Э.Бат-Үүл: Монголын ардчилал амь тавихаа хүлээж байна
Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, МУСГЗ, сэтгүүлч Б.Галааридын “Галааридын цаг” нэвтрүүлгийн анхны зочноор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцжээ.
-Сая гаруй хүн амтай хотыг удирдана гэхэд анх ямар санагдаж байв, одоо ямар байна?
-Зөрүү байна. Яг үнэндээ анх жаахан халшрах маягтай байсан. Одоо бол харин ч улайрах маягтай болоод байгаа. Ажиллах хугацаанд амьдарч байгаа хот маань яг ямар байдалтай байгааг мэдэх бололцоо гарсан. Гэр орондоо санаа зовж байгаа гэрийн эзэн шиг л сэтгэл зовдог болчихдог юм байна.
-Анх төсөөлж байснаас хүнд байдал угтсан уу?
-Тийм ээ. Нэлээд хүнд. Аж ахуйн, тогтолцооны шинжтэй их олон шалтгаан байсан. Ухамсарын шинжтэй ч шалтгаан байлаа. Хамгийн бэрх нь иргэншлийн, ухамсарын шинжтэй шалтгаан. Бид Туулын эрэгт хог тариад байдаг.
Гэтэл солонгос, япончууд уут барьчихаад хогийг нь түүгээд явж байдаг. Харахад энэ их гажиг үзэгдэл байгаа биз. Энэ эх орон, тэр Туул гол чинь бидний юм шүү дээ. Энэ гаж үзэгдэл ямар шалтгаантай юм бэ. Миний нэг таньдаг хүн эх орныхоо тухай дуу дуулна, шүлэг цуглуулна.
Харийн оронд долоо хоноод ирэхдээ л онгоцны буудал дээр нулимс мэлтрүүлээд, нутгаа ямар их санав аа гээд байна. Уул уурхайн компанийн эзэн. Тэнд нь очоод харахаар талыг там болгоод хаячихсан, алт олборлоод л. Алтны төлөө юу ч хийхээс буцахгүй нөхөр. Уг нь хараад байхад эх орондоо хайртай мөртлөө хийж байгаа ажил нь ийм байна. Хоноцын сэтгэлгээтэй. Адгуус ч нутгаа санадаг. Харин бид нутгаа санах адгууслаг санаа бодлоо эх оронч сэтгэлгээтэй хольж ойлгодог юм байна.
-Үүнийг өөрчлөх юу хийв?
-Энэ адгууслаг бодлоо илүү ухаалаг, иргэншсэн ойлголт болгооч ээ гээд суртлын ажил явуулж байна. Энэ жил хот тохижилтын нэлээд ажил хийлээ. Жишээ нь, цэцэг тариад эхлэхэд хүмүүст нөлөөлж байна. Хүүхдүүд хүртэл гудамжиндаа хамаагүй байж болохгүй юм байна даа гэж ойлгож байна.
Гар хүрэх ч үгүй байгаа юм. Улаанбаатарт 1960-1970-аад онд тавьсан инженерийн шугам сүлжээний хоолойнууд нарийхан, зэвэрчихсэн төмөр гарч ирж байна. Үнэхээр аймаар байдалтай. Хамгийн түрүүнд хийх ёстой ажил энэ. Инженерийн байгууламжгүй хот гэж байж болохгүй. Жишээ нь өвөлд дулааны шугам буудаж, хагарвал тэр чигээрээ хөлдөх нь байна шүү дээ. Ийм аюултай.
-Шинэ хот байгуулбал яах вэ, нүүх болов уу?
-Нүүхгүй. Улаанбаатар бол зүгээр нэг хот биш асар том зах зээл, эдийн засаг болчихсон. Хөдөө орон нутгаас иргэд хотод шилжиж ирж байгаа нь ерөөсөө муу зүйл биш. Дургүйцэх хэрэг байхгүй. Хятадын эдийн засаг хүчтэй байгаагийн шалтгаан нь хүн ам ихтэйд байна.
Хүн ам ихтэй хотын зах зээл хурдтай хөгжинө. Манайд тулгараад байгаа гол асуудал нь инженерийн шугам сүлжээ нь хүрэлцээгүй байхад гэр хорооллынхон ирж буучихаад гал түлээд байна шүү дээ. Сургууль цэцэрлэг нь байхгүй байхад олноороо бууж байгаад асуудал нь байгаа болохоос тэдний нүүж ирж буйд ямар ч буруу байхгүй. Тэгээд амьдрах орчныг нь бүрдүүлж өгөөгүй нөхцөлд гал түлж, гадаа хүндэрч, орчноо бохирдуулахаас өөр яах юм.
-Та 2012 онд мэдээллийн ил тод байдлын тухай захирамж гаргасан. Яагаад мэдээлэлд ингэж их ач холбогдол өгөв?
Та нар улс төрд орно гэвэл хов живийн, цуу ярианы ертөнцөд л орно.
-Гурван шалтгаан байна. Нэгдүгээрт аливаа мэдээлэл дарга нарын мэдэлд нууцлагдсанаар зөвхөн тэд, тэдний ойр тойрныхон бизнес хийх, авилгал авах үндэс болдог. Иргэд мэдээгүй байхад энд ч, тэнд ч газрын зөвшөөрөл өгчихсөн байх жишээтэй.
Хоёрдугаарт, иргэд хотынхоо амьдралд оролцох хэрэгтэй байна. Мэдээлэлгүй байж оролцож чадахгүй шүү дээ. Гуравдугаарт, ерөөсөө мэдээлэл өгөхгүй байх нь тэр албан тушаалтан, захиргаанд их хортой. Хэрвээ мэдээллийг иргэдээс, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнээс нуух юм бол гүжирдэх, цуурах, таамаглах боломж нөхцөл гараад ирдэг.
Нэн ялангуяа Монголын улс төр, бизнесийн амьдралд үүнийг хамгийн хүчирхэг зэвсэг болгож ашигладаг. Та нар улс төрд орно гэвэл хов живийн, цуу ярианы ертөнцөд л орно. Нэг мэдэхэд тэр хов живд нь гэм зэмгүй хүн өртөнө. Зүгээр жишээ авахад нэг хүн миний өрөөнд орж ирээд гарахдаа “Бат-Үүл надаас мөнгө нэхлээ” гэвэл хэн түүнийг батлах юм. Тэгээгүй гэхэд хэн үнэмших юм? Ил тод биш байгаагийн уршиг энэ.
-Дарга нар гаргасан шийдвэрээ 72 цагийн дотор олон нийтэд мэдээлэхгүй бол тэр шийдвэр автоматаар хүчин төгөлдөр бус болно гэсэн захирамж тань хэр хэрэгжиж байна?
-Иргэд цахим хуудаст байрлуулсан мэдээллийг самнаж шүүрдэх ёстой юм. Шууд ороод лавлаад үз л дээ. 72 цагийн дотор тавигдаагүй бол тэгээд л хүчингүй шийдвэр гэсэн үг. Хянах, хүчингүй гэж зарлах боломжийг би иргэн хүнд олгосон.
-Нэг цэгийн үйлчилгээ гэж зүйл хийж байна. Тэр анхдагч нэгж дээр сууж байгаа анхан шатны ажилтнуудын ухамсар хэр байна?
-Сайн ажилтанд найдахаасаа илүү сайн менежментэд найдах хэрэгтэй. Миний эхлэх цэг хаана вэ гэдгээ бодож захиргааны бүтцээ шинэчлэх хэрэгтэй. Энэ бүтцээ шинэчлэхгүй бол олигтой үр дүнд хүрэхгүй. Дэлгүүр ороод үйлчлүүлэхэд хүнд суртал байхгүй байгаа.
Төрийн захиргааны байгууллага ч гэсэн ийм л болох хэрэгтэй. Дарга нарт зориулсан бүтэцтэй байж болохгүй. Ирэх жил Мобиком гэх мэт үйлчилгээ сайтай хувийн хэвшлүүдтэй ярилцаж, бүтцийг нь ерөөсөө л хуулчихъя гэж ярьсан. Ирэх жил гэхэд төрийн байгууллагуудын үйлчилгээ мобикомынх шиг үйлчилгээ сайтай, хурдан шуурхай болно.
-Би гайхаад байна. Энэ бүтэх үү?
-Ирэх жилээс төсөв хөрөнгөө батлуулаад үйлчилгээнийхээ танхимыг том болгоно. Хэлтэс газрууд яг тэр үйлчилгээнийхээ ард байрлана. Социалист нийгэмд бид дарга нарт өөрийгөө зориулж амьдардаг байсан. Бид иргэнд үйлчилдэг төр бүтээх гэж ардчилсан хувьсгал хийсэн. Даанч энэ 20-иод жилийн хугацаанд үүнийг ажил хэрэг болгож чадаагүй.
Дарга нар нь л солигддог төр болчихож. Социализмын үед дарга нар хувийн өмчгүй байсан. Бизнес хийх, баяжих эрх байгаагүй. Бусад иргэдтэйгээ адил жирийн хөдөлмөрчид байсан. Ю.Цэдэнбалаас авахуулаад. Тэр үеийн ямар ч дарга идсэн уусан талаар яриа байдаггүй юм. Нийгмийн хэм хэмжээ нь тэр байсан.
Гэтэл 1990 онд дарга нарт үйлчилдэг төрийг сольж чадаагүйгээс болоод дарга нар нь эрх мэдлээ бизнест ашигладаг болчихсон. Одоо дарга өмчтэй, бизнестэй байж болно. Төр нэг мэдэхэд шуналтай хүмүүсийн хулгай хийх хэрэгсэл болчихсон. Тэдэнд үйлчилдэг. Ингээд энэ ардчилал ой гутам дүр төрхтэй болчихсон.
-Та энэ хувьсгалын үйл хэрэгт оролцож явсандаа харамсаж байна уу?
Одоо л засч янзлахгүй бол ардчилал амиа тавихаа хүлээж байгаа өвчтөн шиг болчихоод байна.
-Надтай хамт 1990 онд тэмцэж байсан олон хүн юу хийчихэв ээ гэж харамсаж байхыг би харсан. Миний зүрх дандаа эмзэглэж явдаг. Хотын дарга болох шийдвэр гаргасан маань ч үүнтэй шууд холбоотой.
Одоо л засч янзлахгүй бол ардчилал амиа тавихаа хүлээж байгаа өвчтөн шиг болчихоод байна. Иргэндээ үйлчилдэг төртэй болохгүй бол аюул болох нь ээ. Бид иргэдтэйгээ хамтарч хөрөнгө мөнгийг нь шийдэж, иргэдтэй хамтарч татварын мөнгөө зарцуулах болно.
-Хуваарилагдсан төсвийг хэрхэн зарцуулахыг иргэнийхээ хувьд үгээ хэлээд явна гэдэг үнэхээр их таалагдаж байна. Энэ ажил хэр далайцтай байгаа вэ?
-Хороо бүр дээр энэ ажлыг хийж байна. Тэнд сургууль байгуулвал, энд автобусны буудал баривал яах вэ, манайд 200 сая төгрөг байна, үүнийг хэдүүлээ яаж зарах вэ гэхчлэн ярьж байна.
-Хот бодлогоор нэг обьект барих гэтэл иргэд үүнийг нь эсэргүүцвэл яах вэ?
-Хотын оролцоо бол тэнд зөв зүйтэй байгууламж барих бодлогод л байна. Энд эсэргүүцэх зүйл гарахгүй байх. Грек иргэдийн оролцоогүйгээс болж дампуурсан орон. Иргэд шийдвэр гаргахад оролцохгүй бол нэгэнт сонгосон хүндээ хамаг зүйлээ даатгаад, өөрсдөө нэхэмжилсэн, бэлэнчилсэн хүмүүс болж хувирдаг.
-Их хурал, Засгийн газар Нийслэлийнхнээс дээгүүр эрх мэдэлтэй. Энэ тохиолдолд бодож санаж байгаа чинь биелэхгүй тохиолдол байна уу?
-Ажил хийж байгаа гурван хүний хооронд ч гэсэн маргаан зөрчил гарна. Маргаан байна гэдэг ажил хийж байгаагийн шинж. Гадныхан ирэхэд “Бид хэрүүлгүй, эв нэгдэлтэй” гэвэл ойлгодоггүй. Тэгвэл та нар ажил хийхгүй байгаа юм байна гэдэг. Гол дээр зугаалж яваа хүмүүс эв нэгдэлтэй л байдгийн учир нь тэд ажил хийгээгүй, зугаалж яваад л байгаа юм.
-Шат шатанд нь өөр өөр улс төрийн хүчин гарч ирээд, бие биенийхээ ажлыг хийлгэхгүй байдаг үе байсан шүү дээ?
-Тэр их мангар зүйл. Дарга нарт зориулсан тогтолцооны аюул энэ. Тэд зөвхөн хувийн санаа бодол, эрх ашгийнхаа төлөө хориг саад тавьдаг. Тэгээд гэмгүй иргэд хохирч үлдэнэ. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө томъёолсноор хуваарилагдана. Хотын даргад дургүй байлаа ч Сангийн сайд түүнийг томъёогоор өгөхөөс өөр аргагүй.
-Бага сургуулийг тусад нь байгуулах ёстой гэсэн бодлого барьж байна. Хэрвээ сургууль барих байршилд хэн нэгэн өөр зүйл барих гээд, эсвэл айл буучихсан байвал яах вэ?
-Чөлөөлж өгөхийг шаардана. Чөлөөлөхгүй бол албадан чөлөөлөхөөс өөр аргагүй. Наад хэсгээр чинь дулааны шугам явна, бага сургууль барих юм, эмнэлэг барина, битгий буугаач гэж байгаа юм.
-Манайхан эхлээд хашаагаа татаад, барилгаа эхлүүлчихээд дараа нь зөвшөөрлөө хөөцөлддөг гаж тогтолцоо байсан шүү дээ...
-Тэр үед бид иргэдтэйгээ ойлголцдоггүй байсан юм. Одоо очоод ярихад асуудалгүйгээр газраа чөлөөлж өгч байна. 20 сая төгрөгийн үнэтэй хашаа хажууд нь сургууль барингуут 40 сая болчихож байна. Тиймээс иргэд их дуртай болсон. Тэнд очиж байгаа бүх үйлчилгээ үнэ цэнэтэй хөрөнгө бий болгоод яваад байна.
-Ойлголцол их чухал байх нь ээ. Ингэхэд өгөх газар дууссанаас болоод үл ойлголцол гардаг юм биш үү?
-Хоосон омог, сүржин зангаасаа бид салах хэрэгтэй. Хамгийн гол нь ойлголцол шүү дээ. Нийслэлийн сая 200 мянган иргэний 93 мянга нь л газраа өмчилж авсан. Сая нэг зуун долоон мянга нь газраа өмчилж аваагүй сууж байна. Газар байгаа л даа. Өгч ч байна. Улаанбаатарт байгаа нөөцийн газруудын хаана нь сургууль, эмнэлэг барихыг нь гээд төлөвлөөд, үлдсэнийг нь иргэдэд өгөх гэж байна.
-Улстөрчид, иргэд хоёрын хэн нь тантай илүү ойлголцож байна?
-Иргэд. Асуудал байхгүй. Улс төрчид шиг далд санаа иргэдэд байхгүй. Зөвхөн амьдралаа яаж сайжруулах вэ гэж бодож байна.
-Хотын замын хөдөлгөөний соёл, дэг журам нэг үеэ бодоход үнэхээр сайжирлаа шүү?
-Замын хөдөлгөөний талаар багц арга хэмжээ авч ажиллаж байна. Тэгэхэд гадаадынхан мэл гайхаж, цэл хөхөрсөн. Маш богино хугацаанд дугаарын хязгаарлалт үйлчлээд, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус нь яваад, жигдрээд эхэлсэн. Тэгэхэд нэг гадаад хүн “Манайд ингэж зохицуулъя гэвэл хагас жил шаардана даа. Танайхан ямар гайхалтай юм бэ” гэж ярьсан. Иргэдтэйгээ ойлголцоход болохгүй зүйл байхгүй.
-Иргэдийн оролцоо жигдэрч, асуудлаа өөрсдөө шийддэг болоход хэдий хугацаа шаардах бол. Зөв шийдэж чадаж байна уу?
-Миний харснаар иргэд зөв шийдэж байна. Асуудал байгаа нь хов жив хутгаж яваа улс төрчид, бизнесийн салбарын рэкетчин хүмүүст байна. Иргэд хичнээн над руу дайрч хэрэлдсэн ч гэсэн сүүлд нь ойлгоно.
Няцахгүй зүйл дээрээ иргэд няцахгүй. Жишээ нь Чингэлтэй дүүргийн татварын газрын байшинг миний өмнөх хотын дарга есөн давхар орон сууцны өмнө барих зөвшөөрөл өгөөд, улсын төсвөөс 2,7 тэрбум төгрөг төсөвлөчихөж. Тэгсэн чинь тэр байрны иргэд гар гараасаа бариад тэмцсэн.
Тэр барилгыг нь бариулахгүй бол нийслэлийн төсөв 650 сая төгрөгөөр хохирох гээд байсан. Ингээд иргэдтэй уулзаж учирлаж гуйсан ч тэд 100 хувь эсэргүүцээд, тэр зөвшөөрлийг нь би цуцалж байлаа. Тэдний зөв шүү дээ.
-Иргэдтэй уулзаж явахад хотын унаган, дурсгалтай зүйлс алга болж байна гэсэн эсэргүүцэл гарах юм уу?
-Хан-Уул дүүрэгт замын ажлаас болоод Цагаан хаалга буулгах болоход эсэргүүцээд их хэцүү байлаа. Буулгасны дараа зам өргөн боллоо гээд ам сайтай болсон. Дараа нь Нисэхийн цагаан хаалга буулгахад иргэд юу ч ярьсангүй.
Нацагдоржийн хөшөөг шинэ байрлалд аваачих гэхэд бас эсэргүүцсэн. Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгосонд хүмүүс эсэргүүцэхэд би их урам хугарсан. Улсын төв талбайгаа эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэх нь зүйтэй шүү дээ.
Их монгол улсыг Чингис хаан байгуулсан. Манайх Зөвлөлтийн колони байхдаа Чингис хааныг муулдаг байсан үзэл сая дахиад амилах шиг л боллоо. Чингис юу юм бэ гэх утгатай зүйл хүртэл юм ярьсан. Тэгвэл Сүхбаатар юу юм бэ. Сүхбаатарын түүхэн үүргийг би мэднэ. Гэхдээ улсыг үндэслэгчээс дээгүүр тавих ёсгүй. Чингисээр архи нэрлэхээр яах ч үгүй байж, төв талбайгаа нэрлэхээр эсэргүүцээд байдаг. Ёстой их гайхсан.
-Энэ албыг хаших хугацаанд хийж амжихгүй болов уу гэж айж байгаа ажил байна уу?
-Хотын ажлууд сайн төлөвлөчихдөг, тодорхой хугацаатай болохоор амар. Жишээ нь ирэх жил Туул гол, Сэлбийн эргийг дугуйн замтай болгоно, орон сууцны хороолол дундах тоос шороог байхгүй болгоно гээд төлөвлөчихсөн, тэрнийхээ төлөө ажиллаж байгаа болохоор сайхан.
Ирэх жил хувийн хэвшлүүд, төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудаас хамгийн сайн үйл ажиллагаатайг нь шалгаруулах гэж байгаа. Ингэхдээ Мобиком компанитай өрсөлдөнө гээд том ам гарчихсан байгаа. Намайг тэд шоолонгуй байна билээ. Гэхдээ үүнийг заавал ажил хэрэг болгоно оо.
-Тусгай үйлчилгээ хүсдэг хэсэг хүмүүс танд саад болох байх даа...
-Мэдээж саад болно.Үнэндээ би Улаанбаатараа зовлонгоос нь салгая гэж л зүтгэж байгаагаас биш даргын ажлыг хамгийн хөгийн ажил гэж боддог. Хариугүй, онгироо сагсуу дарга нарыг харахаар инээд хүрмээр. Үнэхээр мундаг дарга болмоор байвал хийсэн бүтээснийг нь дурсаад, өөрт нь хөшөө босгочихоор тийм сайн дарга бай л даа. Хүмүүсийнхээ төлөө юм хий л дээ. Улаанбаатарын иргэд хэзээ нэгэн цагт намайг хотын даргаар сонгосондоо харамсахгүй байвал надад болох нь тэр.