Д.Даваасамбуу: Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг гаднаас импортлохыг хориглох хэрэгтэй
Шинжлэх ухааны доктор, геологич, менорлогич Д.Даваасамбуу
2013.06.17

Д.Даваасамбуу: Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг гаднаас импортлохыг хориглох хэрэгтэй

- Төрийн дэмжлэг бол татвар, санхүүгийн бодлогоор л илрэх ёстой

Шинжлэх ухааны доктор, геологич, менорлогич Д.Даваасамбуутай төмөрлөг үйлдвэрлэл болон технологийн асуудлаар ярилцлаа.

-Төмөрлөг үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулахаар ЗГ, болон төмрийн хүдэр олборлогчид идэвхийлэх боллоо. Хөгжүүлэлт юунаас эхлэх ёстой вэ?

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт баяжмалын боловсруулах үйлдвэр барих шаардлага байгаа. Монгол улс барилга болон аж үйлдвэрийн томоохон комплекс барихын тулд төмрийн хүдрээ өөрсдөө олборлоод, өөрсдөө баяжуулаад боловсруулаад үйлдвэрлэх ёстой.

Өнөөдрийн байдлаар хаягдал төмөр дээр ажиллаж буй үйлдвэрийн хувьд хаягдал төмрийн нөөц нь ч үндсэндээ дуусч байна.

Мэдээж төмрийн нөөц Дархан, Сэлэнгийн районд нэлээн их хэмжээний нөөц тогтоогдсон. Энэ нөөцийг зүгээр нэг Хятад улс руу ачаад гаргаж ерөөсөө болохгүй.

Нэгэнт тогтоогдсон нөөцийг монголдоо боловсруулах үйлдвэр барьж, ашиглах шаардлагатай. Өнгөрсөн засгийн үед хийж чадаагүй, одоо цаг алдалгүй хийх ёстой. Дараагийн засагт гэж хойш тавих нөхцөл байхгүй.

-Боловсруулах үйлдвэр болон аж үйлдвэрийн цогцолборууд одоо дандаа судалгааны шатандаа л явж байгаа. ТЭЗҮ ч хийгдэж дуусаагүй. Гэхдээ энэ салбарыг судалдаг хүний хувьд та үйлдвэрийн технологийн шийдэл талаас нь ямар байх ёстойг хэлж өгөөч?

Манай хүдрийн хувьд нэлээн хэсэг нь хүхэр ихтэй. Ялангуяа Төмөртолгойн ордын нөөцийнх нь 70 хувь нь хүхэр ихтэй хүдэр. Хүхэр ихтэй учраас нэгд: технологийн асуудалд нь анхаарах ёстой юм. Хоёрт боловсруулах үйлдвэр байгуулаад хүхрийг нь зайлуулах журмаар үйлдвэрээ зохион байгуулах шаардлагатай. Гэхдээ орчин үед хүхрийг зайлуулах технологи бий болж байгаа. Металлургчид үүнийг шийдэх учиртай.

Ганц Дархан гэлтгүй, бусад бүсэд боловсруулах үйлдвэр барих шаардлага үүсч магадгүй.

-Ашиглах ёстой гэдэг нь зайлшгүй байгаа ч төр засаг нэг л хөшүүн байгааг юу гэж ойлгох вэ. Яагаад өдий болтол хөгжүүлж чадаагүй юм бэ?

Өнгөрснөө муулах хэрэггүй. Цаашид монгол улс төмрийнхөө нөөцийг үнэлээд хэдэн хувийг нь яаж ашиглах вэ гэдгээ тодорхой болгоод төрийн бодлогоо гаргах ёстой. Энэ хүрээнд  ч явж байгаа байх.

Манай нөөц хязгаарлагдмал байгаа. Учир нь мэргэжлийн үүднээс авч үзэхэд төмрийн хүдэр нь эртний платформууд дээр их үүсдэг юм. Ийм төрөл нь Орос улсад их байдаг болохоор тэнд төмрийн том том бассейн бий. Харин манай улсын хувьд төмрийн бассейн байхгүй. Залуу атриат систем учраас скарни нөөц л голлож байгаа.

- Нөөц хязгаарлагдмал учраас зөв бодлого гаргах хэрэгтэй гэж тал хэллээ. Энэ салбараа хөгжүүлэх нь их ашигтай. улс орны хувьд хаалгаа ч үйлдвэрлэж чадахгүй байна гэдэг эмзэглэмээр.

Тийм ээ. Эдийн засгийн хувьд манай улс чадваржиж байгаа учраас төмрийн салбараа хөгжүүлэх боломж бүрдлээ. Өмнөх үед эдийн засаг муу, технологи сайн хөгжөөгүй байсан. Орчин үед технологи энгийн болж, өндөр түвшинд хөгжиж байгаа учраас хөдлөх цаг ирлээ.

-Төмрийн хүдэр олборлогчид нэг уурхай хажуудаа баяжуулах үйлдвэр барихад засгийн газраас 20 тэрбумын зээл хүсч байна. Ер нь аж үйлдвэрийн цогцолбор барьчихаад, хажууд нь уурхайнуудад тус тусад нь баяжуулах үйлдвэртэй болгох нь хэр ашигтай вэ. Яаж уялдаатай ажиллуулж, харилцан ашигтай болгох вэ?

Ерөнхийдөө нэг том үйлдвэр байгуулсан нь дээр. Бусад газруудын хувьд уурхайгаас олборлосон хүдрээ том үйлдвэртээ нийлүүлдэг байхаар зохион байгуулвал их ашигтай. Тэгэхээр эхний ээлжинд томоохон компаниудад зээлийг нь гаргаж өгөх нь зөв.

-Олборлогчид шууд хүдрээ өгөх үү ямар чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой гэсэн үг вэ?

Металлургийн үйлдвэр нь дундаж чанартай бүтээгдэхүүн дээр чанартай, тогтвортой ажиллах ёстой. Түүнээс биш хэтэрхий баян/өндөр агуулгатай/ хүдэр оруулаад хэрэггүй. Дунд зэргийн /40-45 хувь/ агуулгатай баяжмал оруулах нь зөв.

-Манай улсад дотооддоо үйлдвэрлэж байгаа зүйлсийг давхар хямдхан импортолж авчраад нэгнийгээ унагаад байдаг практик бий. Томоохон хөрөнгө оруулалт шаардсан үйлдвэрт ч бас ийм байдал үүсвэл яах вэ?

Цогцолбор үйлдвэр барьчихаад гаднаас бүтээгдэхүүн аваад байвал үйлдвэрийн өртөг өсч, үнэ нь хаданд гарна. Тэрийг нь худалдаж авах газаргүй, удахгүй унана гэсэн үг. Тэгэхээр ийм нөхцөлд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас импортлохыг хориглох эсвэл өндөр татвар тогтоох нь зөв.