Х.Бат-Ялалт: Гаж системийг өөрчилж, бурууд “хурц” байцгаая
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2013.11.18

Х.Бат-Ялалт: Гаж системийг өөрчилж, бурууд “хурц” байцгаая

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-“Иргэдийн шударга шүүх” ТББ байгуулагдаад долоон жил болох хугацаандаа “Төрд шударга ёсыг тогтоож, хууль ёсыг хэвшүүлнэ” хэмээн ажиллаж буй. Өнөөдөр эргээд харахад ямар зүйлийг өөрчилж чадсан бэ гэдгээс яриагаа эхэлье

Би Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн гэмт хэрэг судлал тал руугаа илүү мэргэшсэн хүн л дээ. Тиймээс эргэн тойрноо ажиглаад хийсэн миний дүгнэлт бол шүүх засаглал алдаатай ажиллаад байна гэж тодорхойлсон явдал юм. Шүүх засаглал гэхээр зөвхөн шүүхийн тухай ойлгох нь өрөөсгөл л дөө. Шүүхээс аливаа маргаантай асуудлуудыг эцэслэн шийдвэрлэгдэхэд оролцоход бүхий л байгууллага, албан тушаалтнуудын нийлбэр цогц хэмээн ойлгох хэрэгтэй юм.

Шүүгч, прокурор, цагдаа, шинжээч, өмгөөлөгчид хууль зөрчих, хууль бус шийдвэр гаргах, бусдын нөлөөнд автах, авилга хээл хахуулийн асуудалд холбогдох улмаар тэдэнд итгэх ард иргэдийн итгэл буурч байгааг анзаарч тэдний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тогтоох замаар үйл ажиллагаанд нь шударга ёсыг тогтоох, хууль ёсыг хэвшүүлэх судалгааны ажлыг Иргэдийн Шударга Шүүх ТББ байгууллага байгуулан эхлүүлсэн юм. Мэдээжийн хэрэг сайн дурын ажил тул тодорхой асуудлуудыг шийдэж, өөрчилнө гэж юу байхав. Харин бололцооныхоо хэрээр нөлөөлж чадсан гэвэл илүү оновчтой болох болов уу?

Ямартаа ч шүүхийн шинэчлэл бүү хэл шүүгчдийн, хуулийхны хариуцлага, сахилга батын талаар шүүмжлэл хэлэх нь айдастай байсан цаг ард үлдэж шүүхийн шинэчлэл гэгч зүйл бодит ажил болоод улс төрчид болон улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд тусгагдаад байгааг бидний хийсэн ажлын үр дүн гэж үзэж байгаа. 2007 оны 5 сарын 9-нд Шударга байцгаая хэмээн уриалсан бидний уриа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 оны сонгуулийн гол уриа болон нийгэмд цуурайтсан явдалд сэтгэл хангалуун байдаг юм. Идэвх санаачилга багаддаггүй юм байна гэж ойлгож байгаа.

Тиймээс та бүхнээр дамжуулан өөрийгөө чамлалгүй чадах зүйлээ сэтгэлээсээ хийхийг уншигчдаасаа хүсэх байна. Бидний нийгэм одоо ч харанхуй бүүдгэр, шүүх засаглал ч алдаатай хэвээрээ, хүний эрх эрсдэх магадлал өндөртэй хэцүү нийгэмд амьдарч байна гэж хэлэх байна. Товчхондоо шүүхийн шинэчлэл хийгдэхгүй байна.

- Шүүх засаглалын алдаатай үйл ажиллагаанд ямар хүчин зүйл нөлөөлж байна гэж үзэж байна вэ? Шүүхийн шинэчлэл хийгдэхгүй байна гэж хэллээ.  Яагаад та ингэж хэлэв?

Үндсэндээ шүүхийн алдаатай үйл ажиллагаа 2 хүчин зүйлээс ихээхээн хамааралтай. 1-рт шүүхийн тогтолцоо, 2-рт шүүх засаглалын байгууллагад ажиллаж байгаа хүнээс хамааралтай. Энэ нь хуулиндаа алдаа нь байгаа юу хуульчдаа алдаа нь байгаа юу гэдэг л асуудал юм. Бидний мөрдөж байгаа хууль, дүрэм маань харьцангуй залуу 20 орчим настай гэж хэлж болох юм. Би бол шүүх засаглалыг Бодит үнэнийг тогтоох үйлдвэр хэмээн ойлгодог. Тэнд маргаан гэдэг түүхий эдээр шийдвэр хэмээх бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тоног төхөөрөмж нь хууль, дүрэм гэж үзэх юм бол ажилчид нь хуульчид шүү дээ. Хуульчид маань тоног төхөөрөмж дээрээ ажиллах дадлага туршлага хэр байна гэдэг маш чухал. Эцсийн бүтээгдэхүүний чанар Бодит үнэнд нийцэж байгаа эсэх тухай асуудал юм.

Бодит үнэнийг тогтоох үйлдвэрээс маань хэтэрхий их гологдол бүтээгдэхүүн бүр энгийн нүдээр ажиглаж болохоор алдаа эндэгдэл гарсаар байна. Бидний хийсэн судалгаагаар шүүх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаа, шийдвэрт гомдолтой байгаа иргэд 98% хуульчдад, хэн нэгэнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг. Харамсалтай нь шүүхийг шинэчлэгчид маань яагаад шүүхийг шинэчлэх шаардлагатай болсон учир шалтгаанаа нэг бол ойлгоогүй эсвэл өөр санаа бодолтой байна уу гэж харж байгаа.

Тухайлбал хууль зүйн сайд Х.Тэмүүжин олон нийтэд өгч байгаа мэдээллээрээ хууль зүйн салбарт эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай байснаас алдаатай шийдвэрүүд гарч байсан гэж хэлээд байгаа мэт байдаг. Тиймдээ ч хууль өөрчлөх, шинээр бүтээх эх захгүй ажилд яваад орчихсон. Нөгөө хуульчдын сахилга хариуцлага, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, хараа хяналтыг сайжруулах, үйлдвэрлэсэн гологдол бүтээгдэхүүнүүдийг засч сэргээх тал дээр юу ч хийхгүй байгаа нь шинэчлэлийг захиалсан олон нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөөд эхэлж байгаа юм. Тиймээс ч би энэ шинэчлэл яриад байгаа хүмүүсээс сайн үр дүн горьдохгүй байгаа юм.

- Та судалгаа хийсэн гээд нэг тоо дурьдлаа. Тэр талаараа тодруулаач?

Тиймээ. Бид хагас жил тутам судалгаа хийдэг. Манай төрийн бус байгууллага 2007-2009 онуудад иргэдээс өргөдөл, гомдол цуглуулсан юм. Нийтдээ 10000 гаруй өргөдөл гомдол цуглуулсан. Олон тооны иргэдтэй уулзаж, ярилцаж 300 гаруй хэрэг маргаанд иргэдийн хүсэлтээр эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Бид шүүх засаглалын үйл ажиллагаанд судалгаа хийж, тодорхой бодлого боловсруулж ажилласан гэж хэлж болох юм.

Бид эрх зүйн туслалцаа үзүүлж шүүхийн алдаатай шийдвэрүүдийг зөвтгөж болох боломжийг тодорхойлсон. Мөн ихэвчлэн анхан шатны шүүхээр буруу шийдэгдсэн гэх гомдолтой иргэдийн хүсэлтээр дээд шатны шүүхүүдэд давах болон хяналтын гомдол гарган анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрүүдийг зөвтгөж ажиллаж байсан. Тухайлбал 5 жилийн хорих ялаар шийтгүүлээд 1 жил биеэр ялаа эдэлсэн нэгэн иргэнийг суллуулж байлаа, 3 сая төгрөгийн торгуулийн ял аваад байсан эмэгтэйг цагаатгаж байлаа гэх мэтчилэн зөвхөн тодорхой хэрэг маргааны хувьд ярих юм бол амжилт гаргасан олон арван жишээг дурьдаж болох юм.

Гэхдээ бидний зорилго бол хүн өмгөөлж хаацайлахдаа биш шүүх засаглалын хариуцлагыг сайжруулж алдаагүй, хөндлөнгийн нөлөөлөлгүй бодитой шийдвэр гаргах чадамж бүхий маргаан таслах орчинг бүрдүүлэх явдал гэж ойлгож болно. Эцэст нь дүгнээд хэлэхэд манайд хуулийн алдаатай зохицуулалтаас болж шүүхээс буруу шийдвэр гарч байна гэхээсээ шүүх засаглалын байгууллагуудад ажилладаг хүмүүсийн санаатай болон санамсаргүй алдаанаас болж буруу шийдвэрүүд гарах хандлага илүү байна гэж шууд хэлэх хэрэгтэй.

-Буруу шийдвэр гаргасан  шүүгчид ямар хариуцлага ногдуулдаг юм бэ? Манайд ийм тогтолцоо бий юу?

Эрүүгийн хуулийг унших юм бол буруу шийдвэр гаргасан шүүгчийг хүртэл шийтгэчихдэг гэж харагдмаар байдаг юм. Эрүүгийн хуулийн 250-р зүйлд шүүгч илтэд хууль бус шийдвэр гаргавал шийтгэнэ гээд заачихсан байдаг. Үзээрэй. Гэтэл амьдралд хэрэглэсэн тохиолдол миний мэдэхийн байхгүй. Та бүхэн сайн мэддэг ганцхан жишээ авъя. У.Хүрэлсүх гээд улс төрчийг УИХ-ын гишүүн байхад нь 2 жилийн хорих ялаар анхан шатны шүүхээс шийтгэж байсныг санаж байгаа байх. Гэтэл давж заалдах шатны шүүхээс цагаатгачихдаг. Өөрөөр хэлбэл 2 шатны шүүхийн шийдвэр тэмээ ямаа гэдэг шиг, хар цагаан гэдэг шиг нэг нь буруутай нөгөө нь буруугүй гэж гарч байгаа юм. Хамгийн хачирхалтай нь анхан болон давж заалдах шатны шүүгчид нэг юмыг харж байгаад 2 өөр шийдвэр гаргаж байгаа явдал эмгэнэл.

Учир нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн тэр л хавтаст хэрэг өөрчлөгдөхгүйгээр давж заалдах шатандаа хэлэлцэгддэг учиртай. Хоёр шийдвэрийн аль нэг нь зөв байх нь гарцаагүй. Энэ зөрчил, түүнээс үүдэн гарах маш олон асуулт байна. Хэн нь илтэд буруу шийдвэр гаргаж хэн нэгнийг хэлмэгдүүлэв үү, ял завшуулав уу гэдэг асуудал. Буруутай этгээдэд хариуцлага гарцаагүй зарчим алдагдаж байгаа биз. Гэх мэтчилэн олон баримт байна. Харамсалтай нь энэ байдал засрахгүй нь. Манай шүүх дэлхийд байхгүй гажиг тогтолцоотой. Нөлөөлөлд автах эрсдэл 100% гээд ойлгочих хэрэгтэй. Уул нь ард түмэн, төр 2 хамтраад шүүхийн шийдвэрийг гаргадаг учиртай.

Хамтарч шийдвэр гаргадаг, дамжлагаар шийдвэр гаргадаг 2 хэлбэр л түгээмэл байна. Манайх аль нь ч биш. Төрийн шүүгчид дангаараа шийдвэр гаргадаг. Иргэдийн төлөөлөл оролцох төдий чимэг болдог ийм л систем. Энэний хор уршиг ч илэрч  шүүх алдаатай шийдвэр гаргах энгийн мэт үзэгдэл болоод байна. Ирээдүйд бид шүүхийн шинэчлэлийг амжилтанд хүргэе гэвэл зайлшгүй энэ тогтолцоог эрүүлжүүлэх хэрэгтэй. Гэхдээ шүүгчдийг ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автаж буруу шийдвэр гаргадаг бузар үйлдлийг зөвтгөх үндэслэл бол энэ биш юм. Тэр шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын яриад байгаа шиг шүүгчдийн цалинг нэмээд л шударга шийдвэр гаргадаг болгоно гэж ойлгож, итгэж байгаа бол хэт мунхаг явдал болох юм.

-Иргэний оролцоог хангахгүй байх нь шүүх тогтолцоонд ямар байдлаар нөлөөлж байгаа вэ?

Улс төрчдийн болон бусдын нөлөөлөлд шүүгч автах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. Би дээр хэлсэн. Шүүх гэдэг бол цоо шинэ ойлголт биш. Маш олон зуун жилийн түүхтэй, олон янзын шийдлүүдийг дамжиж ирсэн ойлголт.

Шүүхээс иргэд төртэйгээ хамтран шийдвэр гаргах систем буюу шүүх бүрэлдэхүүнд төр, иргэдийн төлөөлөл хамтарч зөвлөлдөх тасалгаанд маргаан таслах тэнцүү эрхтэйгээр орж шийдвэр гаргах. Манайх социализм байгуулж байхдаа 2 ардын төлөөлөгч 1 шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэй маргаан тасалж л байсан. Харин одоо дуурайж хуулбарлах гээд байгаа тэр англо-саксон гэгч системд иргэдийн төлөөлөл зөв бурууг дэнслээд дараа нь төрийн төлөөлөл иргэдийн шийдвэрийг баталгаажуулах жишгээр явдаг дамжлагат систем юм. Ер нь бол зөвхөн шүүх гэлтгүй манай улсад төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, шийдвэрт тавьдаг хяналт бараг устсан гэж хэлж болохоор байгаа юм.

Гэхдээ л бүх төрлийн маргааныг таслах үүрэгтэй байгууллага шүүх тул илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Шударга ёсыг шүүгчдээс л эхэлж шаардах хэрэгтэй байгаа юм. Ер нь энд онцолж нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Шударга гэдэг үгийг хүнтэй ойлгож хэрэглэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол шударга шүүхтэй болно гээд хазайгаад явчихаж байгаа юм. Согтуу жолоочтой тэмцдэг болохоос согтуу машинтай тэмцэх тухай ойлголт байж болохгүй биз дээ.

-Төрийн хяналтын тухай ярилаа. Энэ талаар танай байгууллага идэвхтэй ажилладгийг мэдэх юм. Энэ талаар та манай уншигчдад тайлбарлахгүй юу?

Төрийн удирдлагад үндсэндээ  2 төрлийн хяналтын чиг үүрэг байдаг. Нэг нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт. Нөгөө нь төрийн дотоод хяналт. Бидний санааг маш ихээр санаа зовоодог асуудал бол төрийн дотоод хяналтын асуудал юм. Хуучин ардын хянан шалгах хороо, намын төв хороо гэх мэтчилэн хяналтын хүчтэй байгууллагууд байсан байх юм. Гэтэл одоо төрийн дотоод хяналт үндсэндээ эрх баригчдаас хамааралтай, нөлөөнд автсан байдалтай л байна.

Тиймдээ ч даргын найз, хамаатан, хөрөнгө мөнгөтэйгөөрөө даналзаж хэлээ хүрэх газар яв гэж ард иргэдийг басамжлах төрийн түшээд олширч байгаа явдал ажиглагдаж байна. Тиймээс бид Иргэний хяналтын нэгдсэн сүлжээ гэдэг нэртэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь төрийн албан хаагчдыг хөндлөнгөөс хянах шинэлэг санаачилга бас оролдлого гэж ойлгож болно. Тодруулбал төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, чадвар, дадлага туршлага, ёс суртахуун, сахилга батад иргэд өөрсдөө үнэлэлт дүгнэлт өгдөг болох тухай ойлголт юм. Ер нь бол ардчилсан нийгэмд иргэдийн өөрсдийнх нь идэвх санаачилга, хариуцлага маш их өндөр үүрэгтэй гэж ойлгодог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг байдаг даа. Зарим талаараа манай иргэд өөрсдөө өөрийнхөө эрхийг эдлэхээсээ сайн дураараа татгалзах явдал их байна уу даа гэж харагддаг.

Энэхүү байдал нь төрөөс айдаг сэтгэхүйтэй нөгөө талаасаа өөрийнхөө эрх чөлөөний талаар мэдлэг дутмаг байдалтай холбоотой байдаг байх. Тиймээс бид эрх зүйн орчинд хувь хүн биеэ авч явах чадвар, итгэлийг нэмэгдүүлэх зорилготой олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр бэлтгээд байгаа юм.

-Сонирхолтой байна. Тодорхой ярьж өгөөч?

Би иргэний харилцах дэвтэр гэдэг нэртэй дэвтэр бүтээсэн юм. Энэ нь иргэд төрийн байгууллага албан тушаалтантай харилцахдаа ашиглах зорилготой дэвтэр юм л даа. Судалгаа хийгээд явж байхад иргэд төрийн албанаас ямар нэгэн баримт авдаггүй байдлаас иргэдийн өргөдөл гомдол шийдэгдэхгүй удаашрах, чирэгдэх, өргөдөл гомдол алга болох, өөрчлөгдөх гэх мэтчилэн зөрчлүүд ихээхэн байдаг нь тогтоогдсон. Тиймээс энэхүү дэвтрийг санаачилсан ба иргэд ашигласнаар өргөдөл гомдол устах, хугацаа алдах, нааш цааш олон дахин шилжиж цаг хугацаа алдах улмаар иргэдийн хохирол чирэгдэл даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Мөн бид дижитал хамгаалалтын хөтөлбөрийн санаачлаад ажиллаж байна. Энэ нь иргэд өөрсдийнхөө дуу, дүрсний бичлэг хийдэг хэрэгслээр төрийн албан хаагчтай хийж байгаа ярилцлагаа бэхжүүлж авах боломжийг баталгаажуулах арга хэмжээ юм. Ер нь хүний эрхийг төрийн албан хаагчид харилцаанаасаа эхлээд зөрчиж эхэлдэг. Анхны харцнаасаа л өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэснээс нь эхлээд л ялгамжтай харилцаж ядарсан нэгэнтэй хууль бус, стандарт бус харилцаа үүсгэж доромжлох, басамжлах, боолчлох гэх мэтээр зүй бусаар харьцаж улмаар иргэд хохирдог. Харин энэхүү дижитал хамгаалалтыг хэрэглэснээр иргэдийн үнэлэмж тэнцвэржиж ялгамжгүй харилцаа хэвших юм.

Мөн бид иргэдийн эрх зүйн мэдлэгийн нэмэгдүүлэх зорилгоор “DEFENCE” гэдэг нэртэй албан бус сургалтын төв нээхээр ажиллаж байна. Энэ оны 12 сарын 10 буюу олон улсын хүний эрхийн өдрөөр нээлтээ хийхээр ажиллаж байна. Урт богино хугацааны сургалтын хөтөлбөртэй энэхүү сургалтанд хамрагдсанаар өөрийгөө болон бусдыг эрх зүйн хамгаалалтанд авах анхан шатны мэдлэгийг олгох юм. Магадгүй иргэд энэхүү сургалтанд хамрагдсанаар өмгөөлөгчид, хуульчдад зарцуулдаг зардлаа бууруулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэх ач холбогдолтой гэж итгэж байгаа.

-Таны цаашдаа хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар сонирхож болох уу?

Мэдээж бололгүй яахав. Дээр хэлсэн, эхэлсэн ажлуудаа үр дүнд хүргэхийн төлөө зүтгэнэ. Мөн хэд хэдэн хууль санаачилмаар санагддаг юм. Манай төрийн дотоод хяналт алдаатай байгаа би хэлсэн дээ. Ганцхан жишээ авъя. АНУ-д эцэг эхийн хурал боллоо гэхэд багш маш ихээр бэлтгэж, тэднээс өндөр үнэлгээ авахыг хичээдэг. Гэтэл манайд эцэг эхийн хуралд баахан загнаж, мөнгө төгрөг нэхэж байгаад л өнгөрдөг. Харин яам тамгын газраасаа үхтлээ айдаг.

Энэ л манай нийгмийн мөн чанар учраас үүнийг өөрчлөхийг л хичээж ажиллана. Тиймээс ч хэд хэдэн хууль санаачилмаар санагддаг юм. Юуны түрүүнд тангарагтны хариуцлагын хууль. Тангараг өргөх гэдэг бол маш хатуу зан үйл. Харамсалтай нь манайхан тангараг өргөхийг зүгээр л худалч хүний амлалт мэт ойлгоод байна. Тиймдээ ч өргөсөн тангарагаа умартаж шударга бус, хүнлэг бус, хууль зөрсөн үйл ажиллагаа явуулаад байна.

Төрийн бодлогоороо ч үүнийг дэмжээд байгаа мэт. Тухайлбал иргэн төрийн албан хаагчтай маргалдаж нэгнээ доромжиллоо гэхэд иргэнд 30 хоногийн баривчилгаа төрийн албан хаагчид сануулга дээд тал нь цалингийн хэдэн хувь суутгах арга хэмжээ авагдана. За да бараг ч арга хэмжээ авахуулахгүй дээ. Мөн заргын тухай хууль гэж санаачилмаар санагдаад байдаг юм. Энэ нь өргөдөл гэгчийг ялгаж салгах тухай ойлголт л доо. Аливаа маргаан гарлаа гэхэд иргэд өргөдөл гомдол гэгчийг гаргаж төрийн эрх бүхий этгээдэд ханддаг. Харин төрийн албан хаагчийн гаргасан шийдвэрт гомдол гаргахдаа дахиад л өргөдөл гомдол бичдэг. Тэгэхээр миний санал бол төрийн албан хаагчид холбогдуулан гаргаж байгаа өргөдөл гомдлыг зарга, заргын бичиг гэж шууд ялгаж хуульчилмаар санагддаг юм.

Зарга мэдүүлнэ гэхэд л шууд төрийн албан хаагчтай холбоотой гомдол гэж ойгогддог болмоор. Үүнийг дагаад төрийн албан хаагчдтай холбоотой гомдлыг шийдвэрлэдэг Иргэний хяналтын байгууллагын тухай хууль хэмээн хуульчилж төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг хяналтын байгууллага байгуулах шаардлага байгаа нь харагддаг.

Ер нь бол төрийн үйл ажиллагааг хариуцлагатай болгож, чадваржуулж, алдаа мадаггүй ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө л тууштай ажиллах  зорилготой байга. Магадгүй улс төрийн нам байгуулах талаар ч ажиллаж магадгүй. Яагаад гэвэл улс төрийн нөмын гүйцэтгэх үүрэг хэт их өндөр байна шүү дээ.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе...

Ямартаа ч намайг урь ярилцлага авч бидний үйл ажиллагааг олон нийтэд түгээж өгсөнд талархал илэрхийлье. Би их өөдрөг хүн учраас нийгэмд буй муу муухай бүхэн арилж Монголчууд бид эх орондоо эвтэй, найрсаг, шударгаар амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэдэг юм. Тиймээс би зүтгэдэг. Бидэнтэй нэгдээрэй. Манай байгууллага 13-р хороолол, 22А байрны 8 тоотод байрлаж байгаа. Утас 70110070, www.shudarga-shuuh.mn сайт болон shudarga123@gmail.com хаягаар бидэнтэй холбогдож болно. Бид мөн ажлын өдрүүдэд чөлөөт ярилцлагын клубүүд ажиллаж байгааг дуулгая. Баярлаллаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.