С.Эрдэнэ: АН үнэмлэхүй ялалт байгуулсан
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2012.11.29

С.Эрдэнэ: АН үнэмлэхүй ялалт байгуулсан

УИХ-ын гишүун, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг "Ярилцах танхим "-даа урилаа. Туүнтэй шинэчлэлийн Засгийн газрын 100 хоиогт хийсэн ажил, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй өөрчлөлт зэрэг асуудлын талаар ярилцав. 

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн 100 хоногт юу амжуулав. Мэдээж хэрэг, үүнд хүүхдийн мөнгө болон зорилтот   бүлгүүдэд   халамж үзүүлэх зэрэг асуудал   хөндөгдөх байх?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан зүйл, заалтуудын хүрээнд яамны хөтөлбөр, зорилтыг тодорхойлох тал дээр гол анхаарлаа хандуулж ажилласан.

Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг боловсруулах, үзэл баримтлал, эрх зүйн шинэ орчныг бий болгох чиглэлээр нэлээд судалгаа хийсэн. Нийгэм хамгааллын салбарт тогтолцооны шинэчлэл хийх тал дээр нэлээд эрчимтэй ажиллаж эхэлсэн. Мөн өнгөрсөн аравдугаар сард "Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл" сэдвээр нийгмийн даатгалын ажлын үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Мөн өнөөдөр /өчигдөр/ нийгмийн халамжийн тогтолцоог оновчтой зөв тогтоох сэдвээр энэ салбарын ажилтнуудын үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Энэхүү чуулган нийт хоёр өдөр үргэлжлэх юм. Эдгээр чуулганы гол зорилго нь нийгмийн хамгааллын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, ер нь нийгмийн даатгалын тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлагын хүрээнд тодорхой хэмжээний зөвлөмж гаргах юм. Үүндээ ч амжиллттай хүрч байгаа. Чуулганд гадаадын маш олон байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа.

-Хүүхдийн мөнгийг шинээр олгож эхэлсэн явдал магадгүй танай яамны хийсэн хамгийн том ажил байх. Энэ ямархуу шатандаа явж байна вэ?

-Манай яамны хувьд хүүхдийн мөнгө олгох ажлыг амжилттай зохион байгуулсан. Иргэдэд аль болох чирэгдэл багатайгаар түргэн шуурхай олгох, хүүхэд бүрт энэ мөнгө хүрсэн байхаар тооцож энэ мөнгийг олгож эхэлсэн. Үүний үр дүнд хоёр дахь сардаа хүүхдийн мөнгийг амжилттай олголоо. Ерөнхийдөө бол иргэдэд хүртээмжтэй ажиллах тал дээр цаашид ч анхаарч ажиллах болно.

-Одоогийн байдлаар хэдэн хүүхэд энэ мөнгийг авч байгаа вэ?

-Хүүхдийн мөнгө авахаар нийт 851 мянган данс нээлгэсэн байгаа. Гэхдээ тэдгээр нь бүгд баталгаажаагүй, Өнгөрсөн сарын 20-нд хүүхдийн мөнгө олгох үеэр 744 мянган дансыг нь баталгаажуулсан. Үлдсэн хэсэг нь тодорхой хэмжээгээр зөрчилтэй байсан. Тиймээс дахин шалгахаар түр хойшлуулаад байгаа.

-Нийгмийн даатгалын салбарын хувьд хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярихгуй юу?

-Ер нь нийгмийн халамж үйлчилгээ, даатгал зэрэг чиглэлээр олгогддог тэтгэвэр гэх мэт мөнгөн тэтгэмжүүдийг иргэдэд аль болох хүндрэл багатайгаар олгох ажлыг цаашид зохион байгуулахдаа хүүхдийн мөнгийг иргэдэд олгосон саяны туршлагаараа ажиллах нь зүйтэй юм байна. Бид ийм дүгнэлт хийж байгаа.

-Тэтгэврийн даатгалыг нөхөх асуудал бас нэлээд яригдсан шүү дээ?

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуулийг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан улсын хэмжээнд бүх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Үндсэндээ 900 гаруй мянган иргэн энэхүү хуулинд хамрагдах урьдчилсан тооцоо байгаа. Ажлын зохион байгуулалт, эхлэлийг ажиглахад нэлээд амжилтгай яваа харагдаж байна. Мэдээж хэрэг, хуулийн хэрэгжилтийн явцад янз бүрийн маргаантай, эргэж хянах шаардлагатай асуудлууд нэг биш удаа гарч байгаа. Хуулийг хэрэгжүүлэх явцдаа эдгээр өөрчлөлтийг бид хийнэ.

-Ер нь өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн Засгийн газар бодлогоо ажил хэрэг болгож эхлүүлж чадав уу. Ардын намын гишүүд "Хоосон сүржигнэл, хэлбэрдсэн амлалтуудаар дүүрэн" гэж энэ засгийн бодлогыг тодорхойлоод байгаа шүү дээ?

-Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн ажлыг би дүгнэх нь өрөөсгөл.   Яагаад гэвэл би энэ кабинетын гишүүн нь учраас. Тэгээд ч Засгийн газрын хэмжээнд яамдууд иргэдэд өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа бүхий л талаар нь тайлагнаж байгаа.

Олон нийтийн дунд манай санаачлан хийж буй ажлуудыг дэмжих хандлага, уур амьсгал хэдийнэ бий болчихсон

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэр үр дүнтэй ажилласан бэ гэдэгт иргэд үнэлэлт, дүгнэлтээ өгөх байх. Гэхдээ олон нийтийн дунд манай санаачлан хийж буй ажлуудыг дэмжих хандлага, уур амьсгал хэдийнэ бий болчихсон байгаа шүү дээ. Би үүнд талархалтай хандаж байна.

-Яамны үйл ажиллагааны тухай түр орхиод орон нутгийн сонгуулийн талаар ярилцъя. Энэ удаагийн сонгууль ямархуу болж өнгөрөв. Цаг хугацааны хувьд нэлээд оройтож зохион байгуулсан нь хүртэл сонгуулийн ирцэд тодорхой хэмжээнд нөлөөллөө гэж та бодож байна уу?

-Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа. Ирэх баасан гарагт дахин санал хураалт явагдана. Үүний дараа л эцсийн дүн нь гарах байх. Харин урьдчилсан дүнгээр Ардчилсан нам 12 аймаг, зургаан дүүрэгт ялалт байгуулчихаад байна. Дахин санал хураалт болсны дараа дүнд нь тодорхой хэмжээний өөрчлөлт орж, эцсийн байдлаар гарна.

-Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэж тооцож байсан ч  санасан үр дүндээ хүрч чадсангүй. Уг нь та нарынхаар бол орон нутгийн удирдах гишүүдийн 90 орчим хувь нь Ардчилсан намынхан болно гэж тооцож байсан гэж ярьдаг. Та үүнийг зөвшөөрөх үү?

-Ардчилсан намын хувьд орон нутгийн сонгуульд анх удаа үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь энэ юм. Иргэд олон нийтийн зүгээс Ардчилсан намд итгэх итгэл өндөр байгаатай холбоотой байх. Бас манай намын үүрэх үүрэг хариуцлага их байгаа учраас иргэдийн хандлага ийм байх нъ аргагүй. Тэгэхээр би намаа орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.