И.Батнасан:Багахангайд ложистикийн төв байгуулах боломжтой
Багахангай дүүргийн ИТХ-ын дарга И.Батнасантай дүүргийн хөгжлийн асуудлаар ярилцлаа. Тус дүүрэг нь нийслэлээс 100 км алслагдсан хамгийн хол дүүрэг юм.
-Та дүүргийн засаг даргаар долоон жил ажилласан. Харин одоо ИТХ-ын даргаар ажиллаж байна. Танай дүүргийнхээ ирээдүйн хөгжлийг хэрхэн хардаг вэ. Ямар онцлогтой дүүрэг вэ?
Налайх, Багахангай, Багануур дүүргийг хүмүүс хотоос алслагдсан гэдгээр нь мэддэг. Манай дүүрэг нийслэлийн есөн дүүргийн хамгийн отгон нь бөгөөд 4000 хүн амьдарч байна. Дээхнэ үед нийслэлийн төвлөрөл ихэсч, даац хэтэрлээ хэмээн удирдлагууд үзэж, Оросын цэргийн ангиас үлдсэн баазад тулгуурлаж Багахангай дүүргийг байгуулсан түүхтэй. Тухайн үед хотод байсан материал техникийн бааз, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хангамжийн нэгдлийг шилжүүлж авчирсан.
Тийм ч учраас манай дүүрэгт дэд бүтэц сайн хөгжсөн. Монгол улсын босоо тэнхлэгийн хэсэг болох Замын-Үүдийн төмөр зам болон Багануур луу салсан салаа зам дайран өнгөрдөг. Өөрөөр хэлбэл олон замын уулзвар огтлолцсон онцлогтой. Тиймээс давуу байдлаа ашиглаж, хөгжлийн хөтөлбөрөө ч гаргуулахаар нэгэнтээ 2012 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулсан ч сонгуулиас болоод хойшлогдож, одоо өөрчлөлт ороод, шинэ засгийн хөтөлбөртэй уялдуулах гээд хүлээж байна.
-Босоо удирдлагын төвөөсөө хол учир зарим асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэдэг үү. Босоо удирдлагын сул талыг хэрхэн мэдэрч байна вэ?
Би 2007-2013 он хүртэл засаг даргаар ажилласан. Засаглалын байдал, улс төрийн тогтворгүй байдал, босоо томилгоо нь орон нутгийн хөгжилд саад учруулдаг. Нэг нь гарч ирээд цоо шинэ зүйл ярьж, өмнөхөө үгүйсгэдэг. Нутгийн удирдлагын тухайд бүтцийн удирдлагыг чадваржуулж, эрхийг нь бэхжүүлнэ гэдэг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Тухайлбал Багахангайд төсвийн зарцуулалт дээр эрх байдаггүй. Нэг жижиг сандал авахад хүртэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл авахаар хот руу гүйдэг.
Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид хүртэл хяналт тавьж, зөвшөөрөл, хориглох арга хэмжээг хэрэгжүүлж чаддаггүй. Хууль нь том юм уу, журам нь том юм уу. Мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд журмаа зөрчсөн байна торгоно гээд явдаг. Ийм байдлаар нэг бүтцийн дор хэт төвлөрөхөөр хараат байдалд орж, аливаа шинэ санал санаачилга, ажлын идэвхи хумигдаж байгаа юм. Нэг залуу санаачлага гаргаад дүүрэгтээ ийм зүйл хийе гээд ороод ирэхээр нь энэ дүрэм
Дүүргийн иргэдээс санал авч байгаа нь
журмыг унш, тийм зүйл байдаг юм гээд л галыг нь унтраачихдаг. Манай бүтэц тогтолцоо ийм л байдалтай байна.
Хүмүүс сүүлдээ залхаад, дээрээс л өгсөн даалгаврыг биелүүлж байна. Түүнчлэн тухайн орон нутгийн засаг захиргаа л хэн нь юу хийж чадахыг мэднэ шүү дээ. Гэтэл соёлын төвийн даргыг томилохоос өөр эрх мэдэл алга. Сургуулийн захирал, галч, цагдааг дээрээс томилж байна. Уг нь таван жилийн өмнө захиргаанд эрх мэдэл байхад ажлын хариуцлагаа тооцож, хяналтаа сайн тавьж, гүйцэтгэлийг нь шалгадаг байсан юм. Одоо тийм зүйл алга.
-Эдийн засгийн чадамжийн хувьд танайх ямар боломжтой дүүрэг вэ. Дэд бүтцээ ашиглаад ложистикийн төв байгуулах боломжтой юу?
Манай дүүрэг таван жилийн өмнө 14 сая төгрөгийг орлого болгож төвлөрүүлдэг байсан бол одоо 50-80 сая төгрөгийг олдог болсон. Үүнээс илүүгээр ч хөгжих боломжтой.
Улаанбаатар хотын хэт төвлөрөл тодорхой хэмжээгээр Багахангайд ирэх боломжтой. Дагуул хот болгон хөгжүүлж болно. Нийслэлд байгаа модны зах, 100 айлын барилгын материалын төвийг нүүлгэх байдлаар худалдааны жижиглэн ложистикийн төвүүдийг байгуулах бүрэн бололцоотой. Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэлийг төвлөрүүлж, үйлдвэрийн паркийг байгуулж болно. Бид энэ талаар ШУТИС-ийн судалгааны багтай хамтарч ажиллаж байгаа. Дүүрэг маань өдрөөс өдөрт хөгжиж, шинэчлэгдсээр л байна. Саяхны судалгаагаар 40 мянган хүн амьдрах бололцоотой ундны усны нөөцтэйг илрүүлсэн.
Тиймээс улаанбаатарт бухимдалтай, түгжрэлтэй байгаа иргэд манай дүүрэгт ирж амьдарч болно. Учир нь манай энд түгжрэл, бухимдал, утаа байхгүй. Бүх хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгт хамрагдсан.
-Хоёр хороонд 4000 хүн амьдардаг гэсэн. Тэдгээр хүмүүс голдуу ямар ажил хөдөлмөр эрхэлдэг вэ. Тэнд шинээр суурьшихыг хүссэн хүмүүст ямар таатай нөхцөл байдаг вэ?
Дүүрэгт 58 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 20 нь төсвийн байгууллага. Эдгээрт л хуваагдаж ажилладаг.
Хувийн аж ахуй нэгжийн үйл ажиллагаа төдийлөн тогтмол байж чаддаггүй. Улирлын шинж чанартай болон эдийн засгийн байдлаас шалтгаалж унаж босдог. Энэ жил гэхэд төмрийн үйлдвэрүүд алдагдалтай байлаа. Харин ажиллах хүчний тухайд гэвэл энэ жил 200-гаад ажлын байрыг бий болгосон. Хөдөлмөрийн биржийн дүнгээс харахад 117 хүнийг байнгын ажлын байртай болгосон. 90 хүнийг улирлын шинжтэй ажилд зуучилсан.
Цаашдаа дүүргийн хүн амыгмеханикаар өсгөхийн тулд Улаанбаатарт төвлөрсөн их дээд сургуулийг тодорхой хэмжээг нь дүүрэгтээ шилжүүлэх боломжтой.
-Орон нутаг хөгжлийн сангийн хуваарилтад иргэдийн оролцоог хэрхэн хангасан бэ?
Бид энэ жилээс л иргэдийн оролцоог хангадаг болсон хэрэг биш. Багахангайчууд дөрвөн жилийн өмнөөс Тогтвортой амьжиргааны төслийн ачаар иргэдийн оролцоотой төсвөө хийгээд сурчихсан улс. Иргэдийнхээ хурлыг хийлгэж, санал хүсэлтийг нь аваад хэвшчихсэн. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнд их туршлагатай хандсан. Энэ жил нийт хоёр тэрбум төгрөг хуваарилагдсан. Манай дүүрэг жижиг ч гэлээ зургаан орон сууцны дөрвийг нь дулаалж, зассан. Угсармал хуучин байр учир их хүйтэн байдаг байсан. Түүнчлэн орон нутаг хөгжлийн сангийн мөнгөөр орчны тохижилт, цэвэр ус, бохирын асуудал, инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдсэн.
Цаашид иргэдийнхээ саналыг зуун хувь тусгахын тулд хавар, зун намар гэсэн үечлэлтэйгээр санал авах арга хэмжээг зохион байгуулна.