2012.12.05

Гаднын соёл Монголд нөлөөлж байгаа тухай биш дэлхийд нөлөөлж байсан Монголын соёлын тухай ярих цаг болсон

ССАЖЯ, БШУЯ, СУИС, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монголын урлагийн зөвлөл хамтран "Соёлын чуулган"-ыг ирэх сарын 12-14-нд зохион байгуулах гэж байна.Энэ талаар СУИС-ийн дэд захирал Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Соёл гэдэг их өргөн агуулгатай ойлголт. Тиймээс соёл дотроос тодорхой асуудлыг нь сугалж авч ярьж таарах байх?

-ЮНЕСКО-гоос "Соёл ба хөгжил" сэдвийн хүрээнд бүс нутгийн уулзалт зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа. Түүнчлэн НҮБ-аас хүн төвтэй хөгжлийг шинэ мянганы гол зорилго болгон тодорхойлсон байгаа шүү дээ.

Тухайлбал, экологи, соёл, өндөр технологи гэсэн гурван холбоосын дунд хүн хөгжлийг авч үзэж байгаа. Энэ утгаараа хүнээ дээдлэх тогтолцоо руу XXI зууныхан явж байна. Тиймээс энэ чуулганы хэлэлцэх асуудал ч мөн дээрх зорилттой уялдаж байгаа юм.

Чуулганыг угтаж гурван сэдвийг тойруулан хэлэлцүүлэг явуулж байна. Эхнийх нь "Соёлын өв судлал" сэдэвтэй эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын монгол судлалын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Соёлын өв гэхээр биет болон биет бус өв гээд бүртгэлийн асуудал ярьдаг. Биет бус өвийн хүрээнд өв тээгч хүмүүсээ бүртгэх гэрчилгээ олгох ажил хийгдэж байна.

Ер нь соёлын евөө хамгаалах тал дээр сүүлийн үед манай улс их анхаарч байгаа. Гэхдээ бүртгэлээ гээд хамгаалагдах уу. Тэгэхээр байгаа өвөө судлах шаардлагатай байгаа юм. Гарал үүсэл нь хаанаас эхлэлтэй, юугаараа онцлогтой, гаднын эх сурвалж дээр юу гэж байгаа, Монголынх гэдгийг нь юугаар баталж байгаа юм гэдгээс эхлээд тухайн үеийн амьдрал, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг гээд бүх зүйлийн уулзвар дээрээс тухайн өвийг судлах шаардлагатай байна.

Судалгаа сайн гарна гэдэг цаашид хэрхэн өвлүүлэх, сургах, хадгалах тухай яригдана. Хуралд олон хүн идэвхтэй оролцсон. Энэ үеэр нэг яриа гарсан. Өмнө нь ч яригддаг байсан л даа. Гаднын соёлын нөлөө Монголд яаж нөлөөлж байна гэж ярьдаг. Монголын соёлын нөлөө дэлхий дахинд асар их байсан.Сая Чингис хааны мэндэлсний ойгоор ч энэ талаар яригдсан шүү дээ.

Чингис хааны бий болгосон удирдлагын хэлбэрийг дэлхий нийт жишиг болгож байсан тухай. Тиймээс өдгөө дэлхийд нөөлвөлсөн Монголын соёлоо ярих тухай олон хүн санал хэлсэн.
-Бүтээлч үйлдвэрлэлийн тухай сэдэв сонирхол татсан?

- Маргааш /өнөөдөр/ болох "Бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Бүтээлч үйлдвэрлэл гэдэг зүйл дэлхий нийтэд өргөн хүрээтэйгээр хөгжиж байна. Өөрөөр хэлбэл соёл урлагийн бүтээгдэхүүн дэлхий нийтэд бараг эдийн засгийн салбар болтлоо хөгжсөн байна.

Харин манайд хувийн хэвшлийн продакшнууд, гар урлалын хэдхэн жижиг компанийг эс тооцвол манай урлаг соёлын байгууллагууд зөвхөн төсвөөс мөнгө авах хэлбэрээр явж байна. Бүтээлч үйлдвэрлэлийн барьж авах гол чиглэл бол кино, бэлэг дурсгал, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл.

Өөрөөр хэлбэл, Монголын гэх өвөрмөц талыг гаргаж ирэхэд чиглэнэ. Их Британи зэрэг хөгжилтэй орнууд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж эдийн засагтаа 5,6-7,4 хувийн нэмүү өртгийг бий болгосон байх жишээтэй. Дэлхийн жишгээр хөгжиж байгаа нөхцөлд энэ чиглэлээр явах хэрэгтэй болж байгаа юм.

Нөгөө талаас өдгөө манайд аялал жуулчлалын салбар хөгжиж байна. Аялал жуулчлалтай бүтээлч үйлдвэрлэл салшгүй холбоотой. Гол нь хэрхэн бодлоготойгоор хөгжүүлэх вэ гэдэг нь чухал.

Түүнчлэн "Соёл урлаг-боловсрол" хэлэлцүүлэг болно. Энэ хэлэлцүүлгээр соёл гэдэг ойлголт хувь хүнийг төлөвшүүлэхэд хэр үүрэг оролцоотой болох тухай, тэр чиг хандлагыг хэрхэн тодорхойлох, одоо олгож байгаа мэргэжлийн боловсролын төвшин ямар байна вэ зэрэг асуудлыг ярих юм. Дээрх хэлэлцүүлгүүдийн хүрээнд бид урьдчилсан санал асуулгыг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүст тараасан. Тэднээс олон сонирхолтой санал ирж байгаа.

Энэ асуулга болон дээрх гурван хэлэлцүүлгээс гарсан үр дүнг товхимол болгон хэвлүүлнэ. Соёлын чуулганыг үр дүнтэй болгохын тулд өмнө нь хэлэлцүүлгүүд хийж байгаа юм.

-Соёлын тухай ярихад мэдээж мэргэжлийн хүмүүсийн үг чухал. Гэхдээ нас насны төлөөллийг сонсох хэрэгтэй байх. Тиймээс хэлэлцүүлэг болоод чуулганд хүмүүсийн оролцоо хэр байгаа вэ?

-Бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын чиглэлээр мэргэжлийн хүмүүс ярина. Жишээ нь, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гap урчууд, бизнес эрхлэгчид ирнэ. Арьс шир, ноос ноолууран эдлэл манай гол бүтээгдэхүүн шүү дээ. Аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг хүмүүсийн төлөөлөл ч оролцоно. Хүмүүст цахим хэлбэрээр санал бодлоо хэлэх боломж олгоно. Аль болох олон хүний санаа бодлыг сонсох зорилготой.

-Хэлэлцүүлэг явуулж байгаа сэдвүүдийн хувьд манайд хэр судлагдсан бэ. Зарим илтгэлийг харахад албаны хүмүүс тунхагийн чанартай зүйл ярьдаг. Гэтэл тэр чиглэлээр олон жил судалгаа хийсэн хүмүүс байдаг?

-Мэдээж тухайн чиглэлээрээ мэргэшсэн хүмүүсийг сонсоно. Жишээ нь, Эдийн засаг хөгжлийн яамны мэргэжилтэн Ц.Мөнхжаргал гэхэд соёлын асуудлыг л хариуцсан. Соёлын аж үйлдвэр үндэсний хөтөлбөрийг сайн мэдэх хүн.

Кино үйлдвэрлэл яамны зангилаа асуудлын нэг болсон учраас ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Оргил энэ чиглэлээр илтгэл тавина. Мөн брэнд бүтээгдэхүүний сэдвээр гэхэд олон газарт брэнд бий болгох чиглэлээр ажиллаж байсан, туршлагатай хүмүүс илтгэнэ. Гол нь зүгээр илтгээд өнгөрөх биш сэдвийн хэлэлцүүлгийг баг болгон хийж явах учраас илүү үр дүйтэй. Харин "Соёл урлаг-боловсрол" хэлэлцүүлгээр соёлын боловсролын асуудлыг ерөнхий боловсролын тогтолцооноос эхлэн ярих юм.

Тухайлбал, БШУЯ-наас хэрэгжүүлж байгаа "Авьяас" хөтөлбөр байна. Морин хуур тоглож сурсан хүүхэд хичээлдээ сайн болдог гэж байгаа. Энэ мэт авьяасаар дамжуулан хүүхдийг хүн болгон хэрхэн төлөвшүүлэх тухай ярих юм,

-Та ямар илтгэл тавих юм бэ?

-Соёл урлагийн мэргэжлийн боловсролын төвшин одоо ямар байна, ямар төвшинд хүрэхийг зорьж байгаагаа ярина. 2010 онд соёл урлагийн сургуулиудыг нэгтгэсэн. СУИС өмнө нь дуу, бүжиг, драм, соёлын ажилтан гэсэн чиглэлээр сургаж байсан бол одоо маш өргөн чиглэлтэй болсон. Тэр утгаараа ЮНЕСКО-гоос соёл урлагтай холбоотой эрхзүйн ямар акт гаргасан, хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа гэх зэргээр олон судалгаа хийсэн.

Манай СУИС-ийн эрдэмтдийн баг Соёл урлагийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулахад оролцсон. СУИС Монголын үндэсний өв уламжлалыг эзэмшсэн, түүнийг түгээн дэлгэрүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэдгээрээ их өвөрмөц.

-Мэргэжлийн боловсролын тухайд хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ?

-Уг нь мөнгө яримааргүй л байна. Гэвч үнэндээ өнөөгийн байдал хэцүү байна. Дуурийн дуулаач бэлтгэх дээр жишээ авъя. Жирийн дунд сургуулийг төгссөн, ноот гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүст хөгжмийг А-гаас нь эхэлж заадаг. Гэтэл тэд дөрөвхөн жил сураад хичнээн мундаг болж байна. Тэднийг бэлтгэхийн тулд бүтэн дөрвөн жилийн турш ганцаарчилсан байдлаар хичээл орно.

Ганцаарчилсан хичээл гэдэг нь багш сурагч өөд өөдөөсөө хараад суухыг хэлэхгүй. Нэг хүнд нэг хичээлийг хоёроос гурван багш зэрэг заана. Энэ талаараа урлагийн сургууль бол өвөрмөц. Гаднын жишгээр бол соёл, урлагийн сургууль төрийн юм уу, хаан хатны ивээлд байдаг.

Ер нь урлагийн сургуулиа дэмждэг олон хэлбэр олон улсад байдаг. Жишээ нь Шанхайн хөгжмийн сургуулийг том компаниуд нь авч явдаг юм билээ. Тийм болохоор урлагийн сургуулиа дэмжих гэж компаниуд нь өрсөлддөг. Сайхан байгаа биз. Энэ бол нэр хүндийн хэрэг байдаг. Ийм хэв маягийг бий болгох хэрэгтэй байгаа юм.