М.Билэгт 2019.08.30 | Vip76.mn

М.Билэгт: УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж байна

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.08.30/  нэгдсэн хуралдаан 80,3 хувийн ирцтэйгээр дөнгөж сая эхэллээ.  Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж хийнэ.

Өчигдрийн үдээс хойших хуралдаанаар намын дотоод зохион байгуулалт, намын үйл ажиллагааны журам, санхүүжилттэй холбоотой заалтуудаар мөн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудаар  тус бүр  санал хураалт явуулсан. Санал хураалт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Хянан шалгах түр хороо байгуулах нь зүйтэй. Өмнө нь Ардын хянан шалгах хороо гэж байсан. Энэ нь төрийн хэмжээнд байгаа хууль хяналтын гол байгууллага байсан. Өнөөдөр АТГ нэг шийд гаргадаг гэтэл тэр нь прокурор дээр очиж сулардаг. Прокурор нь шийдвэр гаргахаар тэр нь шүүх дээр очоод унадаг байдал байна. төрийн байгууллага эх орон ард түмний эсрэг шийдвэр гаргахад хууль хүчний байгууллага нь хүчгүйдээд байгаа юм. Тиймээс хянан шалгах түр хороо байгуулагдвал энэ асуудлыг шийдээд явах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Хууль хяналтын байгууллагад төрийн эрх мэдэлтэнүүд нөлөөлж, ард түмний эсрэг хууль бус шийдвэр гарсан байхад, хууль зөрчсөн шийдвэрүүд нь шүүх, прокурор дээр шийдэгдэхгүй яваад байна. Тиймээс ард түмний өмнө очоод байцаагддаг парламентын гишүүд энэ байгууллага байгуулагдвал биднийг ч төлөөлөх боломжтой болно гэж үзэж байна."