Австралид Монголын уул уурхайн талаар хэлэлцэв
Уул уурхайн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлахаар Австралид чуулга уулзалт хийлээ
2013.11.01

Австралид Монголын уул уурхайн талаар хэлэлцэв

Алт, зэс, нүүрсний арвин баялагтай, дэлхийн тавцанд ид гялалзаж буй Монгол Улсын уул уурхайн салбарыг олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлахаар өчигдөр, уржигдар Австралид Монголын уул уурхайн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулжээ.

“Монголын эрдэс баялгийн ирээдүй хийгээд хөгжил дэвшил” гэсэн ерөнхий сэдвийн дор өрнөсөн энэхүү чуулганд манайхаас “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Mongolian Mining corporation”-ы гүйцэтгэх ерөнхий захирал Г.Батцэнгэл нар оролцож Монголын уул уурхайн бодлогын түүх, эрдэс баялгийн салбарын хэтийн төлөв зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн гэнэ.

Алт, зэс, нүүрсний арвин баялагтай, дэлхийн тавцанд ид гялалзаж буй Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчилж байна.

Түүнчлэн Г.Батцэнгэл захирал Ухаахудагийн коксжих нүүрсний уурхай, “Aspire Mining”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Полл Овоотын коксжих нүүрсний ордын үйл ажиллагаагаа танилцуулсан бол “Anglo American”-ы Монгол дахь салбарын ерөнхийлөгч Грэм Хэнкок, Монголын Бизнесийн зөвлөлийн захирал Жим Дуайер нар эдийн засгийн өсөлтийнхөө хурдаар дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж буй манай улсад үйл ажиллагаа эрхлэхэд тулгарах бэрхшээл, хууль болон бодлогын зарим асуудлыг даван туулах талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.