Дээд боловсролтой ажилгүйчүүд ихэсчээ
Ажилгүйдэл гэх аалзны тор нийгмийг хэрж, дарга нарын сонгуулийн амлалтууд газар унаж, эдийн засаг хямралтай байгаа энэ үед иргэдийн амьдрал хүндэрсээр байна. Ийм байхад Засгийн Газрын үйл ажиллагаа ядмаг хэвээр байвал ажилгүйдэл өссөөр байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Монголын ажилгүйчүүдийн тоо өмнөх жилийн мөн үеэс 2,.6 мянгаар буюу 6,3 хувиар өссөн гэсэн статистикийн судалгаа байна. Судалгаагаар улсын хэмжээнд 89,5 мянган ажилгүй иргэн төрийн бодлого хүлээн гэрийн мухар сахиж байгаагийн 42,7 мянга нь эрэгтэйчүүд, 57 мянга нь эмэгтэйчүүд байна. Ажилгүйчүүдийн тэргүүн эгнээнд хөдөлмөрийн насны залуучууд явж байгаа нь харамсалтай юм.
Үндэсний Статистикийн Хорооны Газрын дарга Д.Оюунчимэг:
Ажилгүй иргэдийг насаар нь аваад үзвэл 63 орчим хувь нь 15-34 насны залуучууд байна. Харин 47 хувь эмэгтэй. Боловсролын түвшнээр нь аваад үзвэл 42 хувь бүрэн дунд боловсролтой, 20 орчим хувь нь дээд боловсролтой хүмүүс байна.
Дээд боловсролтой ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байна. Дипломтой залуус дарга сэтгэлгээтэйн дээр, хүний дор ажиллах дургүй байдаг гэж ажил олгогчид үздэг. Харин ажилгүйчүүд шалгуур өндөртэй хувийн хэвшил, танил тал хардаг төрийн байгууллагуудаас болж бид ажилгүй байна гэж гомдоллодог. Эцсийн дүнд улс төржсөн монгол оронд сонгуулийн амлалт, төрийн бодлого ажилгүй иргэдээ онохгүй байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна.
Эдийн засагч Д.Хосбаяр:
Ирэх онд ажилгүйдэлд зориулж дөнгөж 12 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ талын ажил урагшлахгүй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл төрийн буруу бодлогоос болж гадаад худалдаанд алдагдал гарч, ажилгүйдэл ихэсч, эцэстээ эдийн засгийг хямралд хүргэж байна. Төгрөгийн ханш унасан нь нийгмийн амьжиргаанд шууд нөлөөллөө.
Иргэд нь төрдөө гомдоллодог, харин төр нь хөдөлмөрийн зах зээлээ ажилгүйчүүдээр дүүргэж байгаадаа огтхон ч эмзэглэдэггүй. Ажилгүйдлийн эсрэг шийдвэртэй арга хэмжээг хэзээ авахыг Шинэчлэлийн Засгийн Газраас асууж байгаа ч ажилгүйдэл хүрээгээ тэлсээр байна. Эрх баригчдын сонгуулийн амлалт хэрэгжих цаг нь хэдийнэ болсныг энд сануулъя.