Б.Батболд: Гудамж төслийн үр дүн нь иргэдийн “алга ташилт” байлаа
Гудамж төслийн удирдагч Б.Батболд
2013.11.16

Б.Батболд: Гудамж төслийн үр дүн нь иргэдийн “алга ташилт” байлаа

Гудамж төслийн удирдагч Б.Батболдтой уулзаж, энэ жилийн бүтээн байгуулалтын гол үр дүн болон амжилт ололт, цаашдын төлөвлөлтийн талаар ярилцлаа.

-Хэт төвлөрөл үүссэн нийслэл хотод нийт 18 уулзварыг өргөтгөж шинэчиллээ. Эдгээр уулзварууд хотын түгжрэл, стрессийг шийдэхэд нэмэр болж чадсан уу. Та ямар дүгнэлттэй байна вэ?

Энэ оны есөн сарын байдлаар 28500 автомашин шинээр нэмэгдсэн нь  нийт хүн амд ногдох машиныхаа тоотой харьцуулахад 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийм өндөр хувиар нэмэгдэж байхад авто замынх нь бүтээн байгуулалт өсдөггүй. Иймээс л ачаалал хүндэрч, асуудал үүсгэж байна. Гэр хороолол, агаарын бохирдол, хөрсний бохирдол, түгжрэл бөглөрөл гээд үзэхээр хот маань аймшгийн хот болчихжээ. Мэдээж түгжирч байгаа хүмүүс хэзээ ч тайван сайхан байдаггүй. Түгжирдэг хотуудын хүн ам зүрх судасны өвчлөл ихтэй байдгийг ч судалгаагаар нотолсон. Хэрвээ 18 уулзварыг өргөтгөж, нэвтрэх чадварыг сайжруулаагүй бол автомашинууд гудамжийг зогсоох байсан. Гудамж төслийн гол нь үр дүн нь иргэдийн алга ташилт байлаа. Өмнө нь яагаад заавал 100 метр илүү тойрч байж очих газраа хүрдэг байсныг ойлгохгүй байгаа юм.

-Уулзварууд богинохон зайтай байх нь их түгжрэлийг үүсгэх нэгэн хүчин зүйл болдог уу. Тухайлбал 3 дугаар хорооллоос Сүхбаатарын талбай хүртэл Гандангийн замаар явахад нийт долоон уулзварыг дамждаг.

Богино зайд байх нь зөв. 100 метр яваад нэг уулзвар байх нь олон улсын стандарт жишиг юм. Гэтэл зарим тохиолдолд хотод уулзвар хоорондын зай 300-500 метр байгаа нь муу хэрэг. Уулзварууд хичнээн ойрхон байсан ч гэрлэн дохиоллыг зөв программчилж тохируулвал асуудал гардаггүй. Скандиновын орнуудын судлаж байх явцад манай хот ямар ч гудамж, замгүй гэдгийг ойлгосон. Энхтайваны гудамж, Бага тойрог, Их тойрог, Сөүлийн гудамж гээд цөөхөн зам, гудамжтай. Гэтэл бусад орнууд их замтай байдаг нь тэр хэрээр олон машинаа нэвтрүүлэх чадамжтай гэсэн үг.

Бид иргэдийнхээ мөнгийг хэрхэн хэмнэж чадсан бэ гэдгийг тооцож гаргасан. Өргөө, Саппоро, Дарь эхийн уулзварууд дээр тооцсон. Хүн бүр бензинээ шатаагаад том машин унаад, тойроод явах чадалгүй шүү дээ. Бид иргэдээ бодох ёстой. Олон иргэд өдөрт 3000-4000 төгрөгний бензин хийгээд явж байгаа. Тэд маань 100-200 метр илүү тойрохгүйгээр шууд явчихна гэдэг бол асар их мөнгийг нь хэмнэж байгаа  хэрэг. Эдийн засгийн нарийн үзүүлэлтүүдээр тооцоог сайн хийхийн тулд бид хичээж байгаа. Тухайлбал Өргөөгийн уулзвар 1,5 тэрбумаар боссон. Харин энэ бүтээн байгуулалт нь иргэдийн бензин шатахуун, автомашины элэгдэл хорогдол, цаг хугацаа зэргээр жилдээ 1,8 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гарсан. Хүмүүсийн мөнгийг хэмнэж байна. 25 дугаар эмийн сангийн уулзвараас Баянгол дүүрэг хүртэлх зам маш хол эргэж очдог байсан бол одоо шууд нэвтрэх болсноор 2,8 тэрбумыг хэмнэсэн. Саппорогийн тойрог 4 тэрбумыг хэмнэсэн.

Уулзварын төлөвлөлтийг хийж байхад нэг хүн өдөрт дунджаар 1 км зам илүү явж байгааг мэдсэн юм. Ингээд бодохоор нийслэлийн нийт машинаас 30 тэрбум төгрөгний хэмнэлт гарч эдийн засгийн шууд бус үр ашиг дээшиллээ.

-Чингис бондын санхүүжилтээр дэд бүтцийн салбарт ихээхэн хөрөнгө зарцуулсан. Их ажил, томоохон хөрөнгийг дагаад монголын замын компаниуд хэр зэрэг чадвартай болж, техникээ шинэчилж, өргөжин тэлж чадсан бол?

Өмнө нь жилдээ нэг л уулзварыг ашиглалтад өгдөг байсан бол энэ жил 18 уулзварыг хийсэн. Гудамж төслийн хүрээнд зам барилга, зураг төсөл, тэмдэглээ, гэрэлтүүлэг хийгч гээд нийт 58 гаруй монголын компанитай хамтарч нийтдээ 50 мянган ажлын байр бий болсон. Компаниудын хувьд ч өсч дэвжиж, өөрсөддөө туршлага хуримтлуулж чадлаа.

Уулзварын ажил эхлэх үеэр зураг төсөл, замын компаниуд ирээд ажлыг яралзуулаад өгнө гэж байсан ч яс юман дээр хөдөөний л замын зураг төсөл хийж байснаас биш хотын замд туршлагагүй байсан. Гэтэл хотын зам гэдэг түмэн зураг, дэд бүтэц, техникийн нарийн нөхцөл шаарддаг, олон элементтэй, өндөр стандарттай байсан учир эхэндээ компаниуд дутагдалтай байсан. Харин хоёр, гурав дахь уулзвараас эхлээд туршлагажиж эхэлсэн. Замын компаниуд мөн адилхан.

-Замын хяналт, чанарын асуудалд хяналт тавьж ажиллаж чадсан уу. Эдийн засаг хөгжлийн яам, Нийслэлийн авто замын газар, Зам тээврийн яам гээд хяналт олон байгаа ч, гүйцэтгэгчид үнэхээр зөвлөгөө өгч чадах нь бага байдаг хэмээн салбарын ажилчид хэлж байсан. Зарим тохиолдолд хотын зам ачаалал ихтэй учир бэхжилтийн хугацааг харгалзалгүй, технологийн горимыг зөрчдөг явдал байдаг шүү дээ?

Энэ тал дээр асуудал гараагүй. Хэдэн толгойтой байна уу хамаагүй. Үр дүн нь үнэхээр амжилт байсан учир тэр нь иргэдэд хэрэгтэй. Олон бүтэцтэй байна уу, хэн хийж байна хамаагүй. Нийслэлийн авто замын газар, Зам тээврийн яам бондын мөнгийг хариуцахгүй гээд байсан учир Эдийн засаг хөгжлийн яам өөртөө авч, Гудамж төслийг эхлүүлсэн юм. Тэгээд нэгэнт л бидний хот учраас уулзвараа өргөтгөсөн.

Бид Японы хяналтын зөвлөх үйлчилгээний компанийг хөлсөлсөн учир компаниудад хяналтыг сайн тавьсан. Үүний хүчинд ч муу тавигдсан замыг дахин хуулуулж, шинээр тавиулсан тохиолдол бий. Монголчууд чаддагийг харуулсан. Итгэлтэй болж байна. Жижиг итгэл маань ирээдүйн том бүтээн байгуулалтад тусална. Монгол улс маань хөгжилж цэцэглэж хот шиг хоттой болох цаг ирлээ.

Одоо хурдны замаа эхлүүлээд, гэр хорооллын замаа хийгээд эхэлвэл хүмүүс бие биедээ итгэдэг болно.

-Үр дүн сайн байгааг хүмүүс харж байгаа. Ер нь хот төлөвлөгч хүний хувьд манай хот зам барих ч газаргүй гэдгийг хэлсэн. Манай хот цаашид тэлэх шаардлагатай юу. Та юу гэж боддог вэ?

Хоёр сая хүрэхгүй хүн амтай жижиг хот хэдий болтол тэлэх вэ. Тэлсээр байгаад ажил руугаа хоёр цаг болж очвол яах юм бэ. Тэлмээргүй байна. Харин замаа ихэсгэж, уулзвараа нэмэх шаардлагатай. Хотын замын сүлжээний системийг цогцоор нь бий болгох хэрэгтэй. Би компактний ситиг дэмждэг. Энэ нь хотын систем, зохион байгуулалтыг зөв хийж чадвал хотоос хорин минут гарч давхиад л хөдөөгийн сайхан байгал руу гарах боломжтой гэсэн үг. Зарим том хотууд хорин минут байтугай хоёр цаг давхиад ч хотоосоо гарч чаддаггүй. Тийм хотод амьдрах нь сайхан биш. Богино хугацаанд хот, байгаль хоёрыг зэрэг мэдэрдэг байвал сайхан биш гэж үү. Жайкагийн хийсэн хотын мастер төлөвлөгөөнд ч компактный ситиг санал болгосон байдаг.

-Гудамж төслийн хийж буй бас нэг ажил нь гэр хорооллын замын асуудал. Энэ жилийн хувьд гэр хорооллын замд анхаарч чадсан болов уу?

Манайх гэр хороолол, хотын төв, хурдны зам гэсэн гурван дэд төсөлтэй. Энэ жилийн хувьд гэр хорооллын төсөл зарим концепцийн асуудлаас болоод амжилттай явж чадаагүй. Ямартай ч эхний ээлжинд хотын зүрх болсон Гандангийн гэр хорооллыг дэд бүтэцтэй зам, харгуйтай болгохоор төлөвлөж байна. Гэхдээ хоёр машин шүргэлцээд гарах шахам нарийн гудамжинд асфальтийн том машин оруулж зам тавих боломжгүй учир иргэдийнхээ дэмжлэгийг авах нөхцлийг бүрдүүлнэ.

Байгалийн чулууг ашиглаад явган хүний зам, том замаа хийе гэж байгаа юм. Нэг компани замын төлөвлөгөө, зураг төслөө гаргаад иргэдийн хийх замын ажилд тусална. Ингэснээр иргэд өөрсдөө инженерийн удирдлаган дор ажиллаж, хөлс авч ажиллана гэсэн үг. Иргэдтэй тохирно гэсэн үг. Эргээд иргэд өөрсдөө замын ажилд оролцсон учир замаа хайрлана шүү дээ. Тэгээд зам, гэрэлтүүлгийг нь шийдээд өгөхөөр гэр хорооллын дэд бүтэц сайжирна.

-Яг хэзээнээс эхэлж хэрэгжих вэ?

Одоо бидгэрээ, контрактны шатанд явж байна. Дараа жилээс эхлүүлнэ. Ер нь хотын төлөвлөлтөд оролцоод явж байхад манай улс хот төлөвлөлтөөр маш их хоцрогдсоноо ойлгосон. Олон жилийн турш ийм байдалтай явж ирсэн. Зам барих гэхээр газрын менежмент муу явагдсан учир байшин, барилга нь дэндүү их шамбараалдсан. Замын зогсоол ч байхгүй. Тиймээс одооноос төлөвлөлтөө сайн хийж, өөрчлөхгүй юм бол бидний үр хүүхдүүд аймшгийн хотод амьдарна шүү дээ.