2008.12.01

Ч.Улаан: Ийм алдагдалтай төсөвт би сэтгэл дундуур байна

-Монгол Улсын хөгжлийн сангаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг эргэж харах, хатуухан хэлэхэд зогсоох ёстой-
-УИХ алдагдалтай төсөв баталлаа. Энэ тухайд зарим нь хямралын үед байдаг л зүйл гэж байхад, нөгөө хэсэг нь байж болшгүй гэж байна?

-Төсөв батлах нь хуулийн хугацаатай. Энэ хугацаандаа баталлаа. Батлах нэг хэрэг. Хамгийн гол нь ямар төсөв байна гэдэг чухал. Ирэх оны төсвийг алдагдалтай баталлаа. Уг нь алдагдал гэдэг хүн гайхаад байх зүйл биш. АНУ, Японы төсөв ч алдагдалтай л байгаа. Манай улс ч алдагдалгүй төсөв баталж байсан түүхгүй. Гэхдээ төсвийг алдагдалгүй болгохын төлөө бүх бодлого чиглэх ёстой. Өнөөдөр юу ингэж их анхаарал татаад байна гэхээр төсвийн алдагдал арай л өндөр байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 6.1 хувь гэдэг чинь өндөр тоо. Ийм өндөр алдагдалтай төсөв баталж байсныг би санахгүй байна. Хамгийн гол нь алдагдлыг нөхөх эх үүсвэр нь баталгаатай байх хэрэгтэй. Харин тийм эх үүсвэр байхгүй бол аюул.

-Засгийн газраас оруулж ирсэн төсвийг алдагдалгүй болгоход УИХ анхаарсангүй гэж ажиглагчид шүүмжилж байна?

-Засгийн газрын оруулж ирсэн төслийг УИХ сайжруулж баталсан бол сайнсан. УИХ төсвийг нухацтай хэлэлцэж, сайжруулах боломж байсан. Энэ боломжуудыг ашиглаагүй болохоор хүсэхгүй байгаа л хэрэг. Бодит нөхцөл байдлаас шалтгаалж орлого буурснаа дагаад зарлагаа багасгах, төсвийн алдагдлаа бууруулах бодлого барих ёстой байсан. Гэтэл УИХ зарлагаа нэмээд, тэр хэмжээгээр алдагдлаа нэмэгдүүлээд төсөв баталчихлаа. Төсвийн нийт дүнгээр аваад үзвэл төсвийн зарлага 70 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалт 90 тэрбумаар нэмэгдсэн. Энэ хямралын үед төсвийн орлого өм цөм алга болж байхад зарлагыг нэмэгдүүлнэ гэдэг “хайч” үүсгэж байгаа юм. Нэг талаас орлого багасаж, нөгөө талаас зарлагаа нэмэгдүүлж хайчилж байна.

Угтаа энэ асуудалд хариуцлагатай хандах ёстой байсан. Өөрөөр хэлбэл байгаа боломжоо илүү дайчлаад, зардлыг багасгаад, шаардлага багатай хөрөнгө оруулалтыг бууруулж, алдагдлаа багасгаад, нөхөх эх үүсвэрийг тодорхой зааж баталсан бол төсөв сайжрах байсан. Гэтэл харамсалтай нь тэгж чадсангүй. 100 гаруй санал хураасан. Түүнээс хэд нь дэмжигдсэн бэ, тэр хэмжээгээр төсөв эвдэрдэг. Төсөв гэдэг чинь өөрөө маш том бодлого учраас бүх зүйлийг нь уялдуулсан, зангидсан том организм. Гэтэл нэг талаас нь юм нэмж байхад нөгөө талдаа тэнцвэр алдагдаж байдаг.

-Төсвийн зарлага нэмэгдүүлэх асуудлыг хуульчилж болохгүй юу?

-Зарим улс оронд бүр тодорхой хууль байдаг. Хэрвээ төсөвт ямар нэг зардал нэмэгдүүлнэ гэж хууль тогтоогчид шийдвэр гаргах гэж байгаа бол санхүүжүүлэх орлогын эх үүсвэрийг олж байж, түүнтэй уялдуулан төсвийг батална гэсэн хуультай орон ч байгаа. Анх орж ирсэн төсвөөс 50 тэрбум төгрөгийн зардлыг бурууллаа л гэж байна. Сайн хэрэг. Үүнээс ч илүү их бууруулахыг бодит байдал биднээс шаардаж байна. Орлогоос 450 тэрбум төгрөгөөр алга болчихсон.

-Алдагдлыг багасгахаас өөрөөр төсвийг тэнцвэржүүлэх арга байна уу?

-Алдагдлыг дээд зэргээр багасгаж батлах ёстой. Бас алдагдлыг хаах эх үүсвэртэй нь уялдуулж батлах хэрэгтэй байсан. Байнгын хорооны хуралдаанд гишүүд “юуны өмнө дотоод нөөцөө дайчилъя” ярьж байсан. Төсвийн алдагдлыг хаахын тулд Монгол Улсын хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулъя гэж. Ингэх юм бол алдагдлаа хаах эх үүсвэртэй алдагдал. Энэ бол боломжтой. Гэтэл өнөөдрийн хаах эх үүсвэр тодорхойгүй, алдагдлын хэмжээ өндөр байгаа явдал сайн зүйл биш.

-Төсөв батлах үед гишүүдийн тойргийн эрх ашигтаа явцуурдаг байдал энэ жил ч бас, байлаа?

-Тойргийн, тодорхой эрх ашигт хөтлөгдөж байна. Зарлага нэмж, алдагдалтай төсөв баталчхаад түүнийг нөхөх эх үүсвэргүй төсөв баталж байна гэдэг өөрийгөө хуурсан хэрэг. Үүний үр дүн яаж гарах билээ. Орлого орж ирэхгүй. Зарлага бол нэгэнт батлагдсан учир гарч л таарна. Хуультай зүйлийг гаргах ёстой гээд санхүүжүүлнэ. Үүний үр дүнд санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, эдийн засаг хямарна. Иймээс ч болгоомжтой хандах ёстой гэсэн саналаа би хэлж байсан.

-Төсвийн алдагдлыг гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөр хаана гэж байгаа нь зөв үү?

-Дотоодоос алдагдлыг хаах эх үүсвэр алга, гадаад зах зээлээс босгоно гэж байна. Гадаад улс орны хөнгөлөлттэй зээл авах гэж байгаа бол ирэх жил ашиглахын тулд өнөөдөр бэлтгэл хангах хэрэгтэй. Гэрээ хэлэлцээр хийсэн, төслөө тохирсон байх ёстой. Энэ асуудал тодорхойгүй байна. Гадаадын зах зээлээс арилжааны хэлбэрээр хөрөнгө босгоно гэж байгаа бол судлах шаардлагатай. Ямар эх үүсвэр, боломж байна. Ямар ч үнээр хамаагүй алдагдлыг хаана гэвэл хариуцлагагүй явдал болно. Ийм тодорхойгүй нөхцөл дунд, өндөр алдагдалтай төсөв баталсанд би хувьдаа сэтгэл дундуур байна.

-Ер нь гадаад зах зээлээс хөрөнгө татах төсөл хэрэгжүүлэх нь төсвийн алдагдлыг хаах арга зам мөн үү?

-Төсвийн алдагдлыг хаахын тулд гадаадаас Засгийн газар өөрийн нэр дээр авдаг хөнгөлөлттэй зээл тусламж, томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь хэрэгжиж байсан байдлаас харахад нэлээд олон төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр төслүүдийн бэлтгэлийг өнөөдөр хангасан байх ёстой. Хэрвээ хангаагүй байвал цаад талтайгаа гэрээ хэлэлцээр хийх ёстой. Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд, эргэж соёрхон батална тэгээд хэрэгжинэ гэдэг нэг жил байтугай урт хугацаа авна. Ер нь манайд нэг төсөл батлагдаад бодитой хэрэгжиж эхлэх хүртэл маш шуурхай ажиллахад 2.5-аас доошгүй жил шаарддаг. Тэгэхээр энэ эх үүсвэр тун эргэлзээтэй болчхож байгаа юм.

-Засгийн газар үнэт цаас гаргаж хөрөнгө босгох боломжийн тухай?

-Засгийн газар үнэт цаас гаргаад гадаадын зах зээлээс хөрөнгө босгох боломж, үр ашиг ямар байхыг хэлж чадахгүй шүү дээ. Ийм боломж харагдахгүй л байна. Яагаад гэвэл хөгжилтэй орнуудын том банкнууд бүгд хямраад өөрсдөд нь дэмжлэг шаардлагатай болчихлоо. Хөрөнгө олдох байсан ч өртөг нь нэмэгдчихлээ. Тэгэхээр бид их л өндөр үнээр хөрөнгө босгох болж байна. Тэр чинь эргээд дотооддоо өндөр зардал болж хувирна. Энэ мэтчилэн олон тодорхойгүй асуудал байна. Төсвийн алдагдлыг гадаад эх үүсвэрээс нөхнө гэдэг өөрийгөө хуурсан явдал гэж хэлээд байгаа нь цаанаа ийм учиртай юм.

-Төсөв алдагдалтай үед хэрэглэхээр байгуулсан эрсдэлийн сангийн хөрөнгөө ашиглах байх. Харин Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэрэглэх нь буруу гэж байгааг та юу гэж үзэж байна?

-Эрсдэлийн санг төсөв хүндэрсэн үед хэрэглэх зориулалттай байгуулсан. Гэтэл эрсдэлийн сангийн хөрөнгө төсвийн алдагдлын 40 хувьтай л тэнцэж байна. Энэ онд улсын төсөв 300, 400 тэрбум төгрөгийн алдагдалтай гарна. Ирэх жил 395 тэрбум төгрөгийн алдагдалтай баталсан. Нийлээд 600 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Гэтэл эрсдэлийн санд 200 гаруй тэрбум төгрөг л байгаа. Иймээс бид арга зам хайх хэрэгтэй. байгуулсан. Түүхий эдийн үнэ өндөр байх үед олсон ашгаас Монгол Улсыг хөгжүүлэх санг байгуулсан.

Тэр санг төсвөө эрүүлжүүлэхэд ашиглах ёстой. үүний тулд Монгол улсыг хөгжүүлэх сангаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг эргэж харах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд зогсоох ёстой. Анх яагаад хүүхдийн мөнгийг улсын төсвийн эх үүсвэрээс өгөөгүй юм бэ гэхээр төсөв тэртэй тэргүй орлого нь хүрэхгүй, зарлагаа даахгүй байсан. Ингээд л хөгжлийн сан бол гэнэтийн ашгаас ард түмэндээ хувь өгч байсан. Энэ сан ашигт малтмалын үнэ буурахаар дагаад мөнгөгүй болчихлоо. үүнийгээ дагаад эндээс санхүүжүүлдэг арга хэмжээгээ зогсоох ёстой. Ийм бодлогын томоохон арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Түүнээс биш зарлага нь хэвээрээ байгаад хаанаас ч юм мөнгө олж санхүүжүүлнэ гэвэл тодорхойгүй байдал үүснэ.

-Төсөвт тодотгол хийх тухай батлагдахаас өмнө л яриад эхэлчихсэн?

-Би байнгын хорооны хуралдаанд маш тодорхой санал хэлсэн. Хуулийн хугацаа шахсан, төсөв батлахаас өөр аргагүй, баталъя. 2008 оны төсвийн гүйцэтгэл гарахаар харъя. Тэгэхээр чинь энэ оны алдагдал, ирэх оны орлого зарлага юу болох нь тодорхой болно. Тэгэнгүүт төсвийн тодотголыг шуурхай хийх хэрэгтэй. Төсвийн тодотгол хийнэ гэдэг төсөвт их сөрөг үр дагавартай. Яагаад гэвэл батлагдсан төсвийг бүрэн хэмжээгээр нь хэрэгжилтийг зохион байгуулах бололцоогүй болдог. Төсөв гэдэг хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт боловч улс төрийн бодлого. Бүхэл бүтэн жилийн хугацаанд улс орныг хөгжүүлэх, эс хөгжүүлэх асуудал төсвөөр дамжуулж шийддэг.

-Төсөв батлахаас өмнө Монголбанканд инфляцийг энэ оныхоос гурав дахин бага тоонд барих үүрэг өгсөн. Биелэх болов уу?

-Монголбанканд инфляци бууруул гэж үүрэг өгөөд биелдэг зүйл биш. УИХ хууль баталж өгөөд асуудал болчихлоо гэж үзвэл ёстой хариуцлагагүй зүйл болно. Хамгийн гол нь инфляци бууруулах бодлогыг төсөвт суулгаж өгөх ёстой. Тэгж байж инфляци буурахаас биш, хэн нэгэн хүнд үүрэг өгснөөр буурчихдаг юм биш. Тэгэхээр төсөвт инфляци бууруулах ямар бодлого суулгасан юм бэ. Эхлээд ямар инфляци вэ гэдгийг судлах ёстой, юу нөлөөлж байна. Түүнд нь тохирсон арга хэмжээ авах ёстой. Энэ оны инфляцийг аваад үзэхэд 40-50 хувь нь гаднаас импортлогдсон байна. Бензин шатахуун, улаан буудайн үнийн өсөлтийг дагасан. Үлдсэн 30, 40 орчим хувь нь манай дотоодоос шалтгаалсан инфляци. Эндээс харахад гаднаас орж ирдэг инфляци буурна. Тэгвэл дотооддоо арга хэмжээгээ авах хэрэгтэй болж байна.

-Төсөвт бодлого суугаагүй гэж байна уу?

-Инфляцийг бууруулах арга хэмжээг төсөвт хэр зэрэг суулгаж өгсөн бэ гэдэг нь харагдахгүй байгаа юм. Зарлага нь нэмэгдэж байгаа. Тэр тусмаа орлогоосоо түрүүлж нэмэгдэж байгаа энэ хүчин зүйл инфляцийг улам хөөрөгдөнө. Гадаадад таатай нөхцөл байдал байлаа ч дотооддоо бодлогогүй байвал инфляцийг бууруулж чадахгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.