Ч.Улаан: Ирэх оны төсөв шинэ албан татвар бий болгоогүйгээрээ онцлог
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийн талаарх ерөнхий мэдээллийг Сангийн сайд Ч.Улаанаас авлаа.
-Ирэх оны төсвийн төслийн талаар?
-Төсвийн төслийг УИХ дээр нухацтай тал талаас нь нарийн хэлэлцдэг. Засгийн газраас УИХ-д төсвийн төслийг өргөн барихдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж өргөн барьсан. Хуулиар дөрвөн гол үзүүлэлтийг хангаж төсөв өргөн баригддаг.
Хамгийн гол нь ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хувь хэмжээ хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Хоёрдугаарт төсвийн зарлагын өсөлтийг хязгаарласан байх учиртай. Энэ нь тодорхой хуульд заасан аргачлалын дагуу өмнөх 12 жилийн дунджаар тооцсон уул уурхай, эрдэс баялгийн бус зарлагын өсөлтөөс зарлагын төсвийн төлөвлөж буй өсөлт давахгүй байх ёстой.
Энэ үзүүлэлтүүдийг УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл бүрэн хангаж байгаа. Мөн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханшийн савлагаанаас төсвийг ангид байлгах үүднээс төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцох шалгуур үзүүлэлт бий.
Энэхүү аргачлалын дагуу төсвийн үзүүлэлтийг тооцож оруулсан. Дөрөв дэх нь ДНБ-д эзлэх улсын өрийн хэмжээ гэсэн үзүүлэлт байна. Энэ үзүүлэлтийн хувьд бид Засгийн газраас Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төсвийн хуульдаа нийцүүлэх санал өргөн барьсан.
-Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс ангид байлгахын тулд орлогоо хасах тухай ойлголт төсөв дээр яригдаж байгаа. Орлогоо хассанаар ирэх жилийн хөрөнгө оруулалтыг юугаар нөхөх вэ?
-Зах зээлийн үнийн савлагаанаас төсвийг ангид байлгах үүднээс төсөвт тооцож буй гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцдог. Тухайлбал, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ дунджаар 6800 доллар байхад, бид төсвийн орлогыг бодохдоо 6300 доллараар бодох жишээтэй.
Хэрэв энэ хугацаанд зэсийн үнэ өсвөл төсөвт тооцсон үнэ, зах зээлийн үнэ хоёрын зөрүүгээс бий болж буй орлого тогтворжуулалтын санд хуримтлагдана. Харин үнэ буурвал тогтворжуулалтын санд хуримтлагдах хэмжээ багасна. Төсвийн орлого, зарлагад сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хамгаалалтын тодорхой алхмыг хийж өгсөн. Ингэснээр төсвийн тогтвортой байдал хангагдах бололцоо бүрдэнэ.
-Шинэ төрлийн татварыг бий болгосноор төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нөхөж байна гэсэн хардалт бий. Энэ тал дээр?
-2014 оны төсвийн гол онцлог бол шинээр ямар ч албан татварыг бий болгоогүй. Одоогийн мөрдөж буй албан татварыг нэг ч татварыг шинээр нэмэгдүүлээгүй. Хамгийн гол нь татварын тааламжтай бизнесийн орчноо хадгалан, татвар төлөгчиддөө тэгш шударгаар хандаж, татварынхаа бааз суурийг өргөтгөх зарчмаар ирэх оны төсвийн орлогыг тооцсон.
-Үргүй зардлыг танах тал дээр амжилт олж байгаа юу?
Төсөв дээр их хэмжээний үргүй зардал, хөөс байгаа нь амьдрал дээр тодорхой нотлогдож байна.
-Төсөв дээр их хэмжээний үргүй зардал, хөөс байгаа нь амьдрал дээр тодорхой нотлогдож байна. Тэр тусмаа 2013 оны төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах явцад Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Энэ тодотголд төсвийн хөөс, үнийн хөөрөгдөл, эрэлт хэрэгцээний хэт огцом өсөлтийг хязгаарлах бодлогыг тодорхой тусгасан.
Тиймд ирэх онд зардлыг хязгаарлаж, хэмнэлтийн горимд ажиллах ийм төсөв боловсрогдсон. Сүүлийн жилүүдэд анх удаа төсвийн урсгал зардал, нийт зардал, хөрөнгө оруулалтын зардал өмнөх онд батлагдсан төсвөөсөө буурч өргөн баригдсанаараа ирэх оны төсөв онцлогтой.
Энэ нь бидэнд төсөв зардлаа хэмнэх, тэвчиж болох зардлыг тэвчих, дээрээс нь үр ашигтай төсвийн хөрөнгийг зарцуулах тал дээр шинэ эрэлт шаардлагыг бий болгож байгаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...