Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадамд түрүүлж явсан генсек
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2013.11.25

Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадамд түрүүлж явсан генсек

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд энэ долоо хоногт олон нийтэд мэдээлэл хийсэн билээ.

Тэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцруулахыг шаардаж, суулт зарласан гэсэн, өнгөрөгч долоо хоногийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол шуугианы нэг нь уг үйл явдал байсан юм. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүдээс банга хүртсэн Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг “Өдрийн зочин” буландаа урьсан юм.

Түүний аав Мятавын Цагаан Говь-Алтай аймгийн Дарви сумын хүн. Монголын радиод сурвалжлагчаас дарга болтлоо дэвшиж байсан сэтгүүлч, “Малчин”, “Таван эрдэнэ”, “Шинэ эрин”, “Нүүдэлчдийн дуу хоолой”, “Хөдөөгийн бизнес мэдээ” зэрэг нэвтрүүлгийг санаачлан бүтээж байсан хүмүүсийн нэг юм байна. Харин Ц.Оюундарь дөрвөн хүүхэдтэй айлын ганц охин. Тэрбээр доороо гурван эрэгтэй дүүтэй. М.Цагаан гуай хүүхдүүдийнхээ талаар

“Гурван мөрт найраг мэт

Гурван хөөрхөн хүү минь

Гарчиг нь мэт

Ганц сайхан охин минь” хэмээн шүлэг бичиж байжээ.

Нэрт сэтгүүлч М.Цагаан гуайн гарчиг мэт ганц сайхан охин Ц.Оюундарийн хүүхэд нас бусдын адил өнгөрсөн хэмээн өөрөө дурсаж байв. Тэрбээр бага ангид байхаасаа яруу найраг сонирхож, шүлэг бичиж, ном зохиол шимтэн уншдаг байсан гэнэ. Түүнийг яруу найраг сонирхож шүлэг бичдэг болсныг аав нь огт мэддэггүй байжээ. Ааваасаа шүлэг бичдэгээ “тас” нуудаг байж.

Хоёрдугаар курсийн оюутан байхдаа найзынхаа дотуур байранд сууж байтал яруу найрагч Болд-Эрдэнэ гаднаас орж ирээд, Монголд анх удаа хайрын шүлгийн “Цагаан-Уул" наадам болох гэж байгаа тухай ярьжээ. Тэр өрөөнд байсан шүлэг бичдэг залуус хайрын шүлгийн наадамд оролцохоор болж. Ц.Оюундарь ч шүлгийнхээ дэвтрийг аваад явсан байна. Ингэж хайрын шүлгийн анхны наадамд оролцож, тэргүүн байр эзлэн, мянган төгрөгөөр шагнуулж байжээ. Ингэж түүний аав охиноо шүлэг бичдэг гэдгийг мэдсэн байна.

Ц.Оюундарь Төр, Нийгэм судлалын академид Улс төр судлаач-Эдийн засагч мэргэжлээр элсэн 1993 онд төгссөн ч аавынхаа мэргэжлийг өвлөж, сэтгүүлч болсон нэгэн. Сургуулиа төгсөөд одоогийн МҮОНТ-д сурвалжлагчаар орж, ажиллажээ. Аавынхаа нэгэн адил сурвалжлагчаар ирж байсан охин тун удалгүй Монголын хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа телевизийн салбарт улс оронд болж өнгөрсөн үйл явдлын тойм нэвтрүүлгийг анх санаачлан үзэгчдэд хүргэсэн чадварлаг сэтгүүлч болж чаджээ.

Түүний Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар 180 минутын “Зууны луйвар” гэх зургаан цуврал нэвтрүүлэг олонд хүрч, багагүй нэр хүнд авчирсан гэгддэг. Ц.Оюундарь хатагтайн дуулиант “Зууны луйвар” нэвтрүүлэг, “Хэцүү анги”, “Тусгай салаа” олон ангит кино, “XX зуун-100 жил” ТВ төсөл, “Энэ өдөр Монголын түүхнээ” зэрэг олон нэвтрүүлэг үзэгчдийн таашаалд нийцэж, сэтгэлд нь хоногшин үлдсэн байдаг.

Тэрбээр 1998 онд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болоход хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж эхэлсэн бөгөөд 2001 онд АНУ-ыг зорьсон байдаг. АНУ-д хэл сурахаар явсан тэрбээр тэндээ суурьшин долоон жил гаруй хугацаанд амьдарсан аж. АНУ-д очсон эхний жилүүдэд хэл сурахын хажуугаар амьдралынхаа хэрэгцээний мөнгийг олохын тулд хар бор ажил гололгүй хийж байснаа нуусангүй.

Түүнийг АНУ-д байхад нь “Сайн дурын монтажчин, эвлүүлэгч зэргийг хийх хүн байна уу” гэх зар байнга явдаг байсан гэнэ. Хэлний хувьд нэлээд бололцооны болсон учир тэр үеэс мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Эхэндээ цалингүй ажилладаг байсан ч шаргуу хөдөлмөр нь “СВS” гэх үндэсний агентлагт ассент найруулагч болтол нь дэвшүүлж чаджээ. Улмаар 2006- 2008 онд АНУ-ын Берклей хот дахь Калифорнийн их сургуулийн Сэтгүүл зүйн дээд сургуулийг дүүргэж, “Сэтгүүл зүйн мастер”-ийн зэргийг телевиз продакшн чиглэлээр суралцан хамгаалсан байна.

Ингээд 2008 онд эх орондоо эргэн ирж, МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж буй дайчин эмэгтэй юм. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралаас цухас дурдахад ийм байна. “Өдрийн зочин”-ы маань хобби ном унших, дэлхийн шилдэг шүлгүүдийг орчуулах, судалгааны бүтээлүүд унших гэнэ. 1997 онд Ардчилсан намд элсэн орж байсан тэрбээр 2012 оноос эхлэн улс төрд эргэлт буцалтгүй орсон гэнэ.

Түүний улс төр болоод хувийн амьдрал нь өдгөө “цэцэглэн” байна гэж хэлж болохоор. Том хүү нь АНУ-д дэлхийн арван шилдэг сургуулийн наймдугаарт эрэмбэлэгддэг Калифорн сургуульд Био генетикийн чиглэлээр суралцаж байна. Харин бага хүү нь Монголдоо сурч байгаа юм байна. Хоёр хүүгийнхээ аавыг бурхан болсноос хойш олон жил ганцаараа явсан тэрбээр саяхнаас хувийн амьдралдаа анхаарал хандуулсан гэдэг. Тэрбээр өнгөрсөн хавар “Twitter” хуудаснаа “Удаан хугацааны хамтын амьдралаа “албажуулъя” гэсэн хайртай хүнийхээ саналыг хүлээж авлаа” хэмээн гартаа зүүсэн сүйн бөгжөө цахим ертөнцөд дэлгэж, гэр бүлтэй болсноо зарлаж байв. Гэр бүлийн хүн нь хувийн бизнес эрхэлдэг аж.

Сэтгүүл зүйн салбараас улс төрд хүч түрэн орж ирсэн Ц.Оюундарь “Хэвлэл мэдээллийн салбарт цоо шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна” хэмээн ярьсан юм.