Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил олгогчид мөнгөн торгууль ноогдуулна
Ажил олгогчид гэрээгүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн хөлсийг өгдөггүй тогтолцоо манай улсад үйлчлэх болжээ. Тиймээс энэ тохиолдолд иргэд хаана хандаж ямар зохицуулалт хийх ёстойг тодрууллаа.
Сургуулиа төгссөн залууст ажлын байр төдийлөн олддоггүйгээс болж мэргэжилээрэй бус цагийн ажил хийх нь олширсон. Гэвч залуусын хөдөлмөрийг үнэлэлгүй ажиллуулах сонирхолтой албан байгууллага, тэр дундаа барилгын компаниуд өнөөдөр ямар ч хариуцлага хүлээхгүй үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.
Өөрөөр хэлбэл ямар ч хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр ажил хийлгэснийхээ дараа муу ажилласан гэх шалтгаанаар хөдөлмөрийн хөлсийг өгдөггүй гэсэн үг. Энэ оны 9-р сарны 1-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгт хүрсэн. Гэвч хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр үүнээс бага тооцон ажил хөдөлмөр эрхлүүлж байгаа хуулиас гадуурх үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл байсаар байна.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд нэг өдөр байна уу, сар ажилласан уу хамаагүй хөдөлмөрийн харилцаанд орсон өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээгүй ажиллуулснаас болж гарах хохирлыг тухайн ажилтан үүрэхгүй, харин хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулж байсан ажил олгогч энэ хариуцлагыг 100 хувь үүрэх ёстой.
Хөдөлмөрийн гэрээ байгуулах энэ асуудал бол хоёр талын харилцаа байдаг. Ажилтан хүн хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо гэрээ байгуулж, эрхээ хамгаалах бололцоо нээгдэнэ гэдэг эрх зүйн чадамж мэдлэгийг сайжруулах ёстой. Яг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан ажил олгогчийг захиргааны мөнгөн торгуулийн хариуцлага тогтолцоо одоо мөрдөж байгаа хөдөлмөрийн хуульд бий.
Хэрэв таны ажилд орох гэж байгаа аж ахуй нэгж, компани хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр ажлаа эхлүүлэхийг шаардвал хууль бус үйл ажиллагаа өрнөж байгааг анхаарах хэрэгтэй. мөн өөрийн эрх ашгийн үүднээс заавал албан бичиг, гарын үсэг гэрээний дагуу ажлаа эхлүүлэх нь зөв шийдэл юм.