С.Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх төв байгуулна
Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэгдсэн тоо бүртгэл байдаггүй. Тэдэн рүү чиглэсэн төрийн бодлого шийдвэр ч хомс. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу учир хөгжлийн бэрхшээлтэй ихэнхи хүүхэд эцэг эхийн асрамжинд гэртээ байдаг. Тэр хэрээр нийгмээс тусгаарлагдаж, сурч боловсрох эрх нь хумигдсаар байгаа. Тэдний ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо хүртэл байгуулагдан төр засгийн төвшинд дуу хоолойгоо хүргэхээр уйгагүй хөөцөлдсөний дүнд зарим асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулахаар тусгажээ. Уг ажил түрүүчээсээ хэрэгжиж эхэлж буй аж. Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд БШУ-ны яамтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, анги танхимын тохижилтоос гадна багшлах боловсон хүчин нэлээдгүй шаардлагатай байгаа?
-БШУ-ны яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч буй цэцэрлэг, ЕБС, их, дээд сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах талаар ажиллаж байна. Мөн тэдний суралцах стандартыг бий болгох юм.
Ингэхийн тулд бид эрх зүйн орчноо нэн түрүүнд боловсронгуй болгох хэрэгтэй байгаа. Түүнчлэн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт аль болох хамруулах зорилгоор анги танхимын хүрэлцээ хангамжийн талаар тус яамтай ярилцаж байна.
Эхний хоёр хөгжлийн төвийн барилга байгууламжийг барих ажлыг энэ онд эхлүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсрол эзэмшин, ирээдүйд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшихөд хүндрэлтэй. Тиймээс жирийн хүүхдүүдтэй адил, ямар ч бэрхшээлгүй боловсрол эзэмших боломжийг хангахын төлөө ажиллана. Энэ ч утгаараа улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулахаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан.
Энэ ажил 2013 оноос эхэлж, нэг стандартын зураг төсөл хийлгэж, хөгжлийн төвд ямар үйлчилгээ байх зэргийг судалж, хүүхдүүдэд зориулсан цогц үйлчилгээний төв байгуулахыг зорьж байна.
-Энэ жил хэчнээн газар тус төвийг барих вэ. Санхүүжилтийг нь шийдсэн үү?
-Эхний хоёр хөгжлийн төвийн барилга байгууламжийг барих ажлыг энэ онд эхлүүлнэ. Аль дүүрэг, аймагт гэдгээ товлоогүй байна. Хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдсэн. Өнгөрсөн жилээс сар бүр олгож эхэлсэн хүүхдийн мөнгөнөөс 4.6 тэрбум төгрөг хэмнэгдсэн.
Өмнө нь энэ мөнгийг төвлөрсөн төсөвт эсвэл өөр зориулалтаар ашигладаг байв. Харин энэ оноос манай яам Сангийн яамтай хамтран Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Өөрөөр хэлбэл, хэмнэгдсэн мөнгийг зөвхөн хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулахаар болоод байна. Тиймээс эхний ээлжинд дээрх мөнгөнөөс нэг аймаг, дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх загвар хөгжлийн төв байгуулах юм.