Б.Баттөмөр 2019.08.28 | Vip76.mn

Б.Баттөмөр: Одоо бид Хөгжлийн Үндсэн хуулиа батлах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.28/ өнөөдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаан  15 цаг 30 минутанд эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд, “Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” хэмээн заасныг тодотгон хэлээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Зөвшилцлийн ажлын хэсэг олон өдөр хуралдсан. Бидний оруулсан Үндсэн хуулийн төслийн хэдэн хувь нь өөрчлөгдсөн бэ? Энэ хэлэлцүүлгийн дараа ард түмний санал асуулга явагдах учиртай. Үүнийг зайлшгүй хийх ёстой. 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үеийн үндсэн хууль байсан. Үүнээс хойш хөгжлийн үндсэн хуулиа хийж чадаагүй юм. Тиймээс энэ хооронд судалгаа ямар байв? Шинэ үндсэн хууль батлах шаардлагагүй гэж үзсэн юм уу? Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төсөл, 62 гишүүний төсөл нийлээд хөгжлийн бодлогын хичнээн хувь нь хангагдахаар байгаа вэ?

Энэ асуудлыг төрийн бодлого, зохицуулалттай байж өөрчлөх ёстой. Монголд эзэнгүй асуудлууд их байна. Жишээ нь энэ Үндсэн хууль. Монгол Улс хөгжлийн бодлого төлөвлөлттэй байх ёстой гэж үздэг. Миний оруулсан саналууд энэ төсөлд орсон. Гэхдээ Монгол Улсад хөгжлийн урт хугацааны бодлого алга. Сонгууулийн 4 жилийн хооронд явж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс худалдааны бодлогогүй явж ирсэн. Хэн дуртай нь оруулж ирээд зараад явдаг. Төгрөгийн үнэ цэнэ өдрөөс өдөрт алдагдаад байна. Тиймээс үүнийг өөрчлөх гэж би санал оруулж гарын үсэг зурсан. 1992 оны Үндсэн хууль Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой байсан. Бид судалгаан дээр суурилж өнөөдөр хуулиа батлах ёстой.

Энэ өөрчлөлтөд орох ёстой хамгийн гол зүйл бол Шүүхийн шинэчлэл. Гэтэл өнөөдрийн энэ төсөлд их бүдгэрсэн байна. Яагаад ийм болов?

Ерөнхийлөгчийн төсөлд Засгийн газар, УИХ-ын шийдэх асуудлыг ҮАБЗ дээр очиж атгах, базах байдлаар орж ирсэн байна. ҮАБЗ улсын гол асуудлыг базах ёстой ч хэтэрхий Засгийн газрын ажилруу гар дүрэх гээд байгаа юм биш үү?

Маш чухал өөрчлөлтүүд? Зайлшгүй орох ёстой заалтуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр яриад байна. Үүнийг анхаарч үзэж байгаа юу?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд, ТББХ-ны дарга С.Бямбацогт нар хариуллаа.