2008.10.23

Г.Баярсайхан: Төр засаг өөрөө ёс зүйгүй, булингартай байх аваас нийгэм хэзээ ч цэвэршихгүй

УИХ-ын гишүүн л гэхээрээ хэмжээгүй эрх дархтай байдаг мэт ойлгогддог. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэж зүйл байдаг ч гэлээ ёс зүйгүй аашлах аваас хуулийн өмнө эрх тэгш  байх ёстой билээ. Ёс зүйн дэд хороо гэж байдаг хэрнээ хамгийн гол хороо нь өөрөө “гарт баригдах” дүрэмгүй болохоор ажил нь урагшлахгүй, зарим нэг гишүүд дураараа дургидаг. Тиймээс Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай уулзаж цөөн хэдэн асуултад хариулт авсан юм. Тэрээр Ёс зүйн дэд хорооны дарга болохоороо ч тэрүү шударга, шулуун хүн мэт санагдсаныг нуух юун. 

-Ёс зүйн дүрэм хэзээнээс хэрэгжиж эхэлсэн юм бол?

-Монгол Улсад парламент бий болсон цагаас эхлэн гишүүдийн ёс зүйн дүрэм болоод ёс зүйн дэд хорооны талаар яригдаж байсан. Түүний дагуу Ёс зүйн дэд хороо байгуулагдсан боловч УИХ-ын гишүүд биеэ зөв авч явах, улс төрийн соёл, ёс зүйтэй байх талын дүрэм огт байхгүй байсан. Дэлхийн жишгээс харахад парламентын гишүүний Кодекс гэж байдаг. Энэ нь маш хатуу, шударга, тодорхой зүйлс байдаг. Англи, АНУ, Япон гээд олон орон ийм Кодекстэй. Саяхан ОХУ дүрмээ баталсан.

Манай улсын хувьд Ёс зүйн дэд хороог өөрийн дүрэмтэй болгох асуудал хурцаар тавигдаж байгаа. Өнөөдөр нийгэм болоод ард түмэн УИХ, Монголын төрөөс ёс зүйтэй, шударга байхыг шаардаж байна. УИХ, төр засаг өөрөө ёс зүйгүй, булингартай байх аваас нийгэм хэзээ ч цэвэршихгүй. Энэ ч утгаараа Ёс зүйн дэд хорооны дүрмийг энэ намрын чуулганаар өргөн барьж, оруулж байгаа. Харин гишүүд энэхүү дүрмийг хэлэлцээд батлах эсэх нь тодорхойгүй л байна. Гишүүдийн  ёс зүйтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн гадаад жишээ татахад, Тайланд улсын Ерөнхий сайд телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсон байгаа юм. Тэрээр телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсоноор ёс зүйн дүрмээ зөрчсөн учир огцорсон.Үүнээс ч харсан  парламент ил тод, “шилэн акварум” шиг байх ёстой. Аливаа зүйл дүрэм, журамдаа захирагдаж байх ёстой.

Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд дүрмээ зөрчих юм бол осол аваар гаргадагтай л адилхан юм шүү дээ. УИХ-д өргөн барьсан Ёс зүйн дүрмийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө зарим төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Учир нь Ёс зүйн дүрмийг гаргахаасаа өмнө Иргэний хөдөлгөөнүүдийн санал бодлыг нь сонсох шаардлагатай юм л даа.

-Ёс зүйн дүрмийн төсөл бэлэн болоод УИХ-д өргөн барьж, хэлэлцэх ажил л үлдээд байгаа гэж ойлгож болох уу?

-Өмнөх УИХ-д Ёс зүйн дүрмийг өргөн барьсан ч батлаагүй.  Ажлын хэсэг байгуулагдаад төсөл явж байгаа.

-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүдээ хаацайлаад байгаа юм биш үү. Тэнд асуудлыг хэлэлцэхдээ ёс зүйн талыг баримталдаггүй. Саяхан л гэхэд тус дэд хороогоор УИХ-ын гишүүн Л.Гүндалайн асуудлыг хэлэлцээд хаацайлаад л өнгөрөх шиг боллоо?

-Ёс зүйн дэд хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо ч бай аль нь ч гэсэн УИХ-ийн гишүүнийг хаацайлна гэсэн асуудал байхгүй. Угаасаа байх ч ёсгүй зүйл бөгөөд дүрмийнхээ дагуу л явдаг. Сая УИХ-ын гишүүн Л.Гүндалайн асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороон дээр хэлэлцсэн. Тэр ч утгаараа Л.Гүндалай гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байх.

-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороон дээр аль нэг гишүүний асуудлыг хэлэлцэхдээ ёс зүй талаас нь ханддаггүй. Тэгэхээр та Ёс зүйн дэд хорооны даргын хувьд энэ асуудалд ямар  байр суурьтай байдаг вэ?

-Би УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн биш учраас тэр тухай ярих эрх надад байхгүй. Гэхдээ халдашгүй байдлын дэд хорооны гишүүд ёс зүйгээ бодолцож байгаа байлгүй дээ.

-Зарим гишүүд УИХ-ын гишүүний нэр хүнд цаашлаад хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын нэр хүндийг унагаасан үйлдэл их хийх боллоо. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав орон нутгийн сонгуулийн үеэр нэлээд зөрчил гаргасан. Энэ мэт байдалд Ёс зүйн дэд хороо ямар арга хэмжээ авдаг вэ, тухайн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнтэй уулздаг юм болов уу?


-УИХ-ын зарим гишүүн орон нутгийн сонгуульд оролцож, тойргийн хэсгийн хорооны дотоод үйл ажиллагаанд оролцоод явна гэдэг маш буруу зүйл. Үнэхээр л баримттай бол би хувьдаа буруу гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн З.Алтай УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Мэдээж үүнд ёс зүйн тухай асуудал хөндөгдөж таараа. Энэ тал дээр таны бодол?

-Энэ бол байх ёстой зүйл.

-АТГ уг нь авлигатай тэмцэх гэж л байгуулагдсан. Ялангуяа УИХ-ын гишүүдийн нэр их холбогддог. Тус байгууллага доод албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаг хэрнээ УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг шийдэж чаддаггүй.  Дээрээс нь шахалт хийж дарчихдаг. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-АТГ бол биеэ даасан байгууллага. Тийм болохоор асуудлыг эргүүлэн татах ёстой болсон болоод л татсан гэж ойлгож байгаа. Одоогоор надад энэ талаар мэдээлэл ирээгүй байгаа. Яг үнэнээ хэлэхэд  Ёс зүйн дэд хороо өөрөө ямар ч дүрэмгүй байгаад байна.

-Дүрмээ батлуулаад авчхаад танд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа байх?

-Дүрмээ ямар ч байсан сахиулна. Ёс зүйн дүрэм нь төв шугамыг барьсан аливаад шаардлага тавьсан зүйл байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.