Н.Адилбиш: Авто замын салбар дахь мэргэжлийн хяналтын тогтолцоо
Монгол оронд Авто замын салбар үүсч хөгжөөд эдүгээ 84 жил болж байна.
Түүхийнхээ эхний жилүүдэд авто замын сүлжээ огт байгаагүй Монгол орныг замжуулах, бартаа саадыг арилгах, шинэ чиглэл нээх, гол горхин дээгүүр модон гүүрүүд барих, зам давааны цас хальтиргаа арилгах гээд голцуу зам ашиглалтын шинж чанартай үйл ажиллагаа явуулсаар байгаад 1980-аад онтой золгосон.
Энэ үеэс л энэ салбарын бүтээн байгуулалтын ажил ундарч эхэлсэн түүхтэй. Ялангуяа 1995 оноос хойш Авто замын салбарын хөгжил түүхэн шинэ үе шатанд гарсан.
Энэ салбарт гадаад дотоодын олон төслүүд хэрэгжиж, инженерийг том том байгууламжууд босч, Монгол орны авто замын сүлжээнд чанарын өөрчлөлт гарч эхэллээ. 1995-2013 оны хооронд Монгол улсын хатуу хучлагатай замын урт 5-6 дахин өссөн байна.
Авто зам, зам засвар
Инженерийн том байгууламжууд эхэлсэнтэй холбоотойгоор Авто замын барилга, засварын ажлын хяналтын шинэ тогтолцоо бий болгох шаардлагатай болсон. Урьд нь Захиалагчийн хяналт маягаар явдаг байсан хяналтыг мэргэжлийн хяналт рүү шилжүүлэх шаардлага гарсан.
Том ч бай жижиг ч бай ямар нэгэн обьектын хяналтыг улиралд юм уу сардаа нэг удаа очиж хянадаг тогтолцоо бараг 1998 он хүртэл байсан юм. Хөрөнгө санхүү, инженер техникийн ажилтнуудын хүрэлцээний хувьд илүү боломж ч байгаагүй. Улаанбаатар-Алтанбулагийн замын төслөөс л бид анх мэргэжлийн хяналтын орчин үеийн тогтолцооны төрхийг олж харсаан.
1999 оноос өдөр тутам хяналт хийж чаддаггүй юм аа гэхэд ядахдаа ямар техникийн үзүүлэлттэй зам ашиглалтад авч байна вэ гэдгээ мэдэхийн тулд Зам, замын байгууламжийг ашиглалтад авахын өмнө тухайн обьектын Техникийн түвшин тогтоодог больё гээд тусгай баг явуулж лабораторийн хэмжилт, хяналт хийдэг болсон юм.
Түүнээс биш ТАТ буюу техник ашиглалтын түвшин тогтоох гэдэг нь ашиглагдаж байгаа замын техник ашиглалтын түвшнийг тогтоож, цаашид ямар төрлийн засварыг хэдийд хийхийг тодорхойлдог арай өөр түвшний арга хэмжээ юм. Үүний ялгаа заагийг ойлгоогүйгээс шинээр ашиглалтад орж байгаа зам, гүүр болгонд ТАТ тогтоон гэдэг нэг шинэ дарамт бий болгосон билээ. (Үүнийг бичигч би энэ талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлэл бичиж ,,Зам, гүүр,, сэтгүүлд нийтлүүлж байсан юм).
Сүүлдээ ч энэ үйл ажиллагаа бизнес, авилгын нэг үүсвэр болсон гэж Гүйцэтгэгч компаниуд ярьдаг юм. Одоо байдал өөр болсон. Шинээр баригдаж байгаа обьект болгон дээр гадаад, дотоодын Зөвлөх компаниуд өндөр үнээр, гэрээгээр ажиллаж байна. Ийм компани ажиллаагүй гэхэд Захиалагчийн хяналтын баг ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын шинэ тогтолцоо ямар ч л байсан Авто замын салбарт бий болсон.
Шинэчлэлийн Засгийн газраас мэргэжлийн хяналтын талаар баримталж байгаа бодлогыг би дэмждэг юм. Авилга, хүнд суртлын уурхай болсон энэ том ,,хадны мангаа,,-гаас салж байгаад баяртай байгаа. Мэргэжлийн хяналтыг мэргэжлийн яам нь хийх учиртай. Харин эрүүл ахуй, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын г.м нийт олны хүрээллийн хяналт бол арай өөр зүйл юм.
Зам тээврийн яам байгуулагдаад мэргэжлийн хяналтын шинэ тогтолцоо бий болгох гэж оролдож байгаа бололтой. Гэхдээ бас л нэрий нь бага зэрэг өөрчилсөн болохоос нөгөө ТАТ-тайгаа зууралдсаар байна. Зам тээврийн яамны зүгээс хэрэгжүүлдэг мэргэжлийн хяналт бол Гэрээний хяналт юм.
Зөвлөх компани, хяналтын баг барилгын ажлын явцад чанарын хяналтыг хир зэрэг хийж байна, лабораторийн үйл ажиллагаа нь ямар байна, мэргэжлийн ИТА, техник тоног төхөөрөмжөө гэрээний дагуу ажиллуулж байна уу, үгүй юү, төлөвлөгөө графикийн биелэлт ямар байна, Яамны газрууд Гүйцэтгэгч, Зөвлөхөөс тавьсан асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар хэр зэрэг ажиллаж байна, санхүүжилт яагаад саатаад байна, түүний буруутан нь хэн байна гэдгийг хянах нь зүйтэй.
Түүнээс биш мэргэжлийн хяналт гэдэг нь тусгай зөвшөөрлөөр боомилох, ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох гэж хүнд суртал гаргах, зам ашиглалтад авах гэж дарамтлах үйл ажиллагаа биш юм. Зам, замын байгууламжийг ашиглалтад авахад Яамны зүгээс хэтэрхий их оролцоод эхэлбэл, Зөвлөхийн хариуцлага, үйл ажиллагаа, нэр хүнд, хяналт эрс суларч олон сөрөг үр дагавар бий болгох хандлага ажиглагдаж байна.
Олон улсад мөрдөж хэвшсэн ФИДИК-ийн гэрээгээр зам ашиглалтад өгөх гэрчилгээг Зөвлөх компани олгож, үүнийхээ хариуцлагыг өөрөө нэр төрөөрөө үүрдэг. Бидэнд энэ жишигээс гажих шаардлага байна уу, үгүй юү. Аливаа хяналт бол их эмзэг, араасаа олон хэл ам дагуулсан зүйл байдаг юм. Тийм учраас түүнийг зөв эхлүүлж, зөв хийх нь зүйтэй.