Ж.Сүхбаатар: Сонгуульд оролцоогүй хүмүүсээс шалтгааныг нь асуугаад үз
Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар ярилцлаа. Өмнө нь сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ эрхмийн үг, үзэл бодлыг уншигчддаа хүргэхийг зорьсон юм. Тэрээр “Сонгууль бол нийгмийн толь” гэж хэлсэн юм.
-Ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар нийслэлд дахин сонгууль явуулах боллоо. Сонгуулийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд сонгогчдын ирц буурсан нь юутай холбоотой гэж үзэж байна вэ?
-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд сонгогчдын ирц ерөнхийдөө муу байсан. Тэр дундаа Нийслэлд 50 хувьдаа ч хүрсэнгүй. Энэ асуудлаар улс төрийн нам хүчин, хувь хүмүүс янз янзын байр суурьтай байгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байна. Сонгуулийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд үүнд нөлөөлсөн хэд, хэдэн хүчин зүйл байгаа гэж үзэж байна. Юуны түрүүнд орон нутгийн сонгуульд оролцох нь иргэн хүнд ямар хамааралтай юм бэ гэдэг асуулт гарна. Үүнийг бодоод үзэхээр, нөгөө л яригддаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүрэг, түүнийг тодорхой болгох, мөн орон нутгийн чанартай асуудлыг шийдвэрлэх эрх мэдлийг төвөөс буюу УИХ, Засгийн газраас шилжүүлж, орон нутгийн түвшинд хуваарилах асуудал гарч ирж байгаа юм. Үүнийг олон удаа ярьсан боловч төдийлөн дорвитой зүйл хийж чадаагүй.
-Гэхдээ Засгийн газар, УИХ орон нутагт эрх мэдлийг тодорхой хэмжээнд шилжүүлсэн гэж тайлбарладаг...
-Ганц, хоёр боловсон хүчний томилгоо, тодорхой төсөв, хөрөнгөтэй холбоотой асуудлыг Засаг даргад шилжүүлснийгээ орон нутгийн эрх мэдлийг нэмэг-дүүллээ гэж ойлгодог нь харамсалтай хэрэг. Үнэндээ тэр орон нутгийн иргэдийн хурал гэдэг бол "жалга довын" депутатуудаар бүрдсэн, тэдний сонирхлыг илэрхийлдэг байх ёстой газар юм. Яагаад "жалга дов" гэж байна гэхээр, зөвхөн орон нутгийн шинж чанартай асуудлаа л тэд шийддэг байх ёстой.
Тухайлбал, хог хаягдал, хот тохижилтийн асуудал, тухайн баг, хорооны оршин суугчдад хамааралтай асуудал зэрэг олон зүйл бий. Гэтэл та өөрөө мэдэж байгаа, өнөөдөр УИХ-ын гишүүн тэр сум, баг, хороонд болж байгаа асуудлыг ярьдаг. УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг шийддэг болчихсон. Тэгэхээр орон нутгийн иргэдийн хурлын ач холбогдол, үнэ цэнэ ямар байх вэ. Мэдээж тухайн иргэний асуудал УИХ, Засгийн түвшинд шийдэгдээд байгаа учир Иргэдийн хурлын ажил, үүрэг иргэдэд хамааралтай тусч чадах уу гэдгийг бодох хэрэгтэй.
-Тэгэхээр таныхаар бүх эрх мэдлийг тухайн аймаг, сумдад нь бүрэн шилжүүлэх хэрэгтэй байх нь ээ?
-УИХ-ын сонгуульд оролцсоноор төрөө эмхлэн байгуулах, улс орны болон өөрийнх нь амьдралын олон асуудал шийдэгдэнэ гэдгийг хүмүүс тэртэй тэргүй олгож байгаа. Харин орон нутгийн сонгуульд саяын ярьсан гажигтай тогтолцооны улмаас иргэн хүнд өөрт шаардагдах сонирхол нь байхгүй байна гэсэн үг. Мэдээж өнөөг хүртэл иргэд хэд хэдэн удаа ИТХ-ыг сонгосон. Төлөөлөгчтэй байж үзсэн. Гэтэл эргээд ир-гэдийн хурал нь иргэддээ үйлчлэх эрх мэдэлгүй, нутгийнхаа ард түмний асуудлыг шийдвэрлэх нөхцөл, боломжоор хангагдаагүй, бүтэц, зохион байгуулалт, төсөв хөрөнгө бүрдэхгүй байна. Ийм байдалтай байгаа нь иргэд ИТХ-ын мөн чанарыг гаргаж чадахгүй, иргэд ч үүнийг ойлгоход хэцүү.
-Хоёулаа эргээд ирцийн талаар ярилцъя. Иргэд үүргээ биелүүлэхгүй байна гэж зарим хүн дүгнэж байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна?
-Ингэж хэлж болохгүй л дээ. Албан хүчээр "Та нар сонгуульд оролцох ёстой" гэж хэлээд, сурталчлаад, яриад, загнаад, үүрэгдээд энэ асуудлыг яаж шийдэх юм бэ. Сонгуульд оролцоно, саналаа өгнө гэдэг бол сайн дурын, хүсэл зоригийн шинжтэй зүйл. Хүн өөрийн чөлөөт хүсэл, зоригтоо үндэслээд саналаа өгдөг. Үүнтэй уялдаад хэлэхэд иргэдэд маань ИТХ-д итгэх итгэл, сэтгэл, сонирхол байхгүй байна л гэж хэл-мээр байна. Зарим хүн ИТХ-ын асуудал бол нийтийн сонирхол гэх мэтээр ярьж байна л даа. Үгүй шүү дээ. Энэ чинь иргэдийн өөрийнх нь сонирхлоор бүрдэх ёстой. Үүнд албадлага хэрэглэх, эсвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд хариуцлагагүй, үүргээ биелүүлэхгүй байна гэж шүүмжилж болохгүй. Үнэндээ үүрэг биш шүү дээ, энэ чинь. Улс төрийн эрх, эрх чөлөө гэдгийг хүн өөрийн хүсэл зориг, чөлөөт сонголтоороо хийдэг. Хүсэл, зориг нь төрөхгүй бол тэр хүнийг үүргээ биелүүлсэнгүй гэж шахаж, шаардах ямар ч үндэс байхгүй, чөлөөт ертөнцөд.
-Нөгөөтэйгүүр нэр дэвшигчдээс шалтгаалах зүйл их бий л дээ. Жишээ нь, огт мэдэхгүй нэг хүн сурталчилгаа хийгээд эхлэхээр хүмүүс тоомжиргүй хандаж, сонгуульд оролцохгүй байх шиг?
-Өөр утгаар нь тайлбарлах юм бол харин ч энэ удаа нэр дэвшигчид маань их мөнгө зарж идэвхтэй ажлалаа. Би хувьдаа тэд ингэж ажилласны үр дүнд сонгогчдын ирц санасныг бодвол дээшлэв үү гэж бодож байна. Ялангуяа, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд. Яагаад гэхээр, нэр дэвшигчид идэвхтэй, өргөн хүрээтэй ажиллахад сонгогчид идэвхждэг. Үүнээс үзэхэд харин ч ирц идэвхжээд, идэвхжээд л ийм байна гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр энэ нь бидэнд нэгийг бодуулах ёстой юм.
-Нэр дэвшигчийн сурталчилгаа сонгуулийн ирцэд их нөлөөлнө гэж та хэлж байна л даа. Харин иргэдийн хувьд нэр дэвшигч хэн байх нь илүү чухал байдаг болов уу?
-Хүмүүс тийм ч хүн дэвшлээ, энэ ч бизнесийн хүн байна гэх мэтээр ярьж байна. Гэхдээ энэ бол УИХ-ын сонгууль биш шүү дээ. Ер нь иргэдийн хурал гэдэг тухайн орон нутгийнхаа хэмжээнд илүү санаачлагтай, эсвэл илүү нэр хүндтэй хувь зүтгэлтнүүдээс л бүрддэг газар. Намын бодлого юм уу, улс төрийн замаар ямар нэг ажил хэрэгжүүлдэг газар биш. ИТХ иргэдийн талд л байх ёстой. Энэ утгаараа тухайн нэр дэвшигч дүүрэг, аймаг, сум-даа тодорхой хэмжээнд танигдсан хүн байдаг. Нөгөө талаас, сонгогчдыг сонгуульд оролцуулахад сурталчилгаа их шаардлагатай. Жишээ нь, Солонгост сонгуулийн комиссынхонтой уулзаад, харж байхад нөгөөх солонгосын жүжигчид, дуучид чинь НҮБ-ын элч дуучин гэдэг шиг сонгуулийн элч дуучин маягаар оролцоно. Өнөөх Жан Нара ч гэдэг юм уу дуучин, жүжигчин хүмүүс залуусыг уриалдаг, төрөл бүрийн шоу зохиож идэвхжүүлдэг. АНУ-д сонгогчдод хүрч ажиллах хөтөлбөр гаргаад ажилладаг гэх мэт сонгогчид улс төрийг сонирхдоггүй учраас урлаг, уран сайхан зэрэг нийгмийн бүхий л салбар, бүлэгт хүрч ажиллахыг хичээдэг. Ер нь ирцийн тухай асуудал нь орчин үеийн нийгмийн гол бэрхшээл болчхоод байгаа л даа.
-Түүнээс гадна намын нэр, нөлөө их байх шиг санагддаг?
-Би таны хэлсэнтэй холбогдуулан хэлэхэд, цаашид дүүргийн иргэдийн хуралд улс төрийн нам нэр дэвшүүлэхийг хориглох ёстой. Өнөөгийн манай орны нөхцөлд аймаг, нийслэлийн хуралд нам оролцож болно. Харин иргэд өөрсдийнхөө хуралд байдаг болчихвол хэнээр ч шахаж, шаардуулахгүй СӨХ, орон сууц, хашаа хороо, газар олголттой холбоотой асуу-дал гэх мэт олон зүйл ший-дэгдэх боломжтой болно. Ер нь энэ сонгууль иргэдэд эрх мэдлийг нь өгөөд, тэд өөрсдөө хуралдаа оролцоод.Засаг дарга ч юм уу, төрийн үйлчилгээ үзүүлдэг бусад холбогдох газруудаа шахаж шаарддаг механизм бий болгох шаардлагатай байна гэдгийг ойлгуулж байгаа юм.
-Ирцэд босго хувь заахгүй байвал болохгүй юу?
-Цөөн тооны сонгогчтой байхын дутагдалтай тал бий л дээ. Юу байдаг вэ гэхээр, сонгуулийн үр дүнгээр төлөөллийн ардчилал хэрэгжиж байгаа шүү дээ. Тиймээс цөөнхөөс сонгогдох нь тухайн хүний олныг төлөөлөх чадварыг бууруулдаг. Харахад хууль ёсны төлөөлөгч байгаад байдаг, гэтэл бодит амьдрал дээр түүнийг эсэргүүцэх хэлбэрүүд нь илэрч эхэлдэг. Тухайлбал, жагсаал цуглаан хийх, үл ойшоох байдал мэдрэгдэх, хэвлэл мэдээллээр түүний эсрэг янз бүрийн мэдээлэл гарах гэх мэт үйлдэл илэр-дэг юм. Тийм учраас л хуульд 50 хувийн босго зааж өгсөн. Гэхдээ нэг буруу зүйл нь аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт 50 хувь байна гээд заачихсан байгаа. Хуучин, тухайн тойр-гийн нийт сонгогчийн 50 хувь гэж байсан. Тэр заалтаараа байсан бол одоо ирц нь бүрдчихсэн байгаа тойргийн асуудал нөгөө тойрогт хамаарч цуцлагдахгүй байх боломжтой.
-Тэгвэл та хуулийн дээрх заалтыг буруу гэж бодож байгаа юм уу?
-Шууд буруутгаж боломгүй л дээ. Тодорхой босго байх нь зөв боловч бодит амьдрал дээр хуулийн заалтыг өөрчлөх хэрэг-тэй юм гэдэг нь харагдаж байна. Ямар нэг босго, хувь байхгүй гэчхээр төрийн байгууллагын зүгээс иргэдийн оролцоог анхаарахгүй хаячхаж магадгүй. Үүнээс үүдээд байнга нэг тийм "намхан" ирцтэй болчихвол бас хэцүү. Тиймээс тухайн тойрог бүрт 50 хувиас дээш гэж заалт оруулах нь амьдралд хэрэгжих боломж муутай.
-Сонгогчдын ирц жилээс жилд буурч байгаа гэсэн судалгаа бий. Одоо дахин сонгууль явуулахад ирц хангалттай болж чадах уу?
-Үүнийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Энэ чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд бусад улс, оронд ч ийм тохиолдол бий. Мөн өндөр хувийн ирцтэй ч газар цөөнгүй. Тэр ч бүү хэл, сонгуульд оролцохгүй бол торгодог журамтай газар бас байдаг. Гэхдээ сонгууль шахалт, шаардлагын дор явагддаггүй учир ирц аяндаа буурдаг л даа. Хүмүүс улс төрийг сонирхохоо болих, нам, хүчин болон улстөрчдөд итгэхгүй, эсвэл би өрөөсөө хувийн амьдралаа болгоод тэрэнтэй, тэрэнгүй болгоно гэсэн ойлголттой байх нь ч олон. Эсвэл бүр бусдадаа найдах гэх мэт олон шалтгаан, хэлбэрээр сонгуульд оролцохгүй байх явдал гардаг. Судлаачид ч өөр, өөрийнхөөрөө тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, ухаалаг, эрүүл, үүрэг хариуцлагаа хүлээсэн сонгогчид саналаа өгч байгаа нь сонгуулийн үр дүнг чансаатай гаргадаг гэж нэг хэсэг нь үздэг. Одоо дахин санал хураахад, ирц төдийлөн нэмэгдэхгүй л болов уу. Дахиад унах өндөр магадлалтай.
-Өөр гарц бий юу?
-Харагдаж байгаа зүйл гэхээр, нэг бол иргэдэд урилга явуулж, төрийн зохион байгуулалттайгаар сонгуульд оролцуулах нэг арга байна. Гэвч энэ хэцүү. Нөгөөтэйгүүр, хуульд өөрчлөлт оруулаад дээр ярьсанчлан тухайн тойргийн ирц 50 хувьд хүрч байгаа газруудын дүнг зөвшөөрөөд, хүрээгүй тойргуудад дахин сонгууль явуулах муу арга байна. Ингэхгүй бол асуудал шийдэгдэхгүй. Бүр хүчингүй болгоё гэвэл нийгэмд бас улс төрийн болон бусад асуудал үүсч болзошгүй учир хүлээж авахад төвөгтэй.
-Энэ бүхнээс гадна сонгогчдын сэтгэл зүйтэй холбоотойгоор ирцэд нөлөөлөх зүйл байгаа байх гэж бодож байна л даа. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дараа иргэдийн саналыг луйвардчихдаг юм чинь гэх байдлаар хан-дах хүн олон гарч ирлээ?
-Сонгуулийн ирц, оролцоо тодорхой цаг үед буурч, бас идэвхжээд байх шиг байгаа юм. Улс төрийн орчин, нийгэм эдийн засгийн байдал, тухайн үеийн сэтгэл зүйн байдал, уур амьсгалтай холбоотойгоор дээрх байдал үүсдэг. Тэгэхээр шалтгааныг нэг утга, нэг өнгөөр тайлбарлах бололцоо байхгүй.
-УИХ-ын сонгууль шударга бус болсон. Сая орон нутгийн сонгууль ч мөн адил хэмээн ярьж байна, үүнтэй санал нийлэх үү?
-Эхлээд сонгуульд оролцоогүй хүмүүсээс асуугаад үзэх хэрэгтэй л дээ. Хэд нь ямар шалтгаанаар оролцоогүй юм. Санал өгөөгүй арван хүн байлаа гэхэд хэд нь "Энэ надад ямар хэрэгтэй юм" гэх бол, хэд нь "Би огт оролцож байгаагүй" гэж хариулах нь вэ. Эсвэл хэдэн хүн "Нэр дэвшигчид нь бүгд таалагдаагүй" гэсэн хариулт өгч байна гэдгийг судлах нь зөв юм. Сүүлийн үед бид улс төр, нийгмийн амьдралын том асуудлыг ярихдаа баримттай, судалгаа шинжилгээтэй яримаар байгаа юм. Жирийн иргэн хүн янз янзаар тайлбарлаж болно. Харин төрийн болрн хэвлэл, мэдээллийн түвшинд байнга судалгаа байх шаардлагатай юм. Дэлхийн том телевизийн суваг, сонины газрууд дэргэдээ судалгааны багтай байдаг. Тэд баримттай болсныхоо дараа ярьдаг. Манайд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл арай дэндэж байна. Шударга бус болж байгаа учраас сонгогчид оролцохгүй байна гээд яриад байна. Эхлээд суд-лаад үз л дээ, яагаад тэр хүн оролцохгүй байгаа юм гэдгийг. Харин дараа нь судал-гаа хийгээд, дүгнэж шинжлээд ярих хэрэгтэй.
-Тэгэхээр та шударга бус гэдэгтэй санал нийлэхгүй гэсэн үг үү?
-Нэг жишээ хэлье, теле-визээр нэг хүн хэлж байгаа юм. "Би АН-ыг дэмждэг хүн. Гэтэл Улаанбаатарт миний дэмжсэн хүн гарахгүй байна" гэж. Гэтэл одоогийн байдлаар нийслэлийн 20 суудлаас МАХН зургаахан суудал авсан. Ялагдсан уу, ялагдчихсан л байна шүү дээ. АН 16 суудалтай байна, тэр хүн саналаа өгсөн үү, өгсөн. Дүн гарсан уу, гарсан байна. Тэгэхээр сонгууль шударга бус болоод байгаа сонгууль “шударга бус” хэмээн хөөрөгдөх явдлыг нэр дэвшигчид, улс төрийн намууд өөрсдөө зохион байгуулалттай гаргаж байна. Үүнийгээ тайлбарлахдаа, энэ л сонгогчдын ирцийг будлиулж байна гэдэг. Гэтэл санал луйвардаж байна гэж яриад байгаа боловч яг хуулийн байгууллага дээр очихоор нэг нь ч шийдэгдэхгүй л байна. Харин бодитой, зохион байгуулалттай зүйл хийж буй хүмүүс бий. Тэдэнд л ял өгмөөр байгаа юм. Энэ чинь гэмт хэрэг.
-Өнөөг хүртэл сонгууль будлиантуулдаг гол хүчин зүйлийн нэг нь бүртгэл, мэдээллийн асуудал яах аргагүй мөн. Таныг СЕХ-нд ажиллаж байх үед ч энэ асуудал байсан байх?
-Сүүлийн жилүүдэд иргэний бүртгэлийн систем олон шалтгаанаар нэгдсэн тогтолцоотойгоор үйлчлэхээ больчихсон. Улаан-баатарт гэхэд, миний мэдэж байгаагаар олон, арван мянган хүн бүртгэлийн зөрчилтэй амьдардаг. Сая болсон орон нутгийн сонгуулийн тухайд УИХ-ынхаас ялгаатай нь зөвхөн байнга оршин суугчид л санал өгөх ёстой гэсэн зүйл байгаа юм. Тэгэхээр УИХ-ын сонгууль-тай харьцуулбал ирц буурах нь мэдээж асуудал. Үүний зэрэгцээ анхаарах асуудал юу вэ гэхээр, иргэний үнэмлэхтэй мөртлөө сонгогчийн нэрийн жагсаалтад ороогүй бол санал өгөхгүй гэж. Та бод доо, Монгол Улсын иргэнийг гэрчилдэг цорын ганц албан ёсны баримт юу юм бэ. Иргэний үнэмлэх. Гэтэл иргэний үнэмлэхтэй хүнийг сонгуульд орууллаа, бичиг хийж өглөө гээд загнаад байгаа юм. Тэр иргэний үнэмлэх хуурамч биш, журам зөрчөөд олгочхоогүй, тухайн хүн хууль ёсоор иргэний үнэмлэхээ эзэмшиж байгаа л бол хаяг дээрээ байсан байгаагүй сана-лаа өгөх л хэрэгтэй, миний бодлоор. Өнөөдөр орох газаргүй, орон байргүй хүн зөндөө байна. Ер нь бол яахав, хүн нэг хаяг дээр байх ёстой доо, тэгээд тань-даг мэддэг нэг хүнийхээ хаяг дээр нэрээ бичүүлээд иргэний үнэмлэхээ авлаа даа. Гэтэл сонгох эрхээ эдлэх үед тэр хаяг дээр амьдардаггүй ч тогтвортой байдаг нэг айлдаа бүртгэлтэй байгаа. Тэгээд тухайн харьяалагдсан хороо, хэсэгтээ очоод саналаа өгөх гэхээр "Чи санал өгч болохгүй" гэж байгаа нь зөв үү. Сая ч бас дээрх шалтгаанаар олон хүн оруулаагүй гэж би сонслоо. Энэ бүхэн бүртгэлийн системтэй холбоотой. Тиймээс иргэний үнэмлэхтэй нь өөрөө зөрчил юм шиг болоод байна.
-Цаашид ер нь яах ёстой вэ, сонгогчдын ирц буурч байна. Бүртгэлийн систем нь болохгүй байна гээд олон асуудал хөндөгдөөд ирлээ..
-Орон нутаг, УИХ аль аль нь, ер нь сонгууль гэдэг өөрөө дандаа нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг цаад утгаараа дохио болгож харуулаад байдаг юм. Одоо жишээ нь, нийгэм эсэргүүцэж байна гэдэг ч юм уу, эсвэл хөндүүрэлж, зовж байна гэдгийг илэрхийлдэг. Мөнгө тараа-лаа гээд л байна. Энэ чинь манай санхүү, татварын систем болохгүй байна аа л гэсэн үг. Ингээд албан ёсны системүүд ажиллахгүй байгааг нь харуулаад байхад Сонгуулийн ерөнхий хорооны зарим ажилтныг л загнаад байгаа юм. Гэтэл СЕХ-нд ажилтан байхгүй. Угаасаа л улс төрийн намын хүн байдаг байхгүй юу. Хаа ч тийм л байдаг. Гэтэл хий хоосон, хэнийг загнаад байгаа нь мэдэгдэхгүй, өөрийнхөө намын сонгуульд ажилласан хүмүүсийг л хараа гаад байгаа мэт улс төр дэх зарим хүн ярих юм байна шүү дээ.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг гишүүд их ярьж байгаа. УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг дор явуулъя гэсэн санал гарсан. Үүнийг дэмжиж байна уу?
-Нэг талДаа зөв. Нөгөө талаасаа энэ чинь Орон нутгийн сонгууль. Тэгэхээр
орон нутгийн сонгууль биш болох нь л дээ. Үүнийг тайлбарлаж байгаа шалтгаан нь энэ олон сонгуулийн тоог багасгая гэж байгаа. Мөн далд нэг шалтгаан бий. Юу гэхээр, Засаг дарга гэдэг маань Засгийн газрын төлөөлөгч, орон нутгийн гүйцэтгэх байгууллагын хүн. Харин одоо ИТХ нь Засаг даргад нэр дэвшүүлдэг болчхоод байгаа юм. Зүй нь үүнийг болиод ИТХ менежерээ томилоод, Засаг даргыг Засгийн газраас томилдог байх тогтолцоонд шилжих ёстой юм л даа. Ийм зохицуулалт хийгээд өгвөл бид энд орон нутгийн асуудлыг хаа байсан УИХ, Улаанбаатарт мэдрэхгүй болно.
-Та дээр орон нутгийн сонгуулиас нэг зүйлийг ойлгож авах хэрэгтэй гэсэн. Нэг зүйл гэдэг нь чухам юуг хэлээд байна вэ?
-Манайхан дөрвөн жил болж байгаад нэг сонсохоороо сонгуультай холбоотой л болж, бүтэхгүй зүйл гарч ирээд байна гэж ойлгоод байдаг. Үгүй л дээ, энэ чинь нийгмийн амьдралын толь байхгүй юу. Одоо танай сонины нэр байна шүү дээ, "Нийгмийн толь". Тэгэхээр нийгмийн толь бол сонгууль юм. Сонгуульд зөв дүн, шинжилгээ хийх юм бол нийгмийн бүх асуудал гараад ирнэ Хүмүүсийн зан ааш, үзэл бодол, хандлага, улс орны амьдралд болж байгаа, болохгүй байгаа зүйлсийг гаргаад л ирж байна. Амьдрал муу байна, мөнгө өгөөч тэгвэл саналаа өгнө, хаана архи өгч байгаа юм гэх архичин хүн. Энэ бүхнийг сонгууль ил гаргаж өгдөг.
Танай сонинд өгч байгаа ярилцлагын төгсгөлд хэлэхэд сонгууль бол чухамхүү нийгмийн толь байдаг юм шүү. Тийм учраас энэ орон нутгийн сонгууль бидэнд нийгмийн асуудлаарх олон зүйлийг харуулж байгаа толь. Харин толинд байгаа дүрсийг олж харахдаа "Миний царай муухай харагдлаа" гэж уурлах хэрэггүй. Харин муухай харагдаж байгаа бол түүнийгээ засах ёстой гэсэн том дохио, сануулга гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш ирцийг их байлгаснаар сонгууль амжилттай болно гэсэн үг биш. Сонгууль өөрөө нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, шалгуур болдог зүйл юм.