжээ.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд засан зохицсон бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлж, хүн ам олноор сууршсан хот, суурин газар орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлжсөн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр бодлогын баримт бичигт тусгажээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэвшилтэт технологид суурилсан тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах зорилтыг тусгажээ. Хөдөө аж ахуйг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлж, инновацийг нэвтрүүлэхээс гадна хөдөө аж, ахуйн мэргэжилтнүүдийг чадваржуулах, тэдний ажиллах, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэх зорилт тавьжээ.

Бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж ахуйн чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг үр дагавар гарна хэмээн тооцоолсон байна.