Я.Санжмятав: Бид иргэдээсээ ямар хэмжээний үнэлгээтэй яваагаа ойлгож байгаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.12.23

Я.Санжмятав: Бид иргэдээсээ ямар хэмжээний үнэлгээтэй яваагаа ойлгож байгаа

УИХ-ын чуулганы хуралдаанд  Ерөнхий  сайд  Н.Алтанхуяг  2013 оны  хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүний илтгэснээр энэ онд 51 мянган хүнийг ажлын байраар хангажээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 150 мянган хүнийг шинээр ажлын байртай болгох зорилттой юм байна. Энэ жилийн дээрх үзүүлэлтээс харахад зорилтоо  хэрэгжүүлэх боломжтой гэж тэр хэллээ. “Ажилтай, орлоготой Монгол хүн” хэмээх Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бараг бүхэлдээ өнөөгийн Засгийн газрын хөтөлбөрт тусгагджээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 263,8 тэрбум төгрөгийн санхүүүжилт хийсэн нь хөтөлбөрийн хэрэгжилтэд сайнаар нөлөөлсөн гэж үзэж буй аж. Оюутнууд ч зуны цагт үйлдвэрлэл дээр ажиллаж эхэлсэн байна. Ирэх зун амралтаараа хөдөлмөр эрхлэх оюутнуудын тоог өсгөнө гэнэ. Нийтдээ 10 орчим мянган залуус хөдөлмөр эрхлэх боломжтой болох ажээ.

Түүний мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлж Н.Номтойбаяр илтгэхдээ харин Ерөнхий сайдын 51 мянган хүн ажилтай болсныг иргэдийн санал асуулгын дүнгээр үгүйсгэж, дөнгөж 20 гаруй мянган хүн л ажлын байраар хангадсан гэж байлаа. Эдгээртэй холбогдуулан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас зарим зүйлийг тодруулсан юм.

- Н.Номтойбаяр гишүүн Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүн муутай боллоо гэж байна. Үүнийг та хэрхэн хүлээж авав? 

Шинэ бүтээн байгуулалтын олон ажлууд дээр залуучууд очиж байна.

Бид хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хувийн хэвшил, ажил олгогчидтой нэлээд нягт хамтарч байгаа. Үндсэндээ найман хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулан үйлчилдэг боллоо. Сургалтуудыг ч өргөжүүллээ. Шинэ бүтээн байгуулалтын олон ажлууд дээр залуучууд очиж байна. Зөвхөн 43 хүртэлх насны 450 гаруй ямнган хүн шинээр мэргэжил эзэмшлээ.

Ажилтай болсон иргэдийн ихэнх нь өөрийн орлогоо нэмэгдүүлэх чиглэлд буюу хувийн хэвшилд очиж байна. Сөрөг хүчин бол мэдээж шүүмжлэлтэй хандах нь зүйн хэрэг. УИХ дээр бидэнд 17 төрлийн санал тавилаа. Үүнийг нь хүлээж авах ёстой. Болж байгаа зүйлээ бид бодитоор нь ярина. Болохгүй зүйлд маань тэдний үг ташуур болоод явна шүү дээ. Санаж бодсоноос өөр зүйл тэд  ярьж болно. Тэр бүгдийг анхаарч үзэх хэрэгтэй байх.

Бидэнд өгсөн дүгнэлт яах вэ, тэр хэмжээний дүгнэлт өгөлгүй л яахав. Бид иргэдээсээ бас ямар хэмжээний үнэлгээтэй яваагаа  ойлгож байгаа.  Оны төгсгөл дээр бид ажлаа их хуралдаа тайлагнаад авна гэдэг бол сайн хэрэг.

Ирэх онд цалин тэтгэвэр яаж нэмэгдэхээр байгаа вэ?

Жижиг дунд үйлдвэрлэлд 500 тэрбум төгрөг  оруулна  гэдэг бол том асуудал юм шүү. Бид 40 наснаас дээшх насныханд зориулсан хөтөлбөр гаргана. Засгийн газраас бас нэг шинэ ажил хийнэ. Энэ нь юув гэвэл, 1,5 тэрбумаас доош орлоготой компаниудын татварыг оны эцэст 90 хувийг нь буцааж олгодог болно. Мөн үнэ тогтворуулах бодлогын дагуу нэлээд ажлууд хийгдэнэ. Иргэдийн төлөөллийн байгууллагын хяналтыг бэхжүүлнэ. Цалин тэтгэвэр мэдээж яригдана.

Цалин нэмэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг байлаа. Тэгвэл бид энэ асуудлыг гийдэхдээ салбарынх нь онцлогийг харгалзана. Төлөөллийн байгууллагынх нь саналыг үндэслэж шийднэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 хувиар нэмэгдүүллээ. Энэ бол үр дүнтэй зүйл боллоо. Одоо цалингийн доод хэмжээ 192 мянга болоод байгаа шүү дээ. Ингэсэн нь ажиллаж байгаа хүндээ ч хэрэгтэй зүйл болсон байх.