Зөв бодлоготон
УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Яамны Сайд М.Сономпил
2013.11.14

Зөв бодлоготон

Манай улсад сүүлийн дөч, тавин жил Өмнөговь аймгийн Даланзадгадын дулааны цахилгаан станцыг эс тооцвол эрчим хүчний нэг ч бүтээн байгуулалт хийсэнгүй.

Харин энэ жил эрчим хүчний салбарт ойрын хэдэн жил байгаагүй томоохон бүтээн байгуулалтыг өрнүүллээ. Амгалангийн дулааны станцын шавийг тавьж ирэх онд ашиглалтад оруулахаар болов. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд, дөрөв таван Засгийн газар дамжиж байгаа Тавдугаар цахилгаан станцын газрын асуудлыг шийдвэрлэж барилгын ажлыг эхлүүлэв.

Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлж амжив. Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байсан зарим сумдыг тог цахилгаантай болгож иргэдийнх нь магнайг тэнийлгэсэн. Энэ салбарт ганцхан жилийн хугацаанд хийсэн ажлуудыг энэ мэтчилэн дурдвал нэлээд урт жагсаалт гарч таарах нь.

"Эрчим хүчний салбарт нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Би ажлаа үүнээс эхэлнэ”

Эрчим хүчний салбарынхан ийнхүү ойрын үед байгаагүй их ажлын ард гарч чадлаа. Мэдээж хэрэг энэ үр дүн салбарын сайдтай холбоотой. Эрчим хүчний сайд М.Сономпил энэ ажлыг авахдаа “Эрчим хүчний салбарт нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Би ажлаа үүнээс эхэлнэ” хэмээн ярьж байсан юм.

Үнэхээр тэрбээр энэ салбарт нэн тэргүүнд үгүйлэгдэж байсан том зургийг гаргаж, хэрэгжүүлж чадсан нь ийм үр дүнд хүргэлээ гэж салбарын экспертүүд үзэж байгаа. Сүүлийн хэдэн жил эцэг эхгүй өнчин хүүхэд мэт явж ирсэн энэ салбарыг эзэнтэй болгож сэтгэл зүтгэл гарган ажилласнаар хөлдөхөд хүрээд байсан нийслэлийг энэ аюулаас аварч чадлаа. Ирэх онд Амгалангийн дулааны станцыг ашиглалтад оруулчихвал хот хөлдөх аюулаас нэг мөсөн ангижирна. М.Сономпил сайд хэдийгээр эрчим хүчний мэргэжилтэн биш боловч бодлогоо зөв тодорхойлсноо хийж буй ажлаараа харуулж явна.