УИХ-ын Гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.06.17

Оюутнууд 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийх боломжтой боллоо

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран хэрэгжүүлж буй  “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг танилцууллаа. Энэ хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх гэнэ.

Хөдөлмөрийн сайд, Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллана

Мөн оюутан залуучуудыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж хөдөө суманд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлнэ гэсэн юм.

Тус төсөлд хамрагдсан оюутан сурагчид хөдөө орон нутагт ажиллахдаа нэг суманд нэг өвөлжөө барих гэнэ. Ингээд нэг сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжих юм байна. Нийтдээ уг төсөлд 600 гаруй сая төгрөгийг зарцуулах аж.