УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.10.31

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Тус байнгын хороо уг асуудлыг 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслийн дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны 1, 2 дугаар шүүхүүдийн байрших газрын нэрийг тус тус “Улаанбаатар” гэж заасныг тодотгон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг харьяалах шүүхийн байршлыг “Улаанбаатар /зүүн бүс/” гэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийг харьяалах шүүхийн байршлыг “Улаанбаатар /баруун бүс/” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Түүнчлэн байнгын хорооны гишүүдээс гаргасан саналын дагуу байнгын хорооноос “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг санаачлан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолын төсөлд Шүүх байгуулах тухай хуульд оруулж байгаа өөрчлөлттэй уялдуулан дүүргийн 1 дүгээр прокурорын газрын байрших газрын нэрийг “Баянзүрх дүүрэг” гэснийг “Улаанбаатар /зүүн бүс/”, дүүргийн 2 дугаар прокурорын газрын байрших газрын нэрийг “Сонгинохайрхан дүүрэг” гэснийг “Улаанбаатар /баруун бүс/” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд гишүүн С.Баярцогт, З.Энхболд нар цаашдаа шүүх, прокурорын газар, тахарын алба, эвлэрүүлэн зуучлал, хууль зүйн туслалцаа үзүүлэх төв болон холбогдох бусад байгууллагууд нэг байранд төвлөрөн үйл ажиллагаа явуулахаар болж байгаа тул тухайн байранд оноосон нэр өгөх, Улаанбаатар хотод баригдах шүүхийн хоёр байрыг барих төсвийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед тусгах асуудлыг анхаарах зэрэг асуудлаар саналаа илэрхийлжээ.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь дэмжсэнээр төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.