М.Энхсайхан: “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэж би хэлж чадахгүй
2012.10.01

М.Энхсайхан: “Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна” гэж би хэлж чадахгүй

-Сонгуулиас хойш та хэв­лэлд огт ярилцлага өгсөн­гүй. Өнгөрсөн сонгуулийн талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ. Тухайлбал та яагаад ялагдчихав гэдэгт ямар дүгнэлт хийж байна вэ?
-Дуугүй суух нь надад таалагдаж байгаа. Тэгээд ч юугаа хэлэх билээ. Сонгуульболлоо, ард түмэн саналаа өглөө. Хэн нь илүү дуугарч хэн нь хойшоо суухыг шийдээд өгсөн шүү дээ. Ард түмэн Ардчилсан намд төр барих санаачилгыг атгуулж, Ардын намд ёстой нэг дуугарсан шиг дуугарах эрхийг өгсөн. Бид,  МҮАН-ынхан авсан саналдаа тохируулж дуугарсан нь дээр.

Сонгуулийн дүн сайхан болсон. Хэнд ч дураараа загнах бололцоог өгөөгүй. Ялангуяа МАНАН тог­толцоонд тийм бололцоо гарсангүй. Сонгуулийн хамгийн том улс төрийн үр дүн бол МАНАН хэмээх улс төрийн үзэгдлийг зогсоож чад­сан явдал юм. Гэхдээ дан ганц сон­гогчид шийдсэн хэрэг биш. МАНАН үзэгдлээс холдох сонирхол Ардчилсан намд өөрт нь ч байсан. Тиймээс тэд шинэ Засгийн газар байгуулахдаа Ардын намтай бус бусад намтай ажиллах бололцоотой боллоо. Уг нь хуучнаараа “манантах” бололцоо АН-д 100 хувь байсан шүү. Түүхэн бололцоог АН ашиглахдаа Монголоо өөрчилье гэдэг сэтгэлээр хандсан нь тааламжтай байлаа.
-Танай намынхан МАХН-тай эвсээгүй бол УИХ, Засгийн газрын бүтэц дэх одоогийн амжилтад хүрэх байсан уу?
-Манай нам МАХН-тай эвссэнээр сонгуульд амжилт үзүүлсэн. Үүнийг манайхан хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ амжилт маань хамтынх гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинэчлэлийн гэсэн тодотголтой Засгийн газар чамгүй дуншиж байж байгуулагдлаа. Одоо юу хийх бол гэдэг л сонин байна. Монголд үнэхээр шинэчлэл авчирч чадвал бид өөрсдийгөө үнэхээр амжилт гаргасан юм байна гэж үзье. Манай нам эрх баригч нам болсны хувьд улам л хариуцлагатай байх хэрэгтэй болж байна.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар зөвшилцөл явж байх үед таныг Сангийн сай­даар томилогдох нь гэлцэж бай­сан. Гэтэл Н.Энхбаяр эмнэлэгт хэвтэж байгаа ч гэсэн эсэргүүцэж бай­гаагаа илэрхийлснээр таны оронд Ч.Улаан томилогдсон. Яагаад ийм зүйл болов. Сонгуулийн дараа та Н.Энхбаяртай муудалцсан гэх яриа үнэн үү?
-Би ч бас томилогдож магадгүй гэсэн хүлээлттэй байсан. Сангийн сайд болчихвол эн тэргүүнд ийм, ийм өөрчлөлтүүдийг хийнэ гэхчлэн бодож амжсан шүү. Яагаад гэвэл нэгэнт Засгийн газар байгуулахад эвсэл оролцож байгаа л бол эвслийн намууд эрх тэгш харьцаатайгаар Засгийн газарт төлөөлөлтэй болох байх гэж бодож байлаа. Харамсалтай нь МАХН, Энхбаяр дарга өөр бодолтой байсан юм билээ. Бидний өчүүхэн зөрчлөөс болж АН-ын Засгийн газраа байгуулах бололцоо алдагдахыг би хувьдаа зөвшөөрөөгүй юм. Тийм учраас асуудлыг аль болох хурдан явуулахын тулд би сайд болохоос татгалзаж МАХН-ын амбицыг хангаж өгсөн юм. Түүнээс хойш би МАХН-д сэтгэл татагдахаа больсон. Миний  буруу байх л даа. Ингэлээ гээд сэлэм эргүүлдэг нь би биш ээ. Улс орны эрх ашгийн үүднээс аль нь дээр вэ гэдгээр асуудалд хандахыг би үргэлж эрмэлздэг. Энэ чигээрээ л байя.
-Эвссэн, хамтарсан Засгийн газруудад та олонтаа ажиллаж байсан. “Шинэчилсэн” Засгийн газрын талаар ямар ирээдүйг тө¬сөөлж байна вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тарах байх гэх таамаглалтай та санал нийлэх үү?
-Засгаа байгуулж амжаагүй байж нураахыг бодоод сууж байдаг нь ер нь монголчуудын зан байх. Гадаад, дотоод нөхцөл байдлаа ч харсан, ер нь жаахан ч болов бүтээлч ажил хийе л гэж бодож байгаа бол Засгийн газар тогтвортой ажиллах ёстой байдаг. Манай намын нөхөд ийм л чигийг барьж ажиллана. Энэ Засгийн газар тарах, эс тарах асуудал АН-аас л их шалтгаална.Эрхбиш улс төрийн туршлага суулаа. Бас нас сүүдэр нь ч талийж байгааг бодолцвол АН тийм үйлдэл гаргахгүй байлгүй дээ.
-Эвсэл бүхэн задардгийг өм­нөх 20 жилийн түүх харуулсан. МАХН-МҮАН-ын эвслийн насыг та тодорхойлж чадах уу. Сүүлийн үед МАХН, МАН-ын нэгдлийн талаар ярих боллоо. Энэ тохиолдолд танай нам яах вэ, юу хийх вэ?
-Сонгуулийн дараа эвсэл задардаг ч эвсэлдсэн Засгийн газар л арай илүү ажил амжуулж байсан нь бас л сүүлийн 20 жилийн түүх. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газруудын үед Монгол орон зах зээлд шилжих үндсэн алхмуудаа хийсэн байдаг. Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед “Хүүхдийн мөнгө” гэх мэтээр нийгэм рүү хандсан то¬моохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Хүүхдийн мөн­гийг Хүний хөгжлийн мөнгө гэж завхруулж, хавтгайруулж эдийн засгаа “алж” байсныг шинэ Засгийн газар засах гээд байгааг би хувьдаа сайшааж байгаа. МАХН, МАН-ын хоорондоо ойртож ажиллахын хувьд хэн ч хориглохгүй шүү дээ. Харин тэдэнд нэг л юм дутаад байдаг юм. Алсын хараа аль алинд нь байхгүй. Түүнийгээ олчихвол харин ч боломжийн хувилбар байж мэднэ. Бид үйл явдлын өрнөлийг харж байж үйлдлээ хийнэ.
-Танай намын Н.Батцэрэг УИХ дахь эвслийн бүлгийн дэд дарга, Ц.Цолмон УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Б.Цогтгэрэл дэд сайд боллоо. Танд ямар нэг албан тушаал санал болгосон уу. Санал болговол та хүлээж авах уу?
-Санал болгосон юм алга. Энэ бол чухал асуудал огтхон ч биш. Би харин монгол төр бодлогоо чамбайруулаасай л гэж бодож бай­на. Ингэхийн тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс дээрээ түшиглээд институт ажиллуулж сан­хүүжүүлэх хэрэгтэй гэж бод­дог. Ерөнхийлөгч байсан хэдэн  хүнийг нь гадны уул уурхайн компаниуд ажилд авсан болон экс Ерөнхий сайдууд уулын мухарт тарчигхан байгаагийн бурууг төр өөртөө үүрэх ёстой гэж санагддаг.
-Хямрал айсуй талаар ярьж эхэлж буйг УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал “Ямар нэг алдаа дутагдлаа нууж хямрал руу чихэх гэсэн оролдлого байж магадгүй” хэмээсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Дэлхийн эдийн засгийн байдал хүндэрч байгааг бид харж байна. Монголд ч түвэгтэй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэвч үүнд Монгол бу¬руутай биш. Монголчуудаас болж хямрал болохгүй. Том гүрнүүд өөрсдийн зовлонг “экспортлох” аргатай. Бид өөрсдийн муугаас бусдын зов­лонг “импортолж” үүрэхгүй байх талаар ажиллах хэрэгтэй байгаа юм.
-Та Н.Энхбаяртай хамгийн сүүлд хэдийд уулзсан бэ. Түүнийг өмөөрсөн PR-аас хөндийрөх болсон чинь анзаарагдсан. Энэ нь удаа дараагийн шүүхийн шийдвэртэй холбоотой юу?
-Анхан шатны шүүх болохоос өмнөхөн уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Анхан шатны шүүхийн ажиллагаа нь олон түмний нүдэн дээр явагдсан. Энэ бол шүүхийн практикт гарсан анхны тохиолдол. Шүүхийн зөв бурууг би хэлж мэдэхгүй юм. Харин шүүх ил тодоор шууд эфирт хуралдсанаараа хэлэлцэгдэж байгаа нь асуудлыг улс төр биш гэдгийг нотолчих шиг болсон.
-Та ер нь Н.Энхбаярыг хариуцлага хүлээх ёстой гэж боддог уу. Эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу?
-Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан.
-УИХ, Засгийн газар дахь МҮАН-ын гишүүд танаас хэр хамааралтай ажилладаг вэ?
-Ямар ч хамааралгүй. Тэд өөрийн гэсэн толгойтой хувь хүмүүс. Харин аливаа асуудлаар бид үзэл бодлоо нэгтгэх дээр хамтран ажиллаж байна.
-Тухайлбал Оюутолгойн гэрээний талаархи маргаан дахин өрнөлөө. Намын тань мөрийн хө-төлбөрт тусгагдсан энэ асуудлаар намын гишүүддээ тодорхой чиг үүрэг өгсөн үү?
-Тэд асуудлаа ойлгохын дээдээр ойлгож ажиллаж байгаа. Тэгээд ч Оюу Толгойг хамгийн их ярьсан эвсэл сонгуулиар цөөнх болсон гэд­гийг анхаарлын гадна орхиж болохгүй. Цөөнх олонхи болтол өдий байна.
-Одоогоос гурван жилийн өм­нө та надад өгсөн ярилцлагадаа “М.Энхсайханыг улс төрөөс зайлна гэж бодож байгаа бол санасны чинь гарз” хэмээж байсан. Харин одоо тийм бодолтой байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Санасны гарз гэе.
-Ярилцсанд баярлалаа
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.