Я.Санжмжав: Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн тулд 954 компанитай хамтарч ажиллалаа
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.12.26

Я.Санжмжав: Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн тулд 954 компанитай хамтарч ажиллалаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.

-Он солигдох мөч ойртлоо. Байгууллага бүр бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлж дүгнэж байна. УИХ, Засгийн газар ч ялгаагүй. Тэгэхээр 2013 онд хөдөлмөрийн салбарт ямар ахиц дэвшил гарав, ямар ажлуудыг амжуулав?

Хэдийгээр АН олонх болоогүй ч олон суудал авч “Шударга ёс” эвсэлтэй хамтарч хоёр намын мөрийн хөтөлбөрт туссан асуудлуудаас сорчлон шинэчлэлийн Засгийн газар байгуулан үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон юм. Үүний нэг нь “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулах зорилт байлаа. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлж 2016 он хүртэл 150 мянган байнгын ажлын байрыг шинээр бий болгоно гэсэн зорилгыг өвөрлөсөн. Үүнийг хийхийн тулд эхний ээлжинд үндсэн гурван асуудлыг шийдэх шаардлагатай болж байгаа юм.

Ажлын байр хүлээгддэг ч чадвартай мэргэжилтэн ховор, ажлын байранд тэнцэхгүй гэсэн асуудал үүсдэг учраас хүмүүсийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлээр ажилласан. Тиймээс МСҮТ-ийг Хөдөлмөрийн яам дэргэдээ авч олон төрлийн сургалтыг явуулж байгаа. Ингэж 9, 11 дүгээр анги төгссөн хүүхдүүдээс гадна “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд 24-өөс дээш насны иргэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулж байна.

45 хоногоос сарын хугацаатай сургалтыг мөн явуулж байна. Ер нь юм хийе, ажиллая гэсэн хүн бүрт энэ Засгийн газар боломжуудыг нь нээж өгч байгаа юм. Тэр боломжийг иргэд өөрсдөө ашиглах хэрэгтэй. Дараагийн асуудал нь хөдөлмөр зуучлалын үйлчилгээ. Ажилтан хайж байгаа аж ахуйн нэгж, ажил хайж байгаа иргэнийг бүртгэж аван нэг дор буюу хөдөлмөрийн биржид төвлөрүүлснээр хөдөлмөр зуучлалын систем хүндрэлгүй болно гэж үзсэн.

Гурав дахь асуудал нь санхүүгийн дэмжлэг өгөх. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг 150 сая төгрөгт хүргэнэ гэсэн. Үүнийгээ биелүүлсэн. Хуучин нэг суманд 20 гаруй сая төгрөг өгдөг байсныг бид яаралтай 150 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Ингээд хамгийн цөөн хүн амтай сум гэхэд 150 сая, аймгийн төвийн сум 800 сая төгрөгийг Сум хөгжүүлэх сандаа хуримтлуулах зэргээр ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд хийх ажлаа нэг жилд амжууллаа. Гэхдээ хараа хяналтаа сулруулж болохгүй. Мөнгөө сайн зарцуулсан сум байхад ах дүүсээрээ хувааж авсан цөөн хэдэн сум ч байгаа.

-Хөдөлмөр эрхлэлтийн зах зээлд олгож байгаа дэмжлэг Сум хөгжүүлэх сангаар зогсохгүй. Бас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж бий. Хамгийн их хэл аманд өртдөг хөтөлбөр бол энэхүү жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр шиг санагддаг юм?

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эх үүсвэрийг нь 500 тэрбум төгрөг болгох зорилт тавьсан.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр эх үүсвэрийг нь 500 тэрбум төгрөг болгох зорилт тавьсан. Одоогийн байдлаар 263 тэрбум төгрөг нь дутуу байна. Засгийн газар эхний ээлжинд зам руу, барилга руу санхүүжилт түлхүү өгье гэсэн учраас ийм байгаа. Энэ нь ч оносон шийдэл гэж дүгнэгдэж байна. Нэг жилийн хугацаанд 20 мянган айл орон сууцанд орж 1800 км зам тавигдсан нь үүний үр дүн.

Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн хөрөнгө хуваарилалтыг шилэн болгосноор хүн бүр хэн, хэдэн төгрөг авсныг мэдэх боломжтой болсон. Өмнөх засаглалын үед хэл ам ихтэй байсан байх. Одоо тиймгүй болсон. Ил тод болгосныг АТГ-аас сайшааж өргөмжлөл шагналаа өгсөн байна лээ.

Шагнал бол нэг төрлийн урамшуулал нөгөө талын хариуцлага. Улам илүү ил тод нээлттэй болгох, иргэн бүрт хүргэх ажил цааш үргэлжилнэ. Заавал хэл ам, хардлага сэрдлэг дагуулаад байхаар ажил биш байхгүй юу. Бүх зүйл нь нээлттэй, ил тод болоод ирэхээр хэн юу хэлэх вэ дээ.

-Ажлын байрыг нэмэгдүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө гаргаж цөөнгүй хүнийг мэргэшүүлжээ. Эцсийн дүнд хэдэн ажлын байр бий болгов. МАН-ын бүлэг танай салбарт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа?

--Дээр хэлсэн дээ. 2016 он хүртэл 150 мянган ажлын байр бий болгоно гэж. Үүнээс 2013 онд 49300 ажлын байрыг нь бий болгоё гэж үзсэн. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн чиглэлээр 3950 хүнийг ажилтай болгож, Сум хөгжүүлэх сангаас дөрвөн мянган хүнийг, бусад төсөл хөтөлбөрөөр 7100 хүнийг, шинэ бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын чиглэлээр 34200 хүнийг ажлын байраар хангах тооцоотой байсан.

Зорилт маань хэрхэн хэрэгжсэн бэ гэвэл 51900 хүн өнөөдөр шинээр байнгын ажлын байртай болчихсон байна. Тиймээс өнөө жилийн төлөвлөгөө үндсэндээ биелсэн. МАН-ын хувьд сөрөг хүчин шүү дээ. Болохгүй бүтэхгүй гэж ярьдаг нь сөрөг хүчний араншин. Бид сөрөг хүчин олон жил байсан хүмүүс мэдэлгүй яахав. Гэхдээ санаа авах зүйлийг тэд хэлж зөвлөж байна лээ. Түүнийг ажилдаа тусгаж авалгүй яахав. Хамгийн гол нь ажлын үр дүнг ард түмэн заавал мэдэрсэн байдаг. Түүгээр л бүх ажил хэмжигдэнэ.

-Хөдөлмөр эрхлэлтийн харьцуулсан судалгаа байна уу?

-Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн түвшинг тодорхойлохын тулд эдийн засгийн идэвхтэй хүн амын судалгааг хийх ёстой. Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа хүн, ажиллах бололцоотой хэрнээ ажилгүй хүний харьцуулсан судалгаа хийгдсэн. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн идэвхтэй хүн нэг сая нэг зуун 86.5 мянга буюу нийт хүн амын 62 хувийг эзэлж байгаа бол хөдөлмөрийн насны хүмүүсийн 93 хувь болно.

Харин ажилгүйдлийн түвшинг харьцуулж үзэхэд 89.5 мянган хүн гэртээ сууж байгаа юм. Энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт хүн амын долоон хувь болж байна. Харин нөгөө талд нь эдийн засгийн идэвхгүй хүн ам гэсэн нэг бүлэг бий. Энэ бүлэгт 718.5 мянган хүн буюу 38 хувь нь хамрагдчихдаг. Учир нь энд 200 орчим мянган оюутан багтаж ирэх жил гэхэд тодорхой хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжчих гээд байна. Тиймээс энэ балансыг зөв барьж одооноос хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

-Яамнаас бодлого гаргаж хөдөлмөрт бэлтгэнэ гэдэг яг юу гэсэн үг вэ. Их сургууль, МСҮТ нь бэлтгээд байгаа юм биш үү?

Энэ хүмүүсийг бид хөдөлмөрт сургах ёстой.

-Энэ хүмүүсийг бид хөдөлмөрт сургах ёстой. Энэ нь сургууль соёлоос огт өөр ойлголт болоод явчихаж байгаа юм. Жишээ нь өнгөрсөн зун 1800 орчим төгсөх ангийн оюутныг ажиллуулж, амьдрал таниулж, гарт нь цэврүү үсэргэж, оюутны отряд байгуулан ажиллуулсан. Ирэх жил арван мянган оюутныг ингэж хөдөлмөрт сургахаар болсон. Тиймээс төр 200 мянган төгрөгийн урамшуулал олгож хувийн хэвшил нь цалингаа олгодог байх зарчмыг баримталж байна.

Үүний цаашдын том зорилт нь шаардлага хангадаггүй олон их сургуулиудыг цөөлөх хэрэгтэй байгаа юм. Баахан мөнгө төлж нэг диплом аваад төгссөн хойноо лангуун дээр ч юм уу, зах дээр гардаг урсгалыг нь зогсоох зорилготой. Иймд мэргэжлийн боловсролыг чадамжид суурилсан сургалт руу оруулж өгч байна. Их дээд сургууль руу хошуурч байгаа нэг хэсэг хүмүүсийн шалтгаан нь сар бүр олгодог 70 мянган төгрөгийг авах гэснийх.

Тэгвэл хоёр жил сураад хөдөлмөрчдийн эгнээнд шилжиж байгаа МСҮТ-ийн сурагчид яагаад 70 мянган төгрөг авч болохгүй гэж. Ингээд МСҮТ-д суралцагсдын.тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэмжийг нь 70 мянган төгрөг болгосон. Эндээс мэргэжилтэй ажилчдын тоо нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ.

-МСҮТ-ийг өөрчилсөн гээд байгаа. Яг ямар өөрчлөлтүүд орсон юм бэ?

-Хуучин сургалтын хөтөлбөрөө сургууль нь боловсруулдаг байсан бол бид үйлдвэрлэл эрхлэгчид, ажил олгогчидтой ярилцаад сургалтын хөтөлбөрийг нь боловсруулдаг болсон. Гагнуурчин, мужааны сургалтыг түлхүү олгооч гэж хүсвэл түүнийг нь сургалтын хөтөлбөрт нь тусгана гэсэн үг. Мөн ажлын байрны ажлын чадамжийг нь үнэлдэг байсан. Хуучин онолын сургалтыг 70 хувь зааж дүн, тест, шалгалтаар үнэлдэг байсан бол өнөөдөр 70 хувь нь дадлага, дадлага дотроо 40 хувь нь ажлын байранд дадлагаждаг болсноороо илүү үр дүн гарч байна.

Мөн 24-өөс дээш насны хүмүүсийг бид бэлтгэж байгаа. Өмнө нь 3300 хүн бэлтгэж Оюу толгой мөнгийг нь өгдөг байсан. Харин ирэх оноос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 13.8 тэрбум төгрөг гаргаж мэргэжилгүй ажил олохыг хүссэн хүмүүсийг аж ахуйн нэгжийн захиалгаар Хөдөлмөрийн биржтэй дөрвөлсөн гэрээ хийн сургалтад хамруулж байна. Ингэж аж ахуйн нэгжтэй нь гэрээ байгуулаад цалинг нь төрөөс өгөөд эхлэхээр суралцагсдын 80 гаруй хувь нь ажлын байранд орсон өсөлттэй байна. МСҮТ-д 23 мянган хүүхэд сургаж гаргасан.

Тэдний 57 хувь нь ажлын байртай болж 16 хувь нь дээд сургууль руу дамжин орж байгаа. Бид дамжин орох үзэгдлийг бага байвал зүгээр гэж үздэг. Учир нь МСҮТ-д тэтгэлэг аваад их сургуульд ороод бас баахан тэтгэлэг авах үзэгдэл бий болчих гээд байна. Тиймээс МСҮТ төгсөөд ажлын байран дээр гарч байвал зохистой. Хамгийн гол нь суралцаг- сад би хөдөлмөр эрхлэх ёстой гэсэн эрмэлзэлтэй байх ёстой.

Үндэсний мэргэжилтэн бэлтгэх ажлын хүрээнд 954 компанитай бид хамтарч ажилласан нь бас л дэвшилттэй үзүүлэлт. Эдгээр компаниудын нэг нь л гэхэд 70 хүүхдийг ажилтнаараа авсан байх жишээтэй. Тэгэхээр хүмүүс цалин хэд вэ гэж орж ирдэг бус ажил хийе гэсэн итгэл үнэмшилтэй болсон байх хэрэгтэй.

-Тэгвэл тэтгэврийн насны хүмүүс, улс орны эдийн засгийн шаардлагаар эрт тэтгэвэрт гарсан хүмүүст ямар боломж олгох вэ?

80 орчим мянган эхийг ажилд татан оролцуулахын тулд цэцэрлэгийн асуудлыг нь шийдэж өгөх болно.

- Нийт 198,9 мянган хүн байдаг юм. Бидний зүгээс гаргах бодлого гэвэл хөдөлмөрийн насжилтыг нь уртасгах, чадвартай, туршлагатай ажил эрхэлж байсан хүмүүсээр зөвлөх ажил хийлгэх асуудлыг анхаарч өнгөрсөн жилээс эхлэлийг нь тавьсан. Жишээлбэл, сургууль дээр өөр албан байгууллага дээр зөвлөгөө өгөх юм бол купоноор хоёр удаагийн үйлчилгээг арван мянган төгрөг гэх мэтээр үнэлгээжүүлнэ. Энэ бол их мөнгө биш ч хүмүүсийн оролцоо, идэвхийг сайжруулах бага ч гэсэн санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэж өгөх алхам юм.

Мөн хүүхдээ асарч байгаа эхчүүд гэж бий. 80 орчим мянган эхийг ажилд татан оролцуулахын тулд цэцэрлэгийн асуудлыг нь шийдэж өгөх болно. Гэр цэцэрлэг гэж нэг хэсэг ярьсан даа. Уг хөтөлбөрийг хуульчилж хэрэгжүүлснээр нэг хэсэг нь гэр цэцэрлэг ажиллуулж нөгөө хэсэг нь нийгмийн идэвхтэй хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ. Өргөс авсан юм шиг сайн үр дүн шууд гарахгүй.

Гэхдээ идэвхтэй хэсгийг ажлаа хийх боломжтой болгож идэвхгүй хэсгийг ажилд татан оролцуулах боломж нээгдэнэ. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай асуудал байна. 25 хүнтэй байгууллага тутам хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн авах заалтыг хэрэгжүүлэхийн тулд 2014 оноос төрийн байгууллагуудаа шахна. Энэ жишгээ бий болгочихоод хувийн хэвшил рүү хандана.

-Хоригдож буй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт боломж хязгаарлагдмал байдаг. Хэдий хоригдож байгаа ч хөдөлмөр эрхэлбэл жилээс нь хасагдах гэх мэтээр сайн талтай. Адаглаад л тодорхой хэмжээний хуримтлал үүсч нийгэмд гарахад нь хэрэг болох жишээтэй?

-Хориход байгаа цаг хугацаагаа зүгээр сууж, буруу зүйлд суралцаж өнгөрөөх ёсгүй гэж бид үзэж байгаа. Тиймээс хорих ангиудын дэргэд МСҮТ байгуулсан. Хэдийгээр эрх нь хязгаарлагдсан иргэн хашаанаасаа гараад явахгүй ч гэсэн тухайн орчиндоо тоосго цохиж, блок хийж, мужааны цех ажиллуулах нь иргэнд ч улс оронд ч хэрэгтэй.

-Манай улс суурин ба нүүдлийн хосолмол уламжлал, соёлтой. Тэгэхээр зөвхөн суурин газарт амьдардаг иргэдийн хөдөлмөр эрхлэлт гэлгүй малчдын хөдөлмөрийн асуудлыг ч хөндөх ёстой байх?

-Хөндөх асуудлын нэг. Малчин хүн ноос, ноолуураа, арьс ширээ улсдаа тушаагаад урамшуулал авч байгаа. Урамшууллын хүрээнд малчдыг данстай, тамгатай болгож байгаа. Нэгэн цагт малчин хүнийг ажилгүй хүн гэдэг байсан бол одоо үйлдвэрлэгч гэдгийг анхаарч байна. Тэр дундаа стратегийн ач холбогдолтой, нийт хүн амаа тэжээдэг үйлдвэрлэгчид болсон шүү дээ. Тиймээс үйлчилгээнээс нь 500 төгрөг хураан авч даатгалд хамруулж тэтгэвэрт гарахад нь дэм болох ажлыг санаачилсан. Үүнээс уламжлаад малчдын хоршооны ажлыг эхлүүлсэн.

-Гадаадад ажиллах хүчин илгээх, гадаадаас ажиллах хүчин авах бодлогын тухайд?

-Гадаад орнууд руу ажиллах хүчин илгээх ажлыг өнгөрсөн жилүүдэд, өнгөрсөн хугацаанд хийж байсан. Энэ нь дотоодын ажиллах боломж, цалин муу байсантай холбоотой. Харин одоо гаднаас олдог 1.5 сая төгрөгийг сайн ажиллаж чадвал дотоодоосоо гурван сая болгож авч болж байгаа учраас өмнөх тэмүүлэл нь өөрчлөгдсөн.

Эрдэнэс Таван толгойн Я.Батсуурь захирал хүнд даацын автомашины жолоочийн ажлыг 1.5 сая төгрөгийн цалинтайгаар хийлгэх зар тавиад байхад ажиллах хүн олдохгүй байна гэж мэдэгдсэн. Энэ нь дотоодын боломж өссөнийг илтгэж байгаа. 2012 оны мөн үед 29 мянган хүнийг гадаадаас ажиллах хүчин болгож авдаг байсан бол өнөө жил 25 мянга болгож буулгаж чадсан.

Харин 2012 онд 2265 хүн Солонгос улсыг зорьж байсан бол өнөө жил 1900 болсон байх жишээтэй. Хуучин наадмын талбайн гадна Солонгос явах гэсэн хүмүүс дүүрэн, хонож өнжөөд дугаарладаг байсан шүү дээ. Харин бид тэнд дугаарлах биш Хөдөлмөрийн бирж дээр очооч гэж байгаа. Хүний нутагт хагас жаргаснаас өөрийн нутагт бүтэн жаргаач ээ л гэж хэлмээр байна.

-Цахим үйлчилгээг нэвтрүүлсэн тухай яригдаж байсан. Ажил хайгч иргэнд цахим машин бүрэн үйлчилж, мэдээлэл өгч чадах уу?

-Төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор цахим биржийн үйлчилгээг байгуулж аймаг, сумдад хүргэж чадсан. Одоо зургаан дүүргийн 124 хороо, 142 сумын төв дээр цахим машин байгаа. Ямар ажил хүсч байна түүнийгээ хайх бүрэн боломжтой. Дөрөвдүгээр сараас хойш ажиллахад 229 мянган хүн энэ машинаар үйлчлүүлсэн байх жишээтэй. Ирэх жилээс цагийн ажлын бүртгэлийг цахим машинд хийж өгөх болно.

Үүнийг хяналттай байлгахын тулд хар жагсаалт, цагаан жагсаалтыг гаргах хэрэгтэй болж байна. Хар жагсаалтад нь буруу гарын гэгддэг очиж мөнгийг нь авчихаад ажлаа хаяад явчихдаг ажилтнууд, ажил захиалж хийлгэчихээд мөнгөө өгдөггүй компаниудыг бүртгэнэ. Бүртгэлд орсон компани, хувь хүмүүс дахин Хөдөлмөрийн биржид хандах эрхгүй болно.

-Иргэдээ хөдөлмөрлүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх тухай л яриад байна. Тэгвэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг яаж хангаж байгаа юм?

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанаас үүдэн осолд орж байсан тохиолдол  2012 онд 87 байсан бол өнөө жил 51 болж буурлаа. Энэ тоог бүр байхгүй болгох ёстой. Бид цаашдаа энэ чиглэлийн шаардлага, норм, стандартыг барьж ажиллах, аюулгүй ажиллагааг хангах тал руу нь шахна. Хариуцлагыг улам чангатгана. Ер нь 2016 он гэхэд 150 мянга биш 200 мянган ажлын байрыг бий болгож 200 мянган хүнийг ажилтай болгох зорилт тавьсан юм. Хэдийгээр өнгөрөн одож байгаа жил улс орны хувьд эдийн засаг талаасаа сайнгүй байсан ч бид дажгүй давж гарлаа. Ирэх намар гэхэд эдийн засаг сайжирна гэсэн бүрэн итгэлтэй байна.

Манай яамны өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлууд, хийж, хэрэгжүүлэх ажлуудыг товч дурдлаа. Харин ирэх жил Хөдөлмөрийн яам ямар хөтөлбөр дэвшүүлж ажиллах вэ гэдэг чиг баримжаагаа Америкийн судалгааны байгууллага “Рэнд"-ээр хийлгэсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр тулгуурлаж ажиллахыг урьтал болгож байна. Эдийн засаг хүндрэлтэй хэцүү байгаа ч гэсэн ард иргэдийнхээ итгэл, хүлээлт дор зүтгэж ажилласнаа дахин хэлье.

Ажил хийж байхад сайн, муу зүйл адилхан дагадаг. Гэхдээ ихэнх нь сайн сайхан зүйл байлаа. Энэ олон ажлын байрыг бий болгоход хамтран зүтгэсэн Хөдөлмөрийн яам, Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумын удирдлагууд, ялангуяа ажил олгогчдодоо талархаж байгаагаа танай сониноор дамжуулан хэлмээр байна. Ажлыг шилж голж болохгүй, ажил хүнийг голдог гэсэн үг бий. Олон сайхан залуус зөв хүн болж төлөвшиж байгаад баяртай байгаа.

Цөөхөн хэдэн тааруу залуу байгаа бол 2014 онд өөрсдийгөө засч, сайжруулах бололцоо нь байгаа. Ирэх жил 2014 онд импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо хийх, экспортод гаргах брэндийг хамтдаа хийх зорилтон дор хамтран ажиллах болно гэж хэлмээр байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд ирэх ондоо эрүүл энх байж ажил хөдөлмөртэй, ашигтай орлоготой байхыг хүсэн ерөөе.