“Монгол цус” баримтат киноны нээлт
2013.12.03

“Монгол цус” баримтат кино бүтээгдлээ

Их эзэн Чингис хаан дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалж, Азийн өндөрлөгөөс Африкийн алс хүртэлх газрыг эзлэхдээ дэлхийн соёл иргэншлийн түүхэнд асар том нөлөө үзүүлж, очсон газар бүхэндээ Монголын мөрийг үлдээж явсан билээ.

Нүүдэлчин монголчуудын олон мянган бээрийг дамнан тархсан соёл уламжлал одоог хүртэл хадгалагдаж, нутгийн онцлог, байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн байдаг ч Монгол цус баларшгүй хэвээр үлдсэн байдаг гэдгийг нотлохоор хэсэг залуус санаа нэгдэж, Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан “Монгол цус” хэмээх баримтат киног хийж эхлүүлсэн юм.

Найман зууны тэртээх Монгол түмний мөрийг хөөж, үүх түүхээ судалсан “Монголоо хайсан Монгол” хэмээх нэгэн сайхан нэвтрүүлэг байдаг бол энэхүү “Монгол цус” баримтат кино нь Монгол цустны тарсан газар нутгуудаар явж, нүүдэлчин ардын эд агуурсыг сахин хамгаалагч, хүний сайн анд Монгол гарж /Монгол банхар/ нохойн мөрөөр явсан бөлгөө.

Энэхүү баримтат кино өнгөрөгч амралтын өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монголын нохой судлалын холбооны хүндэт гишүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү болон  алдарт яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана нар оролцов. Нээлтэд оролцсон дээрх хоёр эрхэм нь энэхүү киног бүтээхэд оюун санааны болон эд хөрөнгийн арвин их туслалцаа үзүүлсэн бөгөөд Монгол гарж нохойгоо сурталчлан таниулах үйлст оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Монголын нохой судлалын холбооны зүгээс хүндэт өргөмжлөл гардуулав. 

Монголын нүүдэлчин ардын үүх түүх, соёл ёс заншлын салшгүй нэгэн хэсэг болсон хоточ банхарын талаарх кино дэлгэцийн бүтээл, баримтат судалгааны ажил тун цөөхөн байдаг. Дээхэн үед уран бүтээлийн “Эрэлчин” хамтлагийн хийсэн “Хоточ Монгол нохой” хэмээх дэлгэцийн бүтээлээс өөр бүтээл бараг байдаггүй аж. Тиймээс ч энэхүү кино танин мэдэхүйн ач холбогдол өндөр, түүхийн болон судалгааны чухал эх сурвалж болон үлдэх баримт материал болж байгаа юм.

Гарж нохойн талаарх андуу ташаа ойлголтыг цэгцлэх нийтэд дэлгэгдээгүй шинэлэг мэдээлэл оруулах үндсэн зорилгоо товч бөгөөд тодорхой илэрхийлж, найруулгын хувьд эмх цэгц сайтай байсныг ажиглахад олон уран бүтээлчийн хөдөлмөр шингэсэн нь илт байлаа. Уг уран бүтээлд яруу найрагч Г.Аюурзана, эмч Б.Болдсайхан, далай даян дархан аварга А.Сүхбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү, “Бадарчин 93” аялалын гишүүн Л.Нацагням зэрэг олон хүмүүсийн сонирхолтой яриаг оруулж өгчээ.

“Монгол цус” баримтат киног хийхийн тулд 2-3 жилийн хугацаанд Түвд, Буриад, Тува, ӨМӨЗО, Монголын баруун аймгуудаар явж, судалгаа хийх, түүхийн баримт судрыг дэлгэх, эрдэмтэн судлаачид, нутгийн ард иргэдтэй уулзах олон ажил хийжээ. Үүний дүнд Монгол гарж буюу Монгол банхар нохой нь Төв азийн цээжинд тархсан, нохойн хамгийн эртний үүлдэр гэдгийг нотолж чадсан байна.

Дэлхий дээр 500 орчим үүлдрийн ноход байдаг бөгөөд эртнийд тооцогдох ноход чононоос 40 мянган жилийн өмнө салаалж, өнөөгийн төрхөө олж эхэлсэн байдаг гэнэ. Харин гарж нохой нь чононоос 58 мянган жилийн өмнө салаалж үүссэн байдаг аж.