Хаана ч ургадаг, хамгийн тэсвэртэй нь хар мод
Манай улсын ойн нөөц газар нутгийнхаа арав хүрэхгүй хувийг эзэлж, жил ирэх тусам модны хулгай ихэсч, ойн нөөцийг замбараагүй ашиглах, түймэрт өртсөн ой мод нөхөн сэргэх гэхээсээ хортон шавьжид өртөх явдал улам газар авсаар байна. Тиймээс ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх асуудал өнөөдөр манай улсын хувьд тулгамдсан асуудал болжээ. Энэ ч үүднээс ойн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах талаар төрөөс ойн аж ахуйн удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэх талаар анхаарч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн хэрэг эрхлэх газрыг байгуулсан. Үүнээс гадна тус яамны зүгээс энэ оныг "Ойн менежментийг боловсронгуй болгох жил" болгон зарлаж, найман томоохон зорилт дэвшүүлж, дөч гаруй ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа аж.
Ойн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс аймаг сумдад ойн нэгж, ой ангиуд, нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор нөхөрлөл байгуулан ойн санг гэрээгээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн нь багагүй амжилтад хүрээд байна. Ойн нөөцийг хамгаалахын тулд нутгийн иргэдэд түшиглэн ойн нөхөрлөл байгуулснаар модны хулгайг таслан зогсоох, ойн нөхөн сэргээлтийг үр дүнтэй болгох зэрэгт дэвшил гаргасан гэхэд ч болно. Манай улсын хэмжээнд байгуулагдсан ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа болон цаашид авах хэмжээ, ойн нөхөрлөлийг хэрхэн бэхжүүлэх зэрэгтэй танилцахаар БОАЖ-ын сайд Л.Гансүх болон тус яамны холбогдох албан тушаалтанууд Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллав.
Манай улсын хувьд хамгийн эн тэргүүнд тулгамдаж буй асуудлын нэг бол яах аргагүй ойн нөхөн сэргээлт. Нийт газар нутгийнхаа арав хүрэхгүй хувьд ойн нөөцтэй, дээрээс нь цөлжилтөд өртөж буй манай улсын хувьд ойн нөхөн сэргээлт, зүй зохистой ашиглалтын асуудалд анхаарлаа хандуулах нь тулгамдсан асуудал гэдгийг дурдах хэрэгтэй. Ойн тухай хууль гарснаар ойн нөхөрлөлүүд байгуулагдаж, ойг хамгаалах хууль эрх зүйн үндэслэл бий болсон байдаг. Тэртээ 2000 оны үед ой хамгаалах, нөхөн сэргээлт хийхээр орон нутгийн засаг захиргаатайгаа гэрээ хийн хамтлагууд байгуулагдаж эхэлсэн байдаг. Гэвч хууль эрх зүйн орчин байхгүйн улмаас тодорхой зохион байгуулалтад орж чадалгүй ихэнх нь зорьсондоо хүрээгүй аж. Гэхдээ л ойн нөөцийг хамгаалах, түүний нөхөн сэргээлтийг хийхэд орон нутгийн иргэдийг түшиглэх анхны оролдлого байсан гэдгээрээ хамтлагуудын гүйцэтгэсэн үүрэг их.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын хувьд ойн нөөцийг хамгаалах анхны оролдлого гарч байсан, өдгөө ч ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх талаар ихээхэн үр дүнтэй ажиллаж буй хэмээн үнэлэгддэг. Мандал сумын иргэдтэй хийсэн уулзалтаар тус сумын ойн нөхөн сэргээлт, ашиглалт хамгаалалтай танилцах ажил эхлэв. Уулзалтад тус сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ойн нөхөрлөлүүд болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид оролцож, төрөөс ойн талаар баримталж буй бодлого чиглэл, цаашид авах арга хэмжээний талаар сонирхож, санал солилцов. Төмөр замын зангилаа газарт оршдог тус сумын иргэд ойн баялгаа ашиглах нь амьжиргааны цөм хэсэг болдог гээд хэлчихэд буруудахгүй. Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн дэр мод боловсруулах технологитой танилцсан юм. Энэ үеэр төмөр замын дэр модыг бетонон дэрээр орлуулахад хэдий хэр хугацаа шаардагдах болон болж өгвөл богино хугацаанд төмөр замын дэр модыг бетонон дэр болгон солих тухайд ч санал солилцсон юм. Үнэхээр ч жилдээ багагүй хэмжээний ой модыг огтолж, дэр мод болгодог гэсэн. Дэлхийн хөгжил аль болох байгаль сүйтгэхээс татгалзаж, байгалийн баялгийг хэмнэх, зүй зохистой ашиглах болж байгаа энэ үед бид ч бас юу дутах билээ. Ойн нөөц бага-тай манай улсын хувьд төмөр замын дэр модыг аль болох яаралтай бето-нон дэр болгон сольж чадвал жилд тайрагдаж буй модны хэмжээ ч бас багасах боломж бий болно.
Өнөөдөр Мандал сумын хэмжээнд 20 гаруй ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын хувьд ойн сан бүхий газар нутгаа хамгаалж, үр шимийг нь зүй зохистойгоор ашиглах арга замыг олох зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Үүнд орон нутгийн иргэд, Засаг захиргааны байгууллагын зүгээс санаачлага гарган ажиллах шаардлагатайг БОАЖ-ын сайд Л.Гансүх нутгийн иргэдтэй уулзах үеэрээ хэлж байлаа.
Харин нутгийн иргэд ойн нөөцийг ашиглаад зогсохгүй тарималжуулах, үрсэлгээ хийх, зарж борлуулах чиглэлд ч ойн нөхөрлөлүүд идэвхтэй байж харин төрийн зүгээс ойн нөхөрлөлүүдийн бэлтгэсэн модны үрсэлгээг зарж борлуулах зах зээл бий болгож өгөх санал тавьсан. Мөнгө өгөөч гэдэг бэлэнчлэх сэтгэлгээ үгүй болж, харин хийсэн ажлыг минь борлуулах зах зээл бий болгож өгөөч хэмээн нэхэж байгаа нь үнэхээр олзуурхууштай санагдсаныг нуух юун. Түүнээс гадна хавар болонгуут дотоодын аж ахуйн нэгжүүдийн хийсэн модны үрсэлгээг үнэгүйдүүлж, урд хөршөөс ихээхэн хэмжээний тарьцын мод оруулж ирж байгааг таслан зогсоох шаардлагатай байгааг ч хэлж байлаа.
Мөн модны хулгайг таслан зогсоох, ойн ашиглалтыг сайжруулах, нөхөн сэргээлтийг үр дүнтэй болгох талаар төрийн зүгээс ихээхэн санаачлага гарган ажиллаж байгаа, Үүний нэг хэлбэр нь нутгийн иргэдэд түшиглэн ойн хамгаалалтыг сайжруулах зорилгоор нөхөрлөл байгуулах болсон явдал юм.
Өнөөгийн байдлаар манай улсын хэмжээнд 478 ойн нөхөрлөлд 4,3 мянган өрх, 8,8 мянган гишүүнтэй ажиллаж, улсын хэмжээнд 2.5 сая га талбай бүхий ойн санг эзэмшиж байгаа аж.
Мандал сумын ойн нөхөрлөлүүд нь Ойн тухай хууль, Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журамд нийцсэн ойн менежментийн төлөвлөгөө, ойн тархацын зурагтай ажиллаж, ой хамгаалах үйл хэрэгтээ багагүй ахиц дэвшил гаргаж байгааг мэргэжил нэгтнүүд нь онцлон хэлж байв.
Мандал сумын төвд болсон уулзалтын дараа БОАЖ-ын сайд Л.Гансүх Хараа голын эрэг дээр орших "Баянгол" ойн нөхөрлөлийг зорьсон юм. Тус нөхөрлөл нь 5560 га талбай хариуцдаг бөгөөд 30 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Манайдаа л хамгийн ууганд орох тус нөхөрлөл нь ойн нөхөн сэргээлт хийх талаар багагүй туршлага хуримтлуулсан бөгөөд дөч гаруй төрлийн мод тариалсан байх юм. Хаана ч, ямар ч үед ургаж чаддаг хамгийн тэсвэртэй нь хар мод. Модны хаан гэсэн алдар хүртээсэн ч болно хэмээн Баянгол нөхөрлөлийн тэргүүн Ганхуяг хэлж байсан. Үнэхээр ч түүний мод үрслүүлгийн талбайн чийгт хөрсөнд ургасан модод дотроос хамгийн ихэмсэг нь хар мод байсан. Хараа голын эрэгт байрлах "Ноён тур" амралтын газар нь тус нөхөрлөлийн санхүүжилтийн эх үүсвэрийн нэг. Ер нь ойн нөхөрлөлүүд оршин тогтнохын тулд зөвхөн ойн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй аялал, жуулчлалын болон сургалтын үйл ажиллагаа явуулдаг төвтэй байх нь зүгээр юм гэсэн бодол төрж явлаа. Бидний дараагийн очсон нөхөрлөл бол "Хургалаг". Энэ нөхөрлөл нь Хургалаг болон Үнэглэгийн амны 4583 га талбайг хариуцан ажиллах бөгөөд 30 орчим гишүүнтэй гэж байсан. Тус нөхөрлөл нь биднийг очих үеэр чацарганын суулгац тариалж байлаа.
Тус нөхөрлөлийн зөвлөх агрономичоор гавьяат Болоож гуай ажиллаж байгаа гэнэ. Чацаргана нь эр эмээр бүл болон ургадаг, 10 эмд нэг эр ногддог байна. Ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа эрхлэхэд олон бэрхшээл тулгардаг ч хамгийн гол нь хууль эрх зүйн орчинг нь улам боловсронгуй болгож, төрөөс дэмжээд өгвөл цаашид дэвжихэд амархан гэсэн үгс сонсогдож байлаа. Түүнээс гадна Хургалаг нөхөрлөлийн гишүүд зөгий үржүүлж байгаа гэсэн. Байгалийн үзэмж төгс бүрдсэн Хургалаг, Үнэглэгийн аманд удахгүй чацарганын төгөл улайран найгаж, зөгийн сүрэг нисэлдэн байх нь дээ гэсэн өөдрөг бодол төрж байлаа. Тус нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцсан БОАЖ-ын сайд Л.Гансүх "Хүн бүхэн байгаль хамгаалагч байхаас гадна нөхөрлөлийн гишүүд хамтарч байгалийн баялгаа үр өгөөжтэйгөөр ашиглах зарчмаар ажиллах хэрэгтэй. Ингэж ч бид зорьж байгаа. Тэр зорилтыг биелүүлэхэд та бүхний оролцоо, идэвхи нэн чухал" хэмээгээд цаашдын ажилд нь амжилт хүсэв. Түүнээс гадна үйл ажиллагаа нь зөв гольдрилоор яваа ойн нөхөрлөлийн уйл ажиллагааг дэмжих бодлого барин ажиллахаа ч хэлж байсан. Үнэхээр хүний нүдэнд харагдахуйц, үр дүнтэй ажиллаж байгаа дээрх газрыг дэмжээд өгвөл хөдөө орон нутагт ажлын байр бий болоод зогсохгүй нутгийн орлоготой, ойн арчилгаа, нөхөн сэргээлтэд төрөөс хөрөнгө зарах асуудал ч тодорхой хэмжээгээр цэгцрэх боломжтой болох юм билээ.
Ийнхүү нөхөрлөлүүдийн үйл ажиллагаатай танилцсан бидний аян зам Түнхэл тосгоныг зорьсноор үргэлжилсэн юм. Социалист нийгмийн үед мод бэлтгэлийн томоохон аж ахуйнууд ажиллаж байсан тус тосгоны энд тэнд модны үртсэн овоолгууд уул мэт сүндэрлэнэ. Сүүлийн жилүүдэд их хэмжээгээр хуримтлагдсан үртэснүүдийг хэд хэдэн аж ахуйн нэгж ашиглан шахмал түлш үйлдвэрлэх болсон байна. Шахмал түлш үйлдвэрлэдэг "Тайл-жийн нуруу" болон "Хүслэн Өлзий" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үртсэн шахмал түлш чухал хэрэгтэйг БОАЖ-ын сайд Л.Гансүх онцолж, бидний зүгээс шаардагдах асуудал байвал дэмжинэ гэдгээ ч хэлсэн юм. Хур бороо элбэгтэй, газрын гарц сайн, уул тал нов ногооноор униартаж, уулын модонд хөхөө донгодох нь яруу. Тэртээд Түнхэл тосгон мододын чөлөөгөөр бараантан харагдсаар үлдэв. Нэг үе зөвхөн модны хулгайчид зорьдог байсан гэх Түнхэл тосгон өнөөдөр мод тарих хүмүүсийн цуваанд дарагдах өдөр ойрхон болсон хэмээн нутгийн иргэд өгүүлж байна. Тийм ч болгоно хэмээн БОАЖЯ-ныхан зорьж байгаагаа хэлж байлаа.