Т.Бямбаа: Инженергүй, тоног төхөөрөмжгүй компанид зөвшөөрөл олгохгүй байгаа
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаатай уулзаж, авто замын салбарын хөгжилд голчлон тулгарч байдаг чанар, санхүүжилт, хяналт, мэргэжлийн боловсон хүчний талаар илэн далангүй ярилцахыг зорилоо.
-Аливаа салбарыг хөгжүүлэхийн тулд тулгамдаж буй асуудлыг шийдэх нь дамжиггүй. Тиймээс авто замын салбарт өнөөдөр нэн тулгамдан гарч буй асуудал нь юу байна вэ?
Энэ жил авто зам барилгын ажлыг шууд гэрээгээр өгсөн. Гэрээгээр өгсөн ажлуудыг жилд нь дуусгахаар хийсэн. Гэтэл зам барилгын ажлын гэрээг хожуу хийснээр цаг хугацааны тулгамдсан асуудал гарч байна. Энэ жил 6 аймгийг нийслэлтэй холбоно гэчихсэн. Одоо засгийн газраас зам барилгын ажлыг 10, 11 сар гэхэд дуусгах шаардлага тавьж байгаа.
-Ямар учраас цаг хугацааны хувьд шахуу болчихсон юм бэ?
Энэ жил ажлын гэрээг зам барьдаг үед буюу 6-7 сард хийсэн . Нэг үгээр хэлбэл гэрээгээ оройтож хийсэн нь энэ жилийн зам барилгын ажлыг хугацаандаа өгч чадахгүйд хүрч байна. Гэхдээ засгийн газрын энэ шахаж байгаа нь нэг талдаа зөв. Энэ нь анхны жилд зам барилгын үндэсний компаниудад хэцүү байх болно. Харин дараагийн жилээс
Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул ОУХТ-өөс Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
үндэсний компаниуд ажлаа хугацаандаа дуусгахын тулд яаж ажлаа зохион байгуулах, төлөвлөх , яавал хурдан хугацаанд ямар технологи, техник тоног төхөөрөмж ашиглаж хэдий хэмжээний хүн хүчээр, яаж зохион байгуулж ажиллах вэ гэдэг шинэ гаргалгаанууд гарч ирнэ гэж харж байгаа.
Дээр нь шинэ технологи, техник орж ирнэ. Харин компаниудын оруулж ирж байгаа шинэ техник, технологийн шинэчлэлт дээр яамны зүгээс дэмжлэг үзүүлж стандартуудыг нь яаралтай баталж үнэлгээнд оруулж өгөх хэрэгтэй. Ингэвэл манайхны ажлын хурд нэмэгдэж, чанар ч сайжирна. Энэ талаас нь сайн гэж үзэж байгаа юм.
Нөгөө талдаа хэт хугацаагаар шахах нь замын технологийн горим алдагдаж чанар муу болно. Замыг технологийн дагуу барих шаардлагатай.
Жишээ нь бетон цутгалаа, бэхжилтийн хугацаа долоо хоног байдаг гэж үзвэл долоо хоногтоо л бэхжинэ шүү дээ. Үүнийг хоёр хонуулаад хугацаандаа баригдаад хийвэл тэр чанаргүй л болно. Шороонд л гэхэд шаварлагын агуулга 30%, чулуулагын хэмжээ 10-20% байнаа гээд заачихсан байдаг. Үүнийг л шороон далангийн ажилд баримтлаж 20-25 см-ээр үе үеэр нь хийж нягтруулахгүй л бол угаасаа тэр зам чанаргүй болно.
Цаашид замыг жилд нь барина гэвэл 100км -ээр нь биш 20,30 км-ээр нь замаа өгөөд оны эхний нэг, хоёрдугаар сард компаниудтай гэрээ хийж, компаниуд энэ хооронд бэлтгэл ажлаа хийгээд дөрөвдүгээр сар гэхэд зам барилгын ажлаа эхлээд явбал л жилдээ ашиглалтанд өгөх боломжтой.
-Та ярианыхаа эхэнд компаниуд хурдтай ажилласнаар шинэ технологи нэвтрүүлэх боломжтой талаар ярьсан. Технологийн шинэчлэл нь замын чанартай хэр хамааралтай вэ?
Ер нь замын ажил их нарийн. Нийгмийн хандлага жаахан ташаа байдаг нь харамсалтай. Шороо асгаад л болох юм шиг санадаг. Гэтэл зам тавина гэдэг бол олон хүний хүч хөдөлмөр, хариуцлага, сэтгэл шаардсан ажил.
-Замын чанарт өөр нөлөөлөх ямар хүчин зүйл байна вэ. Компани, хүний хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ. Та өөрийнхөө санаа бодлоос хуваалцана уу?
Нэг хэсэг гадны компани л сайн гэж Хятадын компаниар зам бариулах явдал их байсан. Гэхдээ монгол компаниудад зам өгөөд эхлэнгүүтээ хугацаагаар шахаад эхлэж байгаа. Нэг талдаа замыг шууд боловсон хүчингүй шууд л муу гээд байвал муу л харагдана шүү дээ. Харьцангуй монголын компаниуд сайн болж байгаа. Нүдэн дээр ил харагдаж байна. Хотын замыг л гэхэд дан монгол компаниуд барьж нийслэлд авто зам, олон замын уулзваруудыг шинэчлэлтийн ажлуудыг хугацаанд нь чанартай хурдан барьж сайн ажиллаа. Энэ нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Бодлого нь л зөв бол Монголчууд хийж чадахгүй биш, чадаж байна. Чадна.
Чанарыг илүү сайжруулахын тулд хяналтад анхаарах хэрэгтэй. Одоо
Баянхошууны 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг “Хувай Монголиа” ХХК 85 хувьтай гүйцэтгэж, зорчих хэсгийн ажлыг бүрэн хийжээ.
хөндлөнгийн бие даасан компаниар хянуулдаг болсон. Засаг төр ч давхар шалгана. Тухайн компаний тавьж буй зам хэр зэрэг сайн болж байгааг хөндлөнгийн хянагч шалгахдаа зөв, үнэн сэтгэлээсээ, стандарт, журмынхаа дагуу шаардлагаа тавьж, нөгөө компани ч түүнийх нь дагуу хийвэл асуудал гарахгүй. Хяналтыг зөв л явуулах хэрэгтэй. Замын чанар сайн болж байгаа.
Замын чанар нь маш олон хүчин зүйлээс хамаардаг төдийгүй өчүүхэн жижиг хуруун чинээ нүх гаргасан байгааг анзаараагүй л өнгөрөхөд , үүнээс үүдэн зам эвдэрдэг онцлогтой. Тэгэхээр зам барих нь маш хариуцлагатай ажил байгаа биз.
Хариуцлагын талаар ярихаар Монголчуудад нэг хэнэггүй зан бий. Би сайн зам барьсан, гоё л байгаа биз дээ гээд өөрийгөө өмөөрөх сэтгэлгээтэй. Нэг нүхийг ч харж, хянаж тооцож, засаж явах хэрэгтэй. Өнгөрсөн жил Японы инженерүүд Нарны гүүрээ барьж дуусчихаад хүлээлгэж өгөхгүй удсан. Учир нь зам нь үнэхээр сайн болсон эсэхийг нарийвчлан шалгаж, дахин дахин хянаад, засаад арчлаад явсан. Тэгээд өчүүхэн төдий нүхийг засч байж, хүлээлгэж өгсөн.
Замд тохирохгүй нэг атга материал ороход л замын чанарт муугаар нөлөөлдөг.
-Хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд танай холбооны зүгээс ямар ажлыг хийж байна вэ?
Ажил гүйцэтгэж буй компаний захирал, инженер, ажилтан, ажилчид хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаж сэтгэлээсээ хийдэг байх хэрэгтэй. Ажилчин хүн нэг л хүрз таараагүй шаварлагтай шороо цацсан бол дараа нь зам эвдрэх аюултай. Тэр газар нь устаад замаа идэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл идээлж бугласаар замыг дэлбэлдэг гэсэн үг. Тиймээс л би замын ажил их нарийн гэж хэлээд байгаа юм.
Тиймээс хүний хариуцлагыг нэмэгдүүлэх тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Энэ талаар компани, аж ахуйн нэгж, салбарын хэмжээнд ч тэр ажилчиддаа байнга ойлгуулж, зөв хандлагыг хэвшүүлэх шаардлагатай.
-Хариуцлага хяналтыг хэрхэн сайжруулах ёстой вэ?
Замын чанарт зураг төслийн ажил их чухал. Анх зам барих газраа сонгож байхаас л бүх зүйл эхэлнэ. Замын зураг хийж батлагдсаны дараа тендер лүү орох ёстой. Ер нь тендерийг зөв шалгаруулах шаардлагатай. Үүнээс л бүх зүйл хамаарна.Тендерт шалгарсан компанинь өөрийн дотоод хяналтын албатай байх ёстой.Тэгэж байж л чанартай зам барьж, ашигтай ажиллаж компани оршин тогтоно. Чанаргүй зам барьсан компаниуд дахин ажил авч чадахгүй дампуурах болно. Хяналтын компаниудын хариуцлагын тогтолцоог сайжруулж ажиллах нь зүйтэй .
-Замын салбарт мөрдөгдөж байгаа стандартыг өөрчлөх асуудлыг танай холбоо тавьж ирсэн. Дорвитой өөрчлөлт гарч байна уу.
Замын стандартуудыг өөрчлөх шаардлага байна. Тухайлбал замын хучилтын зузаан 5см байна. Үүнийг заавал өөрчлөх шаардлагатай. Талбай, зогсоолын хучилт л 5 см байдаг. Энэ стандартыг хотын зам, орон нутгийн замд ч ялгаагүй хэрэглэж байгаа нь зохисгүй. Цаг үе, орчны нөхцөл байдлаа мэдрээгүй хэрэг болж байна. Одоо хөдөлгөөний эрчим нэмэгдсэн, хүнд даацын машинууд ихээр явж байгаа. Иймээс замын хучилт 2 үе байх хэрэгтэй. Зургийн байгууллага даацыг нь тооцож үзээд хучилтын зузааныг 2 үеэр 7, 9, 12см-ээр төлөвлөх шаардлагатай байна.
Хучилтын хийцээ дагаад үнэ нэмэгдэх тал бий. Мөн хотын ойролцоо барьж байгаа замын үнэ , Увс , Ховд зэрэг хол, өндөр уул, хадтай газар зам барьж байгаа үнэ ижил байна. Ийм байж болохгүй ээ. Зургийн байгууллага зургаа хийгээд төсөв гаргадаг тэр үнээр нь л замаа бариулах хэрэгтэй байна.
Харин өнгөрсөн оноос хотын замыг хоёр үеэр тавьдаг болсон нь сайн хэрэг. Тэгэхээр орон нутгийн замуудыг даац,хөдөлгөөний эрчмээс хамааруулж, хучилтыг үеийг хоёр болгох шаардлагатай.
-Замын материалын үйлдвэрлэл ямар байдаг вэ. Импортоор ямар бүтээгдэхүүнийг авдаг вэ?
Импортоор замын гол түүхий эд болох хар тос /битум/ л орж ирдэг. Манай худалдааны хувийн байгууллагууд чанарын хувьд хангалтгүй битумыг Оросоос оруулж ирдэг. Тухайлбал битум дотор мазут, хаягдал тос холиод явуулчихдаг гэсэн үг. Ийм хар тос ашигласан зам чанаргүй
Зам дээр битум тавьж байгаа нь. Газрын тос нь байгаль дээр элстэй холилдон хагас хатуу хэлбэртэй тохиолдож болох ба битум гэж гэж нэрлэнэ
байх нь ойлгомжтой. Гэтэл замын компаниуд өөрсдөө оруулж чадахгүйгээс хойш хүний авчирсныг худалдаж авахаас аргагүй болдог. Дээж аваад шалгадаг боловч тэнцэж байгаа нь ховор.
Замын материалаас буталсан чулуу, элс хайрга харьцангүй угаагдсан чанарын шаардлага , стандартаа барьдаг болсон. Харин асфальтын үйлдвэрт найруулахдаа жаахан хэмжээ алдвал л чанаргүй болох аюултай байдаг. Ингээд бодохоор зам тавина, материал сонгоно, найруулна гэдэг бол их нарийн ажил. Эмч буруу тариа хийвэл ямар үр дүн гарах билээ түүн шиг зүйл.
-Мэргэжлийн бус хүмүүс замын бизнесийг сонирхож, зам тавих явдал ихэссэн. Тэд зарим тохиолдолд чанаргүй зам барьж, мэргэжлийн замчдын нэрийг унагаад байх юм. Үүн дээр мэргэжлийн холбооны зүгээс ямар санаа бодолтой явдаг вэ?
Одоогийн байдлаар авто замын 800 инженер байгаа нь хүрэлцдэггүй. Боловсон хүчин нь нэг иймэрхүү байдалтай байхад хүн болгон тусгай зөвшөөрөл авч зам барих гээд байх юм. Мэргэжлийн инженер, шаардлагатай техник, тоног төхөөрөмжгүй компани ямар нэгэн аргаар тендер авчихаад шороо асгаад л зам барьчихдаг гэсэн буруу ойлголтоос болоод чанаргүй зам барьж байгаа нь үнэн. Ийм компанийг цаашид зам бариулахгүй.
-Тендерийн сонгон шалгаруулалтын комисст танай холбооны зүгээс төлөөлөл оролцож чаддаг уу. Одоо хичнээн хүн байгаа вэ?
Байдаг. Гэхдээ ганц хоёр хүн шийдвэрт нөлөөлж чадахгүй. Энэ жил манайхаас тендерийн үнэлгээний комисст байсан хоёр хүн зөрчилдөөнөөс болоод татгалзсан. Хэл амаа ололцохгүй, ойлголцохгүй байна гээд нэрээ татсан. Өөр хүмүүс ч байгаа.
-Тендерийн сонгон шалгаруулалт, тусгай зөвшөөрлийг чадваргүй, мэргэжлийн бус компанид өгч байгаа нь нөгөө талдаа чанаргүй замын эхлэлийг эхнээсээ тавьж байгаа мэт.
Тендерийн хувьд жилийн эцсийн тайлангаар л хэрхэн ажилласныг дүгнэх нь зүйтэй байх. Шинэхэн агентлаг ямар компани шалгаруулсан нь зам барьж дууссан хугацаа, замын чанар хоёроор л дүгнэгдэнэ.
Тусгай зөвшөөрлийн хувьд энэ жил зам тээврийн яамнаас тусгай зөвшөөрлийн анхан шатны бүрдүүлэлтийг манай холбоогоор дамжуулж явуулдаг болсон. Өмнө нь яаман дээр замын тусгай зөвшөөрлийн хүсэлт олон болж овоордог байсан бол одоо тэгэхээ больсон. Манай холбоо дүрэм журмын дагуу шаардлага хангасан материалыг л хүлээн авч байгаа. Хэн нэг дарга бидэнд нөлөөлж чадахгүй.
-Хэдэн сараас эхэлж зөвшөөрөл өгөх болсон бэ. Одоогоор хичнээн компанид өгсөн бэ?
Өнгөрсөн долоон сараас эхлээд одоо гурван сар болж байна. Хүсэлт зөндөө ирсэн ч одоогоор дөрвөн компанид л зөвшөөрөл өгсөн. Үүнээс шинээр олгож байгаа нь 1 компани, сунгуулж байгаа нь 2, ангилал нэмүүлсэн 1 компани байгаа юм.
Тэгэхээр инженергүй, тоног төхөөрөмжгүй компанид зөвшөөрөл олгох асуудал цэгцэрч байна гэж ойлгох хэрэгтэй.
Мэргэжлийн холбоо хаана ямар компани, юу хийдгийг сайн мэднэ. Бид бүрдүүлэлтийг хийж өгөөд, түүний дагуу яам хуралдаж, хянаад шийдвэрээ гаргадаг.
-Зөвшөөрөлд тэнцээгүй компаниуд ямар алдаа дутагдалтай байна вэ?
Хуурамч диплом илэрч байна. Мөн бичиг баримт, техникийн бүртгэлийн зөрчил, инженер давхардсан гэх мэт зөрчлүүд гарч байна. Бид энэ талаарх мэдээллийг долоо хоног тутамд сайт дээрээ байршуулдаг. Тэндээс харж болно. Гол нь бид шударга ажиллах ёстой. Худлаа ажиллавал замбараагүй байдал үүсэх учраас хариуцлагатай, шударга үнэнч ажиллаж байж л салбар хөгжинө.
Тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт хийхээс гадна бид авто замын салбарын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилтаны сургалтуудыг жил бүр 10 сараас эхлээд дөрөвдүгээр сар хүртэл явуулдаг. Гэхдээ бид инженерүүдэд сургалтыг түлхүү өгч байгаа.
Түүнчлэн гаднаас багш урьж, шинэ технологи танилцуулах сургалт , мөн гадаадад мэргэжлийн чиглэлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулж байна. Бид замын салбарын боловсон хүчнээ өшөө хурдацтай чадавхижуулах, мэргэшүүлэх шаардлагатай байна.
-Компаниуд төрөлжиж хөгжвөл илүү үр дүнтэй санагддаг. Тухайлбал Японы Тоёота компани олон жижиг дунд үйлдвэр, аж ахуй нэгжээр машиныхаа деталийг хийлгэж, өөрсдөө угсардаг. Ийм шийдэл сүүлийн үед бизнесийнхний дунд эрчтэй нэвтэрч байгаа. Үүн шиг замын компаниуд төрөлжих боломжтой юу?
Компаниуд төрөлжиж болно. Зарим нь ус зайлуулах хоолой, гүүр, далан, хучилт хийх зэргээр төрөлжиж болно. Төрөлжвөл илүү хурдан чанартай болно. Эдийн засгийн хувьд ч компанид үр ашигтай. Нэг компани бүгдийг нь хийх гээд олон тийшээ хөрөнгө хүчээ тарамдаж ажиллаж байгаа нь цаашид явцгүй юм. Манай монголчуудын цусанд ч байдаг юм уу, нэгдэж хамтарч ажил хийхдээ тааруу. Гэхдээ зарим компаниуд консорциум маягаар ажиллаж байна.
-Зам барьж дуусаад тууз хайчилдаг. Үүний дараа арчилгаа, засварын асуудал нь эзэнгүй үлддэг?
Ер нь замыг ашиглалтанд өгсөн өдрөөс эхлээд л арчлалтаа хийгээд /цэвэрлээд/ тордоод явбал их мөнгө хэмнэж, эвдрэл ч багасна. Хөрөнгө гаргаж барьчихаад түүнийгээ хаячихаар яах вэ.
Одоо улсаас багахан хэмжээний мөнгийг засвар арчлалтын компаниудад өгдөг нь бүрэн утгаараа хүрэлцдэггүй. Энэ нь өвөл цас цэвэрлэх, замын эвдэрсэн хэсгийг нөхөж засварлахад зарцуулагддаг. Төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй.
Уг нь засварыг хэдэн төгрөгөөр хийхээр байна гэдгийг газар дээр нь очиж, үзээд тооцох ёстой. Замыг таван жилд дунд засвар, арван жилд их засвар хийдэг. Гэтэл манайхан шууд их засварыг хийгээд байгаа нь цаанаа зардал ихтэй ажил болж байна. Түүнчлэн засварын арчлалтын төрийн өмчит компаниудыг шинэ шатанд гаргаж зөв зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй.