Н.Энхбаярт уучлал үзүүлэх гэнэ
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн Халз мэтгэлзээний үеэр
2012.10.30

Н.Энхбаярт уучлал үзүүлэх гэнэ

Ийм яриа чих дэлсэх болсон нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай ч холбоотой байж мэдэх юм. Ямартай ч бүтэн хоёр өдөр ард түмний нэгээхэн хэсэг газар газраас цуглан “Ард түмний шударга их хуралдай”-д оролцон жин­хэнэ тэс­рэлт болж байхад Төрийн тэргүүн чихээ бөглөж суугаагүй нь лав. Тэгээд ч ийм хуралдай болсон, бо­лоогүй Ерөнхийлөгч Н.Энхбаярт ууч­лал үзүүлэх гэсэн яриа хуулийн хүрээнийхний дунд газар аваад байсан билээ.

Ерөнхийлөгчийн тухай хуу­лийг батлах үеэр манай ур­даа барьдаг хуульчид ухаа­наа уралдуулж байх тэр үед “Ер нь дэлхийн улс орнуу­дын туршлагаас харахад ч, Монголын хаадын түүхээс үзэхэд ч  Төрийн тэргүүн,  Ерөн­хийлөгчийн  гол хол­богддог хэрэг нь Төрийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвасан хэрэг л байдаг юм байна. Түүнээс өөр Ерөнхийлөгч холбогдоод байх хэрэг юу л байв гэж” гэцгээж байжээ. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр албаа өгс­нөөс хойш гурван жилийн дараа авлигын хэрэгт холбогдон “өөр хэрэг”-т холбогдвол өршөөж уучилж болох уу гэдэг асуултыг гаргаж ирэх нь тэр.

Олон нийт энэ асуудлыг хэрхэн хүлээн авч байна вэ, хойч үед түүхээ хэрхэн бичиж үлдээх вэ гэхээс эхлээд олон талаас нь бодох асуудал. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удаа дараа хэлсэн үгээс харахад “Монгол Улс авлигатай тэмцэхдээ хэнийг ч үл өршөөнө, төрийн өндөр албан тушаалтан хийгээд жирийн иргэнд хууль тэгш үйлчилнэ” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Үүнийгээ ха­рийн орнуудад төрийн хэмжээний уулзалт хийхдээ ч заавал дурьдаж авлигатай ингэж тэмцэж чадаж бай­гаагаараа бахархсан байдаг. Тэгэхээс ч аргагүй юм. Харин одоо тэрбээр Н.Энхбаярыг уучлах эсэх талаар бодож эхэлсэн бололтой. Нэгэнт Н.Энхбаярт ялын тогтоолыг нь гардуулсан, Монголоос гарах хориг хуулийн дагуу тавьсан энэ нөхцөлд түүний биеийн байдал маш хүнд байгааг харгалзан үзээд уучлал үзүүлчихвэл иргэдийн зүгээс ямар реакц үзүүлэх бол.

Хэдийгээр жишиж адилтгаж бо­лохгүй хэрэг ч гэлээ Монгол Улс дөнгөж дөрөв дэх Ерөнхийлөгчийн нүүрийг үзээд байгаа нь энэ. Дөнгөж гэдгийн учир нь түүх үргэлжилнэ шүү дээ. Энэ цаг мөчид ойлгомжгүй байгаа асуудал дээр хуульдаа өөрч­лөлт хийгээд цэгцэлж авахгүй бол цаашид жишиж харьцуулах, барьцаж эсэргүүцэх зүйл олонтаа гарч мэдэх юм. Тухайлбал анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг халаагаа өгөхөд хоёр дахь Ерөнхийлөгч Н.Бага­банди түүнийг “Чингис хаан” одонгоор шагнасан байдаг юм. Хожим нь Н.Багабанди Ерөнхийлөгчийн ал­быг Н.Энхбаярт хүлээлгэн өгсний дараахан Сүхбаатарын одон хүртсэн.

Гэтэл Н.Энхбаярт Ц.Элбэгдоржид Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш энгэрээ цоолох нь байтугай үйл явдалтай учраад байгааг бид харж байна.

“Хэдийгээр Ц.Элбэгдорж хуу­лийн дагуу бүх ард түмнээс сон­гогдсон учраас Н.Энхбаяраас тө­рийн хасвуу тамгыг гардан ав­сан ч “ёс ёмбогор, төр төмбөгөр” гэ­дэгчлэн Н.Энхбаярыг шагнадаггүй юм аа гэхэд уучлал үзүүлээсэй. Монголын төр хуульдаа өөрчлөлт оруулаад нэгэн цагт Төрийн тэргүүн байсан хүнээ шоронд үхүүлсэн гэж түүхэндээ бичихгүй юмсан” гэж ярих хүн олон байна. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид ийм боломж бий. Түүнийг Төрийн тэргүүний хувиар уучлал үзүүлсэн байхад хэн ч “Н.Энхбаярт долигнолоо” гэхгүй. Учир нь Монголын Төрийн тэргүүн асаны амь нас хутганы ирэн дээр байгаа болохоор тэр шүү дээ.

Хэрэв уучлал үзүүлж амжихгүй амь нас нь эрсэдвэл “Монголын гуравдахь Ерөнхийлөгч авлигын хэргээр шоронд амиа алдсан” гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж түүхэнд ч тэгж л үлдэнэ. Харин “Монголын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үнэхээр ийм осол эндэгдэл гаргасан ч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, мөн Монголын төрд хийсэн ийм, тийм гавьяаг нь бодож Монголд мөрддөг хуулийн дагуу Төрийн тэргүүн нь уучлал үзүүлжээ” гэвэл арай чихэнд чимэгтэйсэн. Нөгөөтэйгүүр “Монголын төрт ёсны уламжлал орчин цагийн улс төртэй уялдахдаа төрийн хар хайрцагны бодлого нь нарийн утга учиртай, Төрийн тэргүүнүүд нь өмнөх болон дараагийн үедээ гүн хүндэтгэлтэй ханддаг. Үүнийгээ хуулийн дагуу хэрнээ хүн чанартай хосолсон нарийн уялдаатай байдаг юм байна” гэсэн ойлголт төрүүлэх болов уу. Ямартай ч энэ асуудлыг шийдэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  эр зориг, холч хараа, мяндсан ухаан хангалттай хүрэлцэнэ гэдэгт эр­гэлзэхгүй байна. Ер нь түүний асуудлыг оновчтой зөв шийдвэрлэх, зөрчилдөөнийг эвлэрүүлэх, хайнааг хагалах ур дүй, мэдрэмж олон нийтээс өндөр үнэлгээ авдаг билээ.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийг аварлаа. Тэрбээр Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүдийг бүлэгтэй болгох нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл санаачлан өргөн барьсан байна. Тухайн үед МАН-ынхан ялагдлын шоконд орсноос эсвэл хэт бардам сэтгэдгээсээ болоод 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлт, бүлгийн гишүүдийн нэрийг УИХ-ын даргад өргөн бариагүй энэ байдлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялж, ялагдаж сурсан улстөрчийн хувьд ойлгож, цаашид тодорхой хугацааны хязгаарлалтгүй болох нь зүйтэй гэж үзсэн аж. Түүний энэ шийдвэр улс төрийн тогтвортой байдлыг хадгалах, намуудын хоорондын үл ойлголцол, зөрчилдөөнийг арилгах хамгийн боловсон арга зам мөн ч байж болох юм.

Ямартай ч МАН-ынхан Ц.Элбэгдоржид “өртэй” болдоггүй юм аа гэхэд талархаж явах хэрэгтэй болох нь.

Дашрамд дурьдахад тэрбээр Н.Энх­баяр, түүний намд МАХН нэ­­рийг авч өгсөн бас нэгэн “улс тө­­рийн” буян үйлдсэн удаатай. Ту­хайн үед Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлалаар явсан хойгуур Үндсэн хуулийн Цэцээс өгөөгүй МАХН нэрийг Улсын Дээд шүүх Н.Энхбаярт өгчихсөн. Өөрөөр хэлбэл айлчлалд явахдаа “Н.Энхбаярт МАХН нэрийг өгчихөөрэй” гэж үүрэгдчихээд яв­сан нь тодорхой. Хэдийгээр улс төрийн талаас нь харвал МАН, МАХН хуваагдах тусмаа түүнд ашигтай ч эцсийн үр дүнд, эгэл ардынхаа дунд “Ц.Элбэгдорж яасан сайн Ерөнхийлөгч вэ. Аргагүй л эв нэгдлийн илэрхийлэл юм даа” гэсэн ойлголт үлдээсэн. Харин Н.Энхбаярт МАХН нэрийг өгсөн нь Ц.Элбэгдоржийн “улс төр”-д ашигтай байсан уу гэвэл үгүй. Учир нь тэрбээр МАХН нэрийг авсан Н.Энхбаярын нам М.Энхсайханы байгуулсан МҮАН-тай эвсэж сон­гуульд оролцсоноор УИХ-д бүлэг байгуулах хэмжээний ялалтад хүрнэ гэж яахин төсөөлөх билээ. Гэхдээ түүнд хувийн ашиг хонжоо бус улс төрийн тогтвортой, тэнцвэртэй байдал илүү чухал ажээ.

Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн энэ улс оронд болохгүй байгаа асуудал бүхнийг эв зүйгээр шийдэхийн төлөө байгаа арга хэлбэр нь эзнээ чимж явааг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Ёстой л Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг үнэнийг хэлье, ну­лимсаараа зуурч хэлье. Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг үнэнээ хэлье. Амьсгалаа зангидаж хэлье” хэмээснийг бодоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ улс төрийн тэмцлийн түүхийг түр огоорч, хууль зөрчиж эндсэн явдалд нь Н.Энхбаярт Монгол Төрийн их уучлалыг үзүүлж яагаад болохгүй гэж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.