Мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт боллоо
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ХЯНАЛТ-ИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2013.06.17

Мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан, Нийгмийн халамжийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит  хариуцсан мэргэжилтнүүдэд үр дүнд суурилсан хяналт,  шинжилгээ үнэлгээ дотоод аудитын эрсдэлд суурилсан тогтолцоо, нийгмийн халамжийн салбарт хэрэгжиж байгаа,

Төсөл хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох асуудлаар онол арга зүйн ойлголт өгөх, салбарын аудитын чиг үүрэг, дүрэм журам, төсвийн тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал солилцохоор үндэсний хэмжээний сургалтыг Дэлхийн банкны "Олон салбарыг техник туслалцааны төсөл"-ийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх сургалт

Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Нийгмийн халамжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод  аудит хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх" нь сэдэвт сургалтанд 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн Нийгмийн Халамж, үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс болон, Нийгмийн Халамж, үйлчилгээний Ерөнхий газар, Хүүхдийн төлөө Үндэсний газар, Сэргээн засалт, Хөгжлийн Үндэсний төвийн хяналт шинжилгээ, дотоод аудит хариуцсан нийт 150 гаруй мэргэжилтнүүд оролцсон байна. 

  Сургалтын эхний өдөр буюу зургаадугаар сарын 11-нд, Удирдлагын академийн ахлах багш М.Амартүвшин "Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээ" сэдвээр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолын шинэчлэлийн талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Харин зургаадугаар сарын 12-нд, “Зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр ХАХНХЯ-ны Халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг сургалтад оролцогчдод мэдээлэл хийсэн.

Түүнчлэн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын мэргэжилтнүүд “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ, анхаарах асуудал”, “Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт, анхаахар асуудал”, “Нийгмийн халамжийн үйлчилгээнд хяналт, шалгалтыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудал” гэсэн үндсэн сэдвүүдээр холбогдох мэргэжилтнүүдэд илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл өглөө.  

Мөн энэхүү сургалтад оролцож буй  Хүүхдийн төлөө үндэсний газар, 21 аймаг, 9 дүүргийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн албан хаагч, мэргэжилтнүүдэд ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Залуучуудын хөгжлийн хэлтсээс “Төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилт”-ын талаар мэдээлэл өгч, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж, тэдэнтэй тулж ажилладаг мэргэжилтэн, албан хаагчдын санал бодлыг сонсож, залуучууд, хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.